В.Путин шинэ зарлиг гаргаж, Өрнөдийн улс орнуудад анхааруулга өглөө

Москва экспортоо зогсоож, гэрээ хэлэлцээрүүдээ цуцалж болзошгүй гэж В.Путин Өрнөдийн улс орнуудад анхааруулж байна.
В.Путин шинэ зарлиг гаргаж, Өрнөдийн улс орнуудад анхааруулга өглөө

Украин руу халдан довтолсонтой нь холбогдуулан ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан АНУ болон түүний холбоотнуудын эсрэг авах хариу хориг арга хэмжээний хүрээнд ОХУ экспорт болон гэрээ хэлэлцээрүүдээ зогсоож болзошгүй болохыг Владимир Путин анхаарууллаа.

1999 оноос хойш ОХУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж буй В.Путин хариу хориг арга хэмжээний жагсаалтад хамаарах гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, түүхий эд экспортлохыг хориглох зэрэг агуулгыг багтаасан өргөн хүрээний тогтоолд мягмар гарагт гарын үсэг зурсан байна.

Гаргасан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон В.Путины энэхүү зарлиг нь зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэх “эрх мэдэл”-ийг Москвад өгч, хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ хэлэлцээрээ хэзээ ч цуцалж, экспортоо зогсоож болзошгүй нөхцөлийг бий болголоо.

Өрнөдийн улстөрчид болон хувь хүмүүсийг багтаасан хариу хориг арга хэмжээний жагсаалтыг 10 хоногийн дотор гаргахыг В.Путин засгийн газартаа үүрэг болгосон байна.

Энэхүү зарлигаа “ОХУ, Оросын иргэд болон хуулийн этгээдүүдийн өмчлөх эрхийг хасаж, хязгаарласан” АНУ болон түүний холбоотнуудын хууль бус үйлдлийн эсрэг авч буй хариу арга хэмжээ гэж В.Путин тайлбарлажээ.

Мөн гадаадын зарим улс орон болон олон улсын байгууллагын найрсаг бус үйлдэлтэй холбогдуулан авах эдийн засгийн тусгай хариу арга хэмжээг уг зарлигт тусгасан аж.

2 дугаар сарын 24-нд Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж эхэлсэнтэй нь холбогдуулан ОХУ, тус улсын бизнесийн элитүүдийн эсрэг орчин цагийн түүхэн дэх хамгийн хатуу хориг арга хэмжээнүүдийг АНУ болон түүний холбоотнууд авсан бөгөөд үүнийг В.Путин “Оросын эсрэг эдийн засгийн дайн зарласан” гэж үзэж байна.

Ашигт малтмал нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг ОХУ-ыг эдийн засгийн хувьд тусгаарлах гэсэн Өрнөдийн улс орнуудын оролдлогын улмаас дэлхий дахинд үнийн хөөргөдөл үүсэж, хүнсний хомсдол нүүрлэх эрсдэл нүүрлээд байгаа билээ.

Польш болон Болгарт байгалийн хий нийлүүлэхээ зогсоож, Европын улс орнуудад байгалийн хийгээ зөвхөн рублиэр борлуулах тухай төлбөрийн шинэ схемийг хэдийн гаргасан ОХУ илүү хариу арга хэмжээ авч болзошгүйг өдгөө 69 настай В.Путин анхааруулсаар ирсэн юм.

Мягмар гарагт гаргасан зарлигт тусгаснаар, хариу хориг арга хэмжээнд хамаарах гадаадын иргэд болон аж ахуйн нэгжүүдэд бараа бүтээгдэхүүн, ашигт малтмал экспортлохыг хориглосон бөгөөд зарлиг гарахаас өмнө гэрээ байгуулсан хамаарал бүхий хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдтэй ч ямар нэгэн гүйлгээ хийх хориотой аж.

Өрнөдийн улс орнуудын хориг арга хэмжээний улмаас инфляц эрс өссөнөөр ОХУ 1.8 их наяд ам.долларын эдийн засгийн хохирол амсаад байна. Энэ нь 1991 онд ЗХУ задарснаас хойш ОХУ эдийн засгийн хамгийн том хохирол амссан тохиолдол болж байна.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn