Украины дайнд хөндлөнгөөс оролцвол "аянга" буулгана гэж В.Путин анхаарууллаа

“Бидэнд хэнд ч дийлдэшгүй бүх зэвсэг хэрэгсэл бий. Шаардлагатай гэж үзвэл бид тэдгээрийг ашиглах болно” гэж В.Путин хэлжээ.
Украины дайнд хөндлөнгөөс оролцвол "аянга" буулгана гэж В.Путин анхаарууллаа

Хэрвээ хэн нэгэн, ямар нэгэн улс Украины дайнд хөндлөнгөөс оролцож, ОХУ-д стратегийн аюул учруулахыг санаархвал түүнд “аянга бууж буй мэт" хариу амсуулах болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхаарууллаа.

“Бидэнд хэнд ч дийлдэшгүй бүх зэвсэг хэрэгсэл бий. Шаардлагатай гэж үзвэл бид тэдгээрийг ашиглах болно” гэж В.Путин лхагва гарагт Санкт-Петербург хотод хууль тогтоогчидтойгоо уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

ОХУ-ыг Украин ялна гэдэгт итгэлтэй буйгаа АНУ илэрхийлж, холбоотнууд нь Украинд зэвсэг нийлүүлсээр байгаа юм.

ОХУ Украины нийслэл Киев орчмоос цэргүүдээ татсаныхаа дараа Украины зүүн нутгийн Донбассын бүс нутгийг булаан эзлэх томоохон хэмжээний давшилтыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм.

Гэвч Оросын хүчнийхэн Украины хатуу эсэргүүцэлтэй тулгарч, их хэмжээний хохирол амсаж байгаа аж.

Үүний зэрэгцээ Польш болон Болгарт байгалийн хий нийлүүлэхээ өчигдрөөс эхлэн зогсоосонтой нь холбогдуулан “шантаажилж байна” гэж ОХУ-ыг Европын Комисс /ЕК/ зэмлэн буруушаасан байна.

ОХУ байгалийн хий нийлүүлэхээ зогсоосноор “найдваргүй” нийлүүлэгч гэдгээ нотлон харууллаа гэж ЕК-ын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлжээ.

Харин Кремль энэ үйлдлээ Өрнөдийн улс орнуудын “найрсаг бус алхмууд”-ын хариуд авч буй арга хэмжээ гэж тайлбарлаж байна.

ОХУ 2 дугаар сарын 24-нөөс Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж эхэлсэн бөгөөд үүнээс хэдхэн хоногийн дараа В.Путин Оросын цөмийн зэвсгийн хүчнийхнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн юм.

Дайнд шууд хөндлөнгөөс оролцуулахгүй, илүү их зэвсгийг Украинд нийлүүлэхгүй болгохын тулд Украины холбоотнуудыг В.Путин ийн сүрдүүлж байна гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn