“Өвөө нарын арми”-ийг цэрэгт дайчилж эхэлжээ

Цэргийн шинжээч, ажиглагчдын үзэж буйгаар, Оросын арми Украинд 28 мянган цэргээ алджээ.
“Өвөө нарын арми”-ийг цэрэгт дайчилж эхэлжээ

ОХУ 768,000 цэрэгтэй. Үүн дээр нөөцөд байгаа 1,578,573 цэрэг нэмэгдэнэ. Цэргийн албан хаагчийн тоогоор дэлхийд тавд ордог. Гэвч Украинд бараг гурван сар дайн хийсний эцэст тэдгээрийг орлох, сэлгэх асуудал босож иржээ. Цэргийн хар ярианд “Өвөө нарын арми” гэгддэг олон жилийн өмнө чөлөөнд гарсан хүмүүсийг эргүүлэн дайчилж эхэлжээ. Бараг арваад жилийн өмнө цэргийн албыг орхисон иргэдийг “Эх орон чинь дуудаж байна” хэмээн дайчилж байна. Фронтод тулалдах насны хязгаарт хүрсэн (45) олон хүн дуудагджээ. Мөн Украины өмнөд, зүүн хэсгийн эзлэгдсэн хот, тосгодоос украин иргэдийг цэрэгт дайчилж байгаа аж. 2014 оноос хойш Оросын талыг баримтлагчдын мэдэлд орсон бүс нутгийн “хуулиар” тэднийг цэрэгт татаж байна.

2 дугаар сарын 24-нд ОХУ Украин руу халдан довтлохоос хоёр долоо хоногийн өмнө өөрсдийгөө тусгаар улс хэмээн нэрлэсэн Донецкийн ардын бүгд найрамдах улсын лидер Денис Пушилин Украины цэргийн эсрэг тулалдахын тулд “Бүх нийтийн дайчилгаа”-г зарласан билээ. Олон залуус нуугдаж, баруун руу зугтан гарчээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам “2012 оноос хойших цэргийн гарз хохирлыг нөхөхийн тулд цэрэг, армиа зузаатгах, хүчирхэгжүүлэх арга хэмжээ авч байна” хэмээн өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн. Украиныг эзлэн түрэмгийлэхдээ газрын хүчний 80% буюу тулалдаанд бэлтгэгдсэн 150 мянган цэргийг ашиглажээ. Гэнэт дуудагдсан, дайчлагдсан иргэдийн гомдол тасрахгүй байна.

“Би 44-тэй. 2012 оноос цэрэг байхаа больсон. Одоо би эхнэр хүүхдээ, карьераа орхиод явмааргүй байна. Цэргийн бэлтгэл сургуулилт гэж мэдэлгүй есөн жил өнгөрч. Одоо надаар яах гээд байгаа юм бол. Ойлгохгүй байна” хэмээн гэнэт дуудагдсан Дмитрий бичжээ.

Мөн Молдавын эзлэгдсэн газар нутаг болох Приднестровьед бүх нийтийн дайчилгаа явагдаж буй мэдээ байна. Тэнд хагас сая гаруй хүн амьдардаг, байнгын 2,500 цэрэгтэй Оросын цэргийн бааз байдаг. Зөвлөлт засгийн үед тэнд хэд хэдэн удаа дайчилгаа болж байжээ. Приднестровьед ихэнх нь 50 гарсан 150,000 нөөц цэрэг бий.

Украины дайнд хэдэн орос цэрэг амиа алдсан талаар албаны тоо баримт байхгүй. Цэргийн шинжээч, ажиглагчдын үзэж буйгаар, Оросын арми Украинд 28 мянган цэргээ алджээ. Үүнд амь эрсэдсэн, олзлогдсон цэргүүд орно. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Оросын арми ихээхэн хохирол амссан. Бидний хувьд гамшиг болж байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: www.infobae.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn