
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Москваг Украины дайнаас “нэр төртэйгөөр” гарахад нь тус дөхөм үзүүлэх боломжийг Цагаан ордон эрэлхийлж байна гэв. Мөн Францын Ерөнхийлөгч Э.Макрон Страсбург хотноо “Бид Орос-Украины дайны төгсгөлийг дахин нэг Версаль болгон хувиргаж болохгүй” хэмээн сануулсан юм.
Тодруулбал, дэлхийн I дайнд ялагдсан Германыг Версалийн энхийн гэрээгээр хэтэрхий шившиглэж, дааж давшгүй дайны төлбөрт унаган, германчуудын үндэсний бахархлыг гутаан доромжилсон явдал хожим Германд нацизм цэцэглэх хөрс суурийг бэлдэж, Гитлерийг төрүүлж, удалгүй дэлхийн II дайнд хүргэсэн. Энэ алдааг Орост давтаж болохгүй гэх байр суурь илэрхийлжээ.
Э.Макрон Хятадын удирдагч Ши Жиньпинтэй утсаар ярьж, Украинд яаралтай гал зогсоох асуудлаар санал солилцсон. Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар хоёр тал Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэдгийг санал нэгтэй зөвшөөрчээ. Гэвч АНУ-ын БХЯ-ны Цэргийн тагнуулын албаны дарга, дэслэгч генерал С.Беррьер Сенатад хийсэн мэдээлэлдээ “Ойрын саруудад Донбасс орчимд цэргийн ажиллагаа улам ширүүсэх төлөвтэй. Украины дайн Оросыг мэдэгдэхүйц сулруулж байгаа ч Москваг улам түрэмгий авиртай болгох шинжтэй байна. Энэ нь зөвхөн Орос-Украины харилцаанд бус орос-өрнөдийн харилцаанд ч хамаатай” гэсэн юм.
Эдгээр болгоомжлол нь буланд шахагдсан харх эргэж аймшигтай ноцдог аюулыг сануулж буй хэрэг бөгөөд хэрэв В.Путин огт алдах зүйлгүй болбол урьдчилан тооцоолох аргагүй эрсдэлтэй алхам хийж мэдэх юм. В.Путин урт хугацаанд хүчирхэг бие хүний имиж бүтээж, оросуудын эх оронч үзэл дээр амжилттай “тоглож” ирсэн удирдагч. Харин Украин дахь шившигтэй ялагдал нь түүний хүчирхэг дүрийг ноцтой эргэлзээнд оруулахад тулаад байгаа билээ. Улмаар энэ нь түүнийг ухрах замгүй болгож, шийдсэн алхам хийхэд хүргэх вий гэх айдас зарим талаар Өрнөдөд бий болжээ.
Эх сурвалж: Bloomberg