Польш, Болгарт хий нийлүүлэхээ ОХУ зогсоохоор шийджээ

Польш, Болгарт хий нийлүүлэхээ ОХУ зогсоохоор шийджээ

Польш болон Болгарын аль аль нь байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхээс татгалзсан аж.

Польш болон Болгарт байгалийн хий нийлүүлэхээ лхагва гарагаас буюу өнөөдрөөс эхлэн зогсооно гэдгээ ОХУ-ын эрчим хүчний “Gazprom” компани мэдэгджээ.

2 дугаар сарын 24-нд Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж эхэлснээсээ хойш ОХУ анх удаагаа бусад улс оронд байгалийн хий нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргасан нь энэ юм.

Украины эсрэг түрэмгийлэлтэй холбогдуулан иргэд болон компаниудынх нь эсрэг хориг арга хэмжээ авсан улс орнуудыг ОХУ “найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтад оруулж, уг жагсаалтад багтсан улс орнуудад рублиэр байгалийн хийн төлбөрийг төлөхгүй бол нийлүүлэлтээ зогсооно гэж анхааруулж байсан билээ.

Польш болон Болгарын аль аль нь байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхээс татгалзсан аж.

Польшийн төрийн мэдлийн “PGNiG” компани нь байгалийн хийн импортын хувьд Оросоос ихээхэн хамааралтай байдаг бөгөөд энэ оны эхний улиралд л гэхэд байгалийн хийн нийт импортынхоо 53%-ийг “Gazprom”-оос худалдан авчээ.

Оросын үйлдлийг гэрээгээ зөрсөн хэрэг гэж үзэж буйгаа “PGNiG” компани мэдэгдээд, хийн нийлүүлэлтийг сэргээх арга хэмжээ авах болно гэжээ.

Харин байгалийн хийн нийлүүлэлтийн 90 гаруй хувь нь “Gazprom”-оос хамааралтай байдаг Болгар улс мэдэгдэхдээ “Байгалийн хий нийлүүлэх өөр эх үүсвэр олох арга алхмуудыг хийж байна. Гэхдээ одоогоор байгалийн хийн хэрэглээнд хязгаарлалт тавих шаардлагагүй” гэж мэдэгдсэн байна.

“Gazprom” компанитай байгуулсан урт хугацааны гэрээ нь энэ оны эцэс гэхэд дуусахаар Оросоос байгалийн хий импортлохоо Польш улс зогсоохоор төлөвлөж байсан юм.

Польшийн “PGNiG” компанийн мэдэгдэлд дурдсанаар, тус компанийн газар доорх байгалийн хийн агуулах одоо бараг 80% дүүрэн буй бөгөөд зун дөхөж буй учир эрэлт буурч байна.

5 дугаар сарын 1-нээс Литваас хий дамжуулах шинэ хоолой нээгдсэнээр Польш улс Литвийн шингэрүүлсэн хийн терминалаас хий авах боломжтой болно.

Мөн Норвег улсаас хий нийлүүлэх "Балтын хоолой" хэмээх шинэ хоолой 10 дугаар сард ашиглалтад орно. Энэ нь оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой бөгөөд ингэснээр Оросын бүх нийлүүлэлтийг орлох боломж бүрдэх ажээ.

Сүүлийн жилүүдэд Польш улс байгалийн хийн хувьд Оросоос хамааралтай байдлаа багасгах арга хэмжээнүүд авсаар ирсэн бөгөөд одоо Катараас мөн байгалийн шингэрүүлсэн хий худалдан авч байна.

Гэсэн хэдий ч “Gazprom”-ын нийлүүлэлт нь Польшийн нийт импортын хийн талаас илүү хувийг хангадаг. Энэ том нүхийг бөглөнө гэдэг тийм ч амар биш гэж шинжээчид үзэж байна.

Европын Холбоо (ЕХ) нь байгалийн хийн импортынхоо 40 орчим хувийг Оросоос хангадаг аж. Гэхдээ Украины эсрэг түрэмгийлэлтэй холбоотойгоор олон улс орон Оросын эрчим хүчнээс татгалзах арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Оросоос нефть, байгалийн хий болон нүүрс импортлохыг бүрэн хориглохоо АНУ мөн мэдэгдээд байгаа билээ.

Түүнчлэн Их Британи энэ оны эцэс гэхэд Оросын нефтиэс татгалзаж, байгалийн хий авахаа аль болох ойрын хугацаанд зогсоохоор төлөвлөж буй бол ЕХ хийн импортоо гуравны хоёроор бууруулж байна.

Эх сурвалж: BBC Reuters

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn