2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс: Tуйлшралын шинэ эрин үе эхэлжээ

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 22 байр ухарлаа.
2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс: Tуйлшралын шинэ эрин үе эхэлжээ
@ RSF

Дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг үнэлдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн 2022 оны хэвлэн нийтлэлд мэдээ, мэдээллийн эмх замбараагүй байдлын үр нөлөө - худал мэдээлэл, суртал ухуулгыг хөхиүлэн дэмждэг, глобалчлагдсан, зохицуулалтгүй цахим мэдээллийн орон зайн үзүүлэх үр нөлөөг онцолж байна.

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас эрхлэн гаргаж буй 20 дахь удаагийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс мэдээллийн эмх замбараагүй байдлаас үүдэлтэй туйлшрал, өөрөөр хэлбэл, улс орны дотоод талцлыг дэвэргэсэн хэвлэл мэдээллийн туйлшрал болоод олон улсын хэмжээнд улс хоорондын туйлшрал хоёр дахин нэмэгдсэнийг харуулж байна.

Туйлшралын эрин үе

Хэвлэл мэдээллээр “Fox News загвар”-ын дагуу үзэл бодол дамжуулах нь олшрох, нийгмийн хэвлэл мэдээллээр тэтгэгдсэн хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэхийн хэрээр ардчилсан нийгэм доторх талцал даамжирсаар байна. Олон улсын түвшинд нээлттэй нийгэм хийгээд хэвлэл мэдээлэл, цахим платформыг хянахын зэрэгцээ ардчиллын эсрэг суртал ухуулгын дайн өрнүүлж буй дарангуйллын дэглэмийн хооронд тэнцвэр алдагдсаны улмаас ардчиллын хүч суларч байна. Эдгээр хоёр түвшин дэх туйлшрал нь хурцадмал байдлыг дэвэргэнэ.

Туйлшрал ба мөргөлдөөн

2 дугаар сарын сүүлээр Орос улс (155-д) Украин руу (106-д) довтолсон нь дээрх үйл явцыг илтгэн харуулж байгаа юм. Учир нь зэвсэгт мөргөлдөөний өмнө суртал ухуулгын дайн өрнөж байв. Дэлхийн хамгийн дарангуйлагч дэглэмүүдийн нэг болох Хятад улс (175-д) хүн амаа, ялангуяа Индексэд огцом буурсан үзүүлэлттэй Хонконгийн (148-д) хүн амыг дэлхий ертөнцөөс тусгаарлан салгахын тулд хуулиа ашигладаг. Үндсэрхэг үзэлт Нарендра Моди удирдагчтай Энэтхэг (150-д) болон Пакистан (157-д) улсуудын хооронд өрнөж байгаа үйл явдал "Эвсэл" хоорондын зөрчил нэмэгдэж буйг илтгэж байна. Ойрх Дорнодод хэвлэлийн эрх чөлөө дутагдаж буй нь Израил (86-д), Палестин (170-д) болон Арабын орнуудын хоорондох зөрчил, мөргөлдөөнд нөлөөлсөөр байгаа юм.

Ардчилал эрсдэлд орох нь

Хэвлэл мэдээллийн туйлшрал ардчилсан нийгэм дэх нийгмийн дотоод талцлыг тэтгэн бэхжүүлж байгааг илтгэнэ. Үүнийг АНУ (42-т)-д Ерөнхийлөгчөөр Жо Байден сонгогдсоныг үл харгалзан болж буй үйл явдлаас харж болно. Нийгэм, улс төрийн хурцадмал байдал нэмэгдэж байгаад нийгмийн хэвлэл мэдээлэл, шинэ тутам үзэл бодлын мэдээллийн хэрэгсэл (opinion media) ялангуяа Францад (26-д) нөлөөлж байна. Хараат бус хэвлэл мэдээллийг дарангуйлах нь эрх баригчдын зүгээс олон нийтийн өргөн нэвтрүүлэгт тавих хяналтаа чангатгаж, хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг "дахин колоничлох" стратегиа бэхжүүлж буй Польш (66-р байр) зэрэг "либерал бус ардчилсан" орнуудад эрс туйлшралыг өдөөж байна.

Скандинавын гурвал

Индексийг тэргүүлж буй орнуудад багтсан скандинавын гурвал буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хөгжин цэцэглэж буй Норвег, Дани болон Швед улсууд ардчиллын үлгэр дуурайл болсон хэвээр бол засгийн газар өөрчлөгдсөний үр дүнд Молдав (40-д) болон Болгар (91-д) энэ жил онцгойрч, олигархууд хэвлэл мэдээллийг эзэмших буюу хянаж байсан ч сэтгүүлчдийн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл найдвар төрүүлж байгаа юм.

Эрх чөлөөний хомсдол

Энэ жилийн индексээр "маш муу" гэсэн үнэлгээг 28 орон авсан нь хамгийн дээд хэмжээнд хүрсэн. Беларусь (153-т), Орос (155-д) зэрэг 12 улс тус индексийн газрын зураг дээр хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал "маш муу" байгааг илтгэсэн улаан жагсаалтад оржээ. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн ихээр доройтсон 10 орны тоонд 2021 оны 2 дугаар сард болсон төрийн эргэлтийн улмаас хэвлэлийн эрх чөлөө 10 жилээр ухарсан Мьянмар (176-р байр), Хятад, Туркменистан (177-д), Иран (178-д), Эритри (179-д) болон Хойд Солонгос (180-д) багтав.

RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар:

-RT (хуучин “Өнөөдрийн Орос” агентлаг)-ийн ерөнхий редактор Маргарита Симонян “Россия-1” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо “Аль ч агуу үндэстэн мэдээллийг хянахгүйгээр оршин тогтнох боломжгүй” гэж хэлсэн нь түүний бодлыг илчилсэн. Дарангуйлагч орнуудад хэвлэл мэдээллийн зэр зэвсгийг бий болгож буй нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хөсөрдүүлсэн. Энэ бүхэн дайнд хүргэх эрсдэл дагуулж буй олон улсын хурцадмал нөхцөл байдал ихэссэнтэй холбоотой. Улс дотор хэвлэл мэдээллийг "Fox News"-члах нь нийгмийн эв зохицол, олон нийтийн хүлээцтэй мэтгэлцээний үндэс суурийг ганхуулдаг тул ардчиллыг мөхөөх аюултай. Үүний хариуд Мэдээлэл ба ардчиллын форумаас дэвшүүлсэн “Сэтгүүл зүйн шинэ бодлого”-ыг таниулан сурталчлах, цахим мэдээллийн ардчилсан орон зайг хамгаалах тогтолцоо бүхий зохистой эрх зүйн орчныг бүрдүүлэх зэргээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв.

Индексийг эмхэтгэхэд ашигласан шинэ арга

RSF эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн салбарын долоон шинжээчээс бүрдсэн багтай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 20 дахь индексийг эмхэтгэх шинэ аргачлал боловсруулсан.

Шинэ аргачлалд хэвлэлийн эрх чөлөөг “Сэтгүүлчид хувиараа болон бүлгээрээ улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, нийгмийн хөндлөнгийн нөлөөнөөс ангид, бие махбодын болон оюун санааны аюулгүй байдал нь хангагдсан нөхцөлд мэдээ, мэдээллийг олон нийтийн эрх ашигт нийцүүлэн сонгох, боловсруулах, түгээх үр нөлөө бүхий боломж” хэмээн тодорхойлсон.
RSF

Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг цогцоор нь харуулах үүднээс:

  1. Улс төрийн нөхцөл байдал,

  2. Хууль эрх зүйн орчин,

  3. Эдийн засгийн нөхцөл байдал,

  4. Нийгэм соёлын нөхцөл байдал,

  5. Аюулгүй байдал гэсэн таван шинэ шалгуур үзүүлэлтийг индекс эмхэтгэхэд ашиглаж эхлэв.

RSF-ийн эрэмбэлсэн 180 улс орон, нутаг дэвсгэрт хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн тохиолдлуудад суурилсан тоон судалгаа, мөн RSF-ээс сонгосон хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг хэдэн зуун шинжээчийг (сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид, хүний ​​эрх хамгаалагчид) оролцуулан нийт 123 асуулт бүхий асуумжид суурилсан чанарын судалгаанд үндэслэн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлсэн. Шинэ сорилтууд, тэр дундаа хэвлэл мэдээллийг цахимжуулахтай холбоотой асуудлуудыг илүүтэйгээр авч үзэх үүднээс асуумжийг шинэчлэн боловсруулсан байна.

Энэхүү шинэ аргачлалтай уялдуулан 2022 оны эрэмбэ, оноог 2021 оныхтой харьцуулахдаа хянамгай байх хэрэгтэй. Энэ жилийн индексийн мэдээлэл цуглуулах үйл явц 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр тасалбар болсон боловч нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн орнуудын (Орос, Украин, Мали) мэдээллийг 2022 оны 1-ээс 3 дугаар сарын байдлаар тохируулан шинэчилсэн болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn