Украины эсрэг дайн эхэлснээс хойших 1 сарын хугацаанд болсон үйл явдлуудын “товчоон”

Украины эсрэг Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш яг нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд болсон гол гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Украины эсрэг дайн эхэлснээс хойших 1 сарын хугацаанд болсон үйл явдлуудын “товчоон”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2 дугаар сарын 24-нөөс Украины эсрэг бүрэн хэмжээний түрэмгийллийг явуулж эхэлсэн бөгөөд энэ нь Дэлхийн II дайнаас хойш Европт дэгдсэн хамгийн том дайн болсон юм.

Украины эсрэг түрэмгийлэл дэгдсэнээс хойших нэг сарын хугацаанд Украины 10 сая гаруй иргэн дотооддоо болон гадаад улс орнууд руу дайжин дүрвэж, Украины олон хот суурин газар бүслэгдэж, бөмбөгдөлтөд өртөж, хэдэн зуун энгийн номхон иргэн амь насаа алдаад байна.

Украин руу халдан довтолж байгаатай нь холбогдуулан ОХУ-ын эсрэг олон улс орон хатуу хориг арга хэмжээ авч, Оросын аж ахуйн нэгжүүд болон нөлөө бүхий иргэдийн хөрөнгийг царцааж, бараа бүтээгдэхүүний экспортод хориг тавиад байгаа юм. Энэ бүхэн нь Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хямралаас дөнгөж сэргэж эхэлж байсан дэлхийн эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

Ингээд Украины эсрэг Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш болсон гол гол үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Хоёрдугаар сарын 24: ОХУ Украины эсрэг бүрэн хэмжээний түрэмгийлэл үйлдэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бүх нийтийн дайчилгааг эхлүүлэх зарлиг гаргасан.

АНУ Оросын банкнуудад хориг арга хэмжээ авснаа зарласны дараа Москвагийн хөрөнгийн биржийн хувьцааны ханш 45%-иар унасан.

Хоёрдугаар сарын 26: Герман болон түүний Өрнөдийн холбоотнууд ОХУ-ын түрэмгийллийг зогсоохын тулд хориг арга хэмжээний гурав дахь багцаа баталсан бөгөөд уг багцад Оросыг дэлхийн SWIFT төлбөрийн системээс хасах шийдвэрийг багтаасан.

Хоёрдугаар сарын 27: Европын Холбоо (ЕХ) Оросын иргэний агаарын тээврийн компаниудын нисэх онгоцнуудыг ЕХ-ны агаарын орон зайд нэвтрүүлэхийг хориглов. Оросын төрийн мэдлийн Sputnik, Russia Today (RT) болон тэдгээрийн охин компаниудыг ЕХ-ны агаарын долгион болон интернэтэд нэвтрэхийг хориглов.

Оросын цэргүүд Украины нийслэл Киев, Харьков болон Херсон хот руу давшилтаа эрчимжүүлснээр украинчууд сайн дураараа цэргийн албанд зүтгэж эхэлсэн.

Хоёрдугаар сарын 28: ЕХ-нд элсэх хүсэлтээ Украин гаргасан. Орос болон Украин гал зогсоох хэлэлцээ хийж эхэлсэн. Оросын рублийн ханш 30%-иар буурсан.

ЕХ Оросын төв банктай хийх гүйлгээг хориглож, Украины армид 500 сая еврогийн (554 сая доллар) дэмжлэг үзүүлэх багцыг баталсан. ЕХ анх удаагаа гуравдагч улсад байлдааны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх шийдвэр гаргасан нь энэ юм.

Гуравдугаар сарын 1: Оросын армийн 65 км урт цуваа Киевийг чиглэн явж эхэлсэн. Зүүн талаараа Харьков, Мариуполь, өмнөд талаараа Херсон хот руу оросууд дайралтаа эрчимжүүлсэн. Оросууд энгийн иргэдийн эсрэг кластер тэсрэх бөмбөг ашиглаж байна гэж “Human Rights Watch” олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч төрийн бус байгууллага мэдээлсэн. АНУ Оросын нисэх онгоцнуудыг агаарын орон зай руугаа нэвтрэхийг хориглосон.

Гуравдугаар сарын 2: Оросын танкнууд Херсон хот руу нэвтэрсэн бөгөөд тус хот нь дайн эхэлснээс хойших нэг сарын хугацаанд оросуудад эзлэгдсэн Украины анхны мужийн төв болсон. Оросын зэвсэгт хүчнийхэн Украины зүүн өмнөд нутгийн Мариуполь боомт хотыг бүсэлсэн бөгөөд Украинаас дүрвэгсдийн тоо 1 сая давсан.

Гуравдугаар сарын 3: Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор Украинд дайны гэмт хэрэг үйлдэгдэж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажлын хэсэг гаргасан.

Гуравдугаар сарын 4: ОХУ-д Twitter, Facebook, Voice of America, BBC болон Deutsche Welle зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний платформуудыг хаах шийдвэрийг В.Путин гаргасан. Мөн тэрээр "хуурамч мэдээ"-г гэмт хэрэгт тооцох тухай хуульд гарын үсэг зурсан бөгөөд энэ хуулийг зөрчсөн хүмүүст 15 жил хүртэлх хорих ял оноохоор хуульд тусгажээ.

Гуравдугаар сарын 6: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Польш-Украины хил дээр Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулебатай уулзсан. АНУ иргэддээ Оросоос яаралтай гарахыг уриалсан.

Олон улсын бүх нислэгээ цуцалж, зогсоож буйгаа Оросын төрийн мэдлийн иргэний агаарын тээрийн хамгийн том компани Аэрофлот мэдэгдсэн.

Гуравдугаар сарын 7: “Брент” маркийн нефтийн үнэ нэг торх нь 139.13 ам.долларт хүрч өссөн.

Украинаас дүрвэгсдийн тоо 1.7 саяд хүрсэн.

Гуравдугаар сарын 8: Москва болон Киев хоорондын хэлэлцээний үеэр тохиролцсоны дагуу энгийн иргэдийг Сумы хотоос нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн зурвасыг нээсэн. Зөвлөлтийн үеийн МиГ-29 сөнөөгч онгоцыг Украины нисэх хүчинд шилжүүлэх Польшийн саналаас НАТО-г дайнд оруулахгүйн тулд АНУ татгалзсан.

Оросын байгалийн хийнээс хараат байдлыг энэ оны эцэс гэхэд гуравны хоёроор бууруулах зорилго бүхий "REPowerEU" төлөвлөгөөгөө Европын Комисс танилцуулсан.

АНУ Оросоос түүхий нефт импортлохыг хориглосноор Оросын түрэмгийлснээс хойш нефтийн үнэ 30%-иар өссөн.

Украинаас дүрвэгсдийн тоо 2 сая давсан.

Гуравдугаар сарын 9: Оросын агаарын цэргийн хүчнийхэн Украины Мариуполь хотын амаржих газарт цохилт өгснөөр гурван хүн амь үрэгдсэн. Энэ эмнэлэгт "радикалууд" орогнож байсан учир цохилт өгсөн гэж Оросын талынхан тайлбарласан.

Киевийн баруун хойд захад орших Ирпин болон Ворцель сууринуудад өрнөж байсан цуст тулаанаас иргэд олноороо дайжин дүрвэж эхэлсэн.

Олон Улсын Валютын Сангийн Удирдах зөвлөл Украинд 1.4 тэрбум долларын яаралтай тусламжийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан.

Гуравдугаар сарын 10: Оросын хүчнийхэн хүмүүнлэгийн ачааг Мариупольд хүргүүлэхгүйн тулд нүүлгэн шилжүүлэх зурвасыг бөмбөгдсөн.

АНУ-ын Конгресс Украины дүрвэгсэд болон армид тусламж үзүүлэхэд зориулан 13.6 тэрбум долларын санхүүжилт баталсан.

Гуравдугаар сарын 11: Украины зүүн өмнөд нутгийн Мелитополь хотын захирагчийг оросууд барьцаалсан.

Сириэс 16,000 сайн дурын дайчныг авчран Украины эсрэг цэргийн ажиллагаанд оролцуулахыг В.Путин зөвшөөрсөн.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр, Украинаас гадагшаа дүрвэгсдийн тоо 2.5 сая давж, дотооддоо дүрвэгсдийн тоо 2 сая давсан.

Гуравдугаар сарын 12: Мариуполь хотын нэгэн орон сууцыг Оросын хүчнийхэн бөмбөгдөж буй бичлэгийг “Associated Press” агентлагийн сэтгүүлчдийн баг үзүүлсэн бөгөөд Оросын мэргэн буучдын суманд эмнэлгийн ажилтнууд болон тус агентлагийн нэг сэтгүүлч өртсөн. Тус хотын оршин суугчдыг аврахаар оролдсон хүмүүнлэгийн цуваа руу Оросын армийнхан дайрсан.

Гуравдугаар сарын 13: Оросын хүчнийхэн Украины баруун хэсэгт довтолгоогоо өргөжүүлж, Польшийн хилээс 25 км-ийн зайд орших Яворив дахь цэргийн сургалтын бааз руу 30 далавчит пуужин харвасан. Энэ үеэр нь 35 хүн амиа алдаж, 134 хүн шархадсан гэж Украины тал мэдэгдсэн.

Гуравдугаар сарын 14: Украины эсрэг Москвагийн тэмцэлд чеченьчүүд нэгдэж буйг Чечений удирдагч бөгөөд Путины үнэнч дэмжигч Рамзан Кадыров мэдэгдсэн.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны хорооны газрын дарга Ян Зечитэй уулзаж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлэх ямар ч арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Хятадын талд анхааруулсан.

Гуравдугаар сарын 15: Чех, Польш болон Словенийн Ерөнхий сайд нар Украины нийслэл Киевт галт тэргээр очсон. 20,000 энгийн иргэн Мариуполь хотоос зугтан гарч чадсан бөгөөд Украинаас дүрвэгсдийн тоо 3 сая давсан.

НАТО-д элсэх нь Украины ирээдүйд хэрэггүй гэдгийг ойлгосноо Украины Ерөнхийлөгч В.Зеленский Европын удирдагчдад мэдэгдсэн бөгөөд энэ нь Москвад хийж буй буултуудын нэг гэдгийг харуулсан.

Гуравдугаар сарын 16: Дайныг эсэргүүцэж буй иргэдээ улс орны аюулгүй байдлыг сулруулж буй “урвагчид”-аас ялгаагүй этгээдүүд гэж В.Путин хэлсэн. Мөн тэрээр улс орныхоо аюулгүй байдлыг бэхжүүлж, нийгмийг цэвэрлэх тухай ярьж, эсэргүүцэгчдийг нухчих дарж болзошгүй гэдгээ илэрхийлсэн.

Гуравдугаар сарын 18: Хоёр өдрийн өмнө бөмбөгдөлтөд өртсөн Мариуполь хотын театрын нуранги доороос 130 хүнийг аварсан бөгөөд нурангид өөр хэдэн зуун хүн дарагдсан байж болзошгүй гэж Украины тал мэдэгдсэн. Мөн өдөр 5,000 энгийн иргэнийг хотоос нүүлгэн шилжүүлснээр тус хотоос нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 35,000 хүрсэн. Мариуполийн Хотын зөвлөлийн мэдэгдсэнээр, Оросын бөмбөгдөлтөд 2,500 хүн амь үрэгдсэн.

Хар тэнгисээс Украны баруун нутгийн Львов хот руу зургаан пуужин харвасан.

Орост “материаллаг дэмжлэг” үзүүлбэл ямар үр дагавартай болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Си Зиньпинд анхааруулсан.

Гуравдугаар сарын 20: 400 орчим иргэн хоргодож байсан Мариуполь хотын урлагийн сургуульд Оросын хүчнийхэн агаараас цохилт өгсөн.

Украины 10 сая гаруй иргэн дотооддоо болон гадаад улс орнууд руу дүрвээд байна гэж НҮБ мэдэгдсэн.

Гуравдугаар сарын 21: Мариуполь хотод өрнөж буй тулалдаанд бууж өг гэсэн Оросын шаардлагыг хүлээж авахаас Украин татгалзсан.

Гуравдугаар сарын 22: Украин химийн болон биологийн зэвсэгтэй бөгөөд энэ хоёрын аль алиныг хэрэглэхээр санаархаж буй нь В.Путины удаа дараагийн мэдэгдлээс ажиглагдаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн.

Эх сурвалж: AlJazeera

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn