Цуврал 2: Путин цөмийн зэвсэг хэрэглэх үү?

Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл хэзээ, ямар нөхцөлд хэрэглэх вэ? Дараах дөрвөн тохиолдолд хэрэглэж болзошгүй юм.
Цуврал 2: Путин цөмийн зэвсэг хэрэглэх үү?
Цуврал 2: Путин цөмийн зэвсэг хэрэглэх үү?
Цуврал 1: Путин цөмийн зэвсэг хэрэглэх үү?

2. Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл хэзээ, ямар нөхцөлд хэрэглэх вэ?

2.1. НАТО шууд болон шууд бусаар оролцох тохиолдолд

Украинд дайн эхэлмэгц НАТО-ийн гишүүн орнуудын удирдагчид, НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар НАТО уг дайнд шууд оролцохгүй, Украин руу цэргээ илгээхгүй, Украиныг гишүүн улс биш тул хамгаалахгүй гэдгээ мэдэгдсэн тул орос ба барууны цэргийн блок хоорондоо Украины нутаг дэвсгэр дээр тулалдахгүй нь ойлгомжтой болсон. Оросын цөмийн зэвсэг нь нэг талаас НАТО-ийн гишүүн орнуудыг Украиныг хамгаалахын тулд ердийн цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцохоос сэргийлж байна гэж хэлж болох.

Украины зарим хэсгийг эсвэл бүхэлд нь "нислэггүй бүс" байгуулахыг Украины удирдлага бараг өдөр болгон АНУ болон НАТО-д уриалж, гуйж байгаа боловч Байдены засаг захиргаа, НАТО-ийн гишүүн орнуудын тэргүүлэгчид татгалзсан хариу өгсөөр байна. Бодит байдал дээр уг "нислэггүй бүс" тогтоох нь Оросын байлдааны онгоцнуудыг устгана гэсэн үг юм. Энэ нь Дэлхийн 3-дугаар дайнд шууд хүргэж болзошгүй тул уг асуудлыг НАТО-ийн гишүүн орнууд дэмжихгүй байгаа байр суурь Украины Ерөнхийлөгч Зеленскийг “гомдоож”, “хямрааж”, “уурлуулж” байна. Дээрээс нь НАТО-ийн гишүүн Зүүн Европын хэд хэдэн улсад байгаа хуучин социализмын үеэс өвлөгдөж ирсэн, ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Миг-29 байлдааны онгоцнуудыг Украины талд шилжүүлж өгөх асуудал ч гэсэн ОХУ-ын анхааруулгаас болж мухардалд оров.

Гэвч НАТО-ийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа алхмууд Дэлхийн 3-р дайнд хүргэж болзошгүй байна. НАТО-ийн гишүүн орнууд болон Япон, Австрали зэрэг улсууд Украинд олон тэрбум долларын зэвсгийн тусламж үзүүлж байгаа нь ОХУ-ын дургүйцлийг ихээр хүргэж байгаа бөгөөд оросууд эдгээр зэвсэг нийлүүлэх төвүүдийг болон тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслүүдийг устгана гэж удаа дараа анхааруулж байна. Хэрвээ оросын цохилтууд НАТО-ийн гишүүн орны нутаг дэвсгэр дээр хийгдвэл энэ нь НАТО-ийн гэрээний 5-р зүйл ангийг шууд идэвхжүүлэх бөгөөд бүх гишүүдэд дайн зарласантай адил үйлдэл болох юм.

Үүнээс гадна НАТО-ийн зүүн жигүүр болох Румын, Польш, Словак, Балтын 3 улсад цэрэг, зэвсгээр хүчтэй болгох үйл ажиллагаа эрчимжиж байна. Энэ алхмууд нь ОХУ-ын аюулгүй байдалд шууд заналхийлж байна гэж үзэж байгаа тул ОХУ Украиныг буулгаж авсны дараа Балтын гурван улс болон Польшид цэргийн халдлага хийж магадгүй гэсэн таамаг явж байна.

Энэ бүх үйл явцыг ажиглавал НАТО ОХУ хоёрын хооронд үл ойлголцол, “золгүй явдал” гарах эрсдэл тун их байгааг харуулж байна.

2.2. Эдийн засгийн хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засгийг нураах тохиолдолд

Украин руу халдсаны дараа Оросын эрх баригчид барууны орнуудаас ийм хориг арга хэмжээ авахад бэлэн биш байсан ба тэд арай зөөлөн хориг арга хэмжээний хувилбарт найдаж байсан болов уу. Түүнчлэн, геополитикийн нөхцөл байдал тогтворжсон ч Оросын эдийн засагт тавьсан хязгаарлалт нэлээд удаан үргэлжлэхээр нөхцөл байдал үүсэв. Путин эдийн засгийн гүн хямралыг асуудалгүй даван туулна гэж мэдэгдэж байгаа хэдий ч ОХУ санхүүгийн гүн шокт ороод байна. Рубль нь бараг хоёр дахин үнэгүйдэж, Москвагийн бирж бүтэн сар арилжаа хийхгүй хаалттай байхаар байна, санхүүгийн салбар, гадаад худалдаа, үйлдвэрлэл уналтад орж байна гэх мэт тоолж баршгүй эдийн засгийн хүндрэлүүд ар араасаа гарч ирж байгааг харахад Путин Оросын эдийн засгийг сүүлийн хэдэн жил барууны хориг арга хэмжээнд сайтар бэлдэж чадаагүй нь илэрхий юм.

Оросын эдийн засагт тулгарч буй асуудлуудыг дор хаяж гурван жилийн дотор шийдвэрлэх боломжтой гэж оросын эдийн засагчид үзэж байгаа ч үр дагаврыг арилгах нь 1998 онтой харьцуулахад бүр ч урт хугацаа шаардах шинжтэй байна. Тэр хүртэл оросын ард түмэн тэсэж гэртээ суух уу, бизнесийнхэн чимээгүй байх уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Барууны хориг арга хэмжээнүүдийн гол зорилго нь Оросын нийгмээр Путины дэглэмийг нураалгахад оршиж байгааг нуухгүй, илэн далангүй онцолж байгаа. 2014 оноос хойш баруунаас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний тоо одоо 3 дугаар сарын 7-ны байдлаар 5,532 болоод байна, харьцуулахад Иранд 3 мянга, Хойд Солонгост 2 мянга, Кубад 200 байгаа юм. Бусад улсуудтай харьцуулахад их тоо харагдах боловч, 2 дугаар сарын 24-нөөс хойш тавьсан хоригуудын бараг 3 мянга нь хувь иргэдэд, 300-аад нь салбар, компаниудад ноогдож байна.

3 дугаар сарын 5-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын агаарын тээврийн компанийн эмэгтэй ажилтнуудтай уулзах үеэрээ "Болж буй үйл явдлын ихэнх нь, бидэнд тулгарч буй зүйл бол Оросын эсрэг тэмцэх арга замууд юм. Авч буй хориг арга хэмжээ нь дайн зарласантай адил боловч бурхны авралаар, үүнд арай тулж ирээгүй байна" гэжээ. Энэ нь хэрвээ эдийн засгийн хямрал нь даамжирч хяналтаас гарвал Путин барууны орнуудын хориг арга хэмжээнүүдийг дайн зарласантай адилтгаж чадах хүн гэдгийг харуулж буй юм.

2.3. ОХУ-ын иргэд гудамжинд гарч Путины дэглэмийг унагаахыг оролдох тохиолдолд

Одоогийн байдлаар Путины эрх мэдэлд улс дотроо ямар ч ноцтой аюул заналхийлээгүй байна гэж хэлж болохоор байгаа бөгөөд Орос улс тулааны талбарт асар их хохирол хараахан амсаагүй байна. Украины ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч Оросын арми Украины томоохон хотууд руу удаашралтай ч гэсэн давшсаар байна. Эдийн засгийн хямрал гүнзгийрээд, дайны фронтоос таагүй мэдээнүүд гарч эхлэхэд, цэрэг эрсийн гэр бүлүүдэд амь үрэгдсэний мэдэгдлүүд олноороо ирэхэд оросын жирийн иргэд зүгээр суухгүй болов уу.

Санкт-Петербург, Москва хотуудаас бусад хот, тосгодод дайныг эсэргүүцсэн олон хүн хамарсан жагсаалууд одоохондоо гарахгүй байна. Дайныг эсэргүүцэгчдийг цагдаа, дотоодын цэргийнхэн тэр дор нь баривчилж дайны эсрэг хөдөлгөөнийг газар авахуулахгүй тал дээр бүхий л хүчээ хаяж байх шиг. 20-оод жил тархиа угаалгасан ард түмэн хэдхэн өдрийн дотор үзэл бодлоо өөрчилж чадахгүй нь ойлгомжтой бөгөөд өөрийн биеэр хохирол амсаж байж л өөрчлөлт авчирч чадах байх.

Хэрвээ дайны эсрэг, Орос орныг хянаж байгаа улс төрийн дэглэмийг нураах хөдөлгөөн газар авч хяналтаас гарвал Путин байдлыг улам хурцдуулж, нийгмийн анхаарлыг сарниулах арга хэмжээнүүд авах аюул үүсэж мэднэ. Үүнд цөмийн зэвсэг хэрэглэх алхам бас орж болзошгүй юм.

2.4. Украины эсэргүүцлийг дийлэхгүй тохиолдолд

Оросын эрх баригчид, суртал ухуулагчид зүүн Украиныг оросын цэргүүдийг цэцэг барин угтаж авна гэж эндүүрч байсан нь илт байна. Орос хэл давамгайлсан Харьков, Херсон, Николаев, Запорожье, Днепропетровск, Одесса зэрэг мужуудын иргэд үй олноороо баруун зүг дүрвэж, эрчүүд нь ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа байдал нь Путинг шокт оруулж байна. Сүүлийн 30 жил эрх чөлөө, ардчиллын амт шимтийг мэдэрсэн украин үндэстэн бий болсныг тэрээр тооцоолоогүй байх.

2014 оны “Оросын хавар” гэгдэх хөдөлгөөн дахин сэргэж, оросын талд зүүн Украины иргэд орж, цэргийн хүчийг нь зузаатгах байх гэсэн таамаг нь бүтэлгүйтэв. Тэгэхдээ Путин хохирлыг үл харгалзан хийж байсан дайнуудаа (Чечень, Гүрж, Сири) дуусгадаг, ялдаг байсан тул Украинд болж байгаа дайн цаашид улам ширүүсэж, хоёр талаасаа улам хэрцгий хэлбэрээр явагдах аюултай болж байна. Украины зэвсэгт хүчний дийлэнх хэсэг нь Донбассд бүслэгдэн бут ниргүүлэх нь цаг хугацааны асуудал болов. Агаарын талбарт оросууд ноёрхож байгаа тул Украины цэргүүд, сайн дурынхан хотуудын барилга байгууламжийн хамгаалалтад орж байлдах хэлбэр рүү орж байгаа нь аль аль талаасаа их хохирол амсахаар болоод байна. Түүнчлэн хоёр тал хоёулаа гадаадаас сайн дурынхан, хөлсний цэргүүдийг урьж оролцуулж байгаа нь уг дайн улам харгис шинж рүү орох үүдийг нээж өгч байна уу гэлтэй. Энгийн ард иргэд ихээр хохирохыг аль аль тал үл тоомсорлож байгаа нь сүүлийн хэдэн хоногуудын үйл явдал тодоор харуулж байна.

Наагуураа хоёр тал хэлэлцээрт орж, асуудлыг энхтайвны байдлаар шийдэх эрмэлзэл гаргаж байгаа боловч ОХУ, Украин хоёрын байр сууриуд эрс тэс хэвээр байна. Путины тавьж буй зургаан нөхцөлийг украины ямар ч улстөрч хүлээж авахааргүй байна. 2019 онд Украинд энхтайвныг авчирна, Донбассын асуудлыг шийднэ гэж ерөнхийлөгчийн сонгуульд 73%-ийн санал авч гарч ирсэн Зеленский үндсэрхэг үзэлтнүүдийн дарамтад орж, барууны орнуудын амлалтад хууртаж сонгуулийн амлалтуудаасаа ухарч, биелүүлж чадаагүй тул одоо дайны үед Путины тулган шаардах нөхцөлүүдийг яахин хүлээж авч чадах билээ. Иймээс дайн цаашид үргэлжлэх нь ойлгомжтой болоод байна. Харин Путин цэргүүдээ хаана зогсоох вэ гэдэг нь л сонирхолтой асуулт. Баруун Украин руу орвол бүүр илүү их эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг эрх биш ойлгож байгаа байх. Дээрээс нь украины нөлөө бүхий улстөрчид оросын нутаг дэвсгэрт халдлага үйлдэнэ гэдгээ зарласан байдаг.

Украин хэдий чинээ хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ төдий чинээ Оросын зүгээс цөмийн цохилт өгөх магадлал өсөж байгаа гэсэн үг юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn