Ж.Байден Оросын түрэмгийллийг “геноцид” гэж тодорхойлов

Хүйтэн дайн дууссанаас хойш АНУ "геноцид" гэсэн нэр томьёог албан ёсоор 7 удаа ашиглаад байна.
Ж.Байден Оросын түрэмгийллийг “геноцид” гэж тодорхойлов

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины эсрэг Оросын түрэмгийллийг анх удаагаа “геноцид” гэж тодорхойллоо. Тэрээр мягмар гарагт буюу өчигдөр Айова муж дахь этилийн үйлдвэрт үг хэлэх үеэрээ “геноцид” гэсэн нэр томьёог ашигласан байна.

Ж.Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “дайны гэмт хэрэгтэн” гэж нэг бус удаа хэлж байсан ч “ОХУ Украинд геноцид явуулж байна” гэж үүнээс өмнө мэдэгдэж байгаагүй юм.

“Танай гэр бүлийн төсөв, банкаа шатахуунаар дүүргэх боломж бололцоо зэрэг нь нэг дарангуйлагч дайн зарлаж, дэлхийн хагаст геноцид үйлдэхээс хамаарах ёсгүй” гэж Ж.Байден шатахууны үнийн талаарх арга хэмжээний үеэр хэлээд, шатахууны үнэ өсөж байгааг “Путины үнийн өсөлт” гэж тодорхойлжээ.

Ж.Байден хэлэхдээ “Тийм ээ, би үүнийг геноцид гэж нэрлэж байна. Учир нь Украин оршин тогтнох ёстой гэсэн санааг Путин арчин хаяхыг оролдож байгаа нь улам бүр тодорхой болж, нотлох баримтууд нэмэгдсээр байна” гэв.

Тэрээр цааш нь ярихдаа “Олон улсын хэмжээнд хууль шүүхийнхэн энэ түрэмгийллийг хэрхэн дүгнэхийг шийднэ. Гэхдээ би үүнийг геноцид гэж үзэж байна” хэмээжээ.

Олон улсын хууль тогтоомжид дурдсанаар, геноцид гэж аливаа үндэстэн, угсаатан, арьсны болон шашны бүлгийг бүхэлд нь болон хэсэгчлэн хоморголон устгахыг хэлдэг юм.

НҮБ-ын конвенцод зааснаар үүнд нийтээр хоморголон устгах, бие махбодын болон сэтгэл санааны ноцтой гэмтэл учруулах, үхэлд хүргэх нөхцөл бий болгох, төрөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг багтана.

Олон улсын хэмжээнд хамгийн ноцтой гэмт хэрэг гэж үздэг геноцидыг нацист дэглэмийн түрэмгийлэл буюу холокостыг тодорхойлоход анх ашиглаж байсан бөгөөд 1948 онд НҮБ-ын конвенц дахь олон улсын хуульд үүнийг “гэмт хэрэг” гэж тусгасан ажээ.

Хүйтэн дайн дууссанаас хойш АНУ-ын Төрийн департамент энэ нэр томьёог албан ёсоор 7 удаа ашиглаад байна. Тодруулбал, Босни, Руанда, Ирак, Дарфурт болсон хядлагууд, “Исламын улс” бүлэглэлийн үйлдсэн язидичууд болон бусад үндэстний цөөнхийн эсрэг халдлага, уйгур болон исламын шашинт бусад цөөнхийн эсрэг Хятадын явуулж буй бодлого, Мьянмарын үндэстний цөөнх рохинжачуудыг армийнхан нь хавчин гадуурхсан явдлыг тодорхойлохдоо АНУ “геноцид” гэсэн нэр томьёог ашиглажээ. Харин Уйгурчуудын эсрэг геноцид үйлдэж байна гэсэн АНУ-ын мэдэгдлийг Хятад улс няцаасаар ирсэн юм.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn