
2020 онд Парис хотын захирагчаар улиран сонгогдсон хатагтай Э.Идалгогийн сонгуулийн гол амлалтын нэг нь Парисын захын дүүргүүдийг холбосон хурдны тойрог замыг хэсэгчлэн хаах төлөвлөгөө байсан юм. 1973 онд ашиглалтад орсон цагаасаа хойш хэл ам таталсаар байгаа уг бүтээн байгуулалт өдгөө Парисын орчны бохирдлын, түүний дотор агаарын болон чимээний бохирдлын нэг гол эх үүсвэр болжээ.
Э.Идалгогийн хэлснээр хурдны тойрог зам дагуу амьдардаг 500 мянга гаруй оршин суугч их бага ямар нэг хэмжээгээр хохирч буй бөгөөд тодруулбал, 130 мянган хүн агаарын бохирдолд (агаарын чанар маш муу үзүүлэлттэй) өртөж, 144 мянган хүн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан дуу чимээтэй орчинд аж төрж байна.
Тэгвэл хоёр урсгал, нийт найман эгнээ тус автозамын хоёр эгнээг 2024 оны Парисын олимпын наадмын дараа хааж, мод тарьж, цэцэрлэгжүүлнэ хэмээн хотын захирагч мэдэгджээ. Улмаар хурдны дээд хязгаарыг 50 км/ц болгон бууруулж, үлдэх зургаан эгнээний хоёрыг нь зөвхөн автобус, такси, цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын албаны автомашин зорчих байдлаар зохион байгуулж, мөн авто зогсоолын хэлбэрээр ашигласнаар тус автозамын хөдөлгөөний эрчим мэдэгдэхүйц суларна гэж тооцсон аж.
Цаашлаад 2030 он гэхэд зам дагуух ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, явган зорчигч, дугуйчдад улам ээлтэй болгохоор төлөвлөж байна. Төлөвлөгөө ёсоор тус хурдны тойрог замтай огтлолцдог есөн том уулзварыг давхар шинэчилж, илүү ногоон, явган зорчигчид нэвтрэхэд хялбар болгох юм.
Эх сурвалж: Bloomberg