Fortune 500-ийн хамгийн өндөр орлоготой гүйцэтгэх захирлууд тодорлоо

Жагсаалтыг Илон Маск тэргүүлсэн бол түүний араас технологийн Apple, Netflix болон Microsoft гэх мэт компаниудын гүйцэтгэх захирлууд удаалжээ.
Fortune 500-ийн хамгийн өндөр орлоготой гүйцэтгэх захирлууд тодорлоо

Fortune 500 нийт 280 гүйцэтгэх захирлын цалингийн багцыг үнэлсэн бөгөөд тэд дунджаар 15.9 сая ам.долларыг цалин урамшуулал, нөхөн олговор болгож авсан нь өмнөх жилийнхээс 30%-аар өссөн үзүүлэлт аж. Тэдний нийт бодит орлогыг тооцоолохдоо компанийн сүүлийн санхүүгийн жилийн цалин, бонус бусад нөхөн олговор болох хязгаарлагдмал эрхтэй хувьцааны урамшуулал, урт хугацааны урамшууллын төлбөр, хөнгөлөлт, хувьцааны опционыг хэрэгжүүлснээр олсон үнийн дүнгээс хамааралтай хувьцааны өсөлт зэргийг багтаан тооцож гаргасан байна. Учир нь хэрэгжээгүй опционы ханшийг таамаглах боломжгүй тул нийт бодит орлогод хамруулан тооцоолоогүй юм.

1. Илон Маск, Tesla: 23.5 тэрбум доллар

Fortune 500-ийн шинээр гаргаж буй АНУ-ын хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлын жагсаалтыг SpaceX болон Tesla-гийн гүйцэтгэх захирал Илон Маск тэргүүлжээ. Илон Маск 2018 онд “Moonshot” хөтөлбөрийн дагуу Tesla-гийн хувьцааны опционоос тодорхой хувийг авснаар ойролцоогоор 23.5 тэрбум ам.долларын нөхөн олговор авах эрхтэй болжээ. Энэ нь 2021 оны хамгийн өндөр цалин урамшуулал байсан юм.

Тесла Fortune 500-ийн 65 дугаарт бичигдсэн байна. Компани 2021 онд 53.8 тэрбум ам.долларын орлоготой байсан ба өнгөрсөн оноос даруй 71%-аар өссөн үзүүлэлт болно. Европ болон Хятадын зах зээлд тэдний үйл ажиллагаа эрчимжсэн нь үүний гол шалтгаан болно. Tesla 2021 онд 936,000 автомашин зах зээлд нийлүүлсэн нь 87%-ийн өсөлтийг бий болгож, тус компанийг дэлхийн цахилгаан автомашины салбарын 14%-ийн зах зээлийг эзлэх боломжийг олгожээ.

2. Тим Күүк, Apple: 770.5 сая доллар

2011 оноос хойш Apple Inc-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Күүк өнгөрсөн онд ихэнх орлогоо 1.7 тэрбум ам.долларын үнэлгээтэй, 10 жилийн хугацаатай хувьцаанаас олжээ. Тус технологийн компанийн зах зээлийн үнэлгээ түүнийг ажиллаж буй хугацаанд 2.2 их наяд доллароор нэмэгдэж байв.

Apple Fortune 500-ийн 3-т жагссан байна. Компани дэлхий дахинд нүүрлээд буй чипний хомсдолд өртсөн ч чипний үйлдвэрлэлээ амжилтай эхлээд буй юм. Apple компани өнгөрсөн оныг 95 тэрбум ам.долларын ашигтай төгсгөж, энэ үзүүлэлтээрээ АНУ-ын бусад бүх компаниудыг гүйцэж түрүүлсэн.

3. Женсен Хуан, NVIDIA: 561 сая доллар

Женсен Хуан бол хиймэл оюун ухааны хөгжүүлэлт болон Shield тоглоомын консолоор алдартай программ хангамжийн NVIDIA компанийн хамтран үүсгэн байгуулагч юм. Түүний компани Fortune 500-ийн 134 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Компанийн орлого өнгөрсөн онд 61.4%-аар өсжээ.

Тэрээр өнгөрсөн санхүүгийн жилд 507 сая ам.долларын орлогыг 2011, 2012 оны үед гаргасан хугацаа нь дуусаж буй опционоос олсон. Тус компанийн хувьцаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд 60 дахин өссөн юм.

4. Рийд Хастинс, Netflix: 453.5 сая доллар

Шууд дамжуулах үйлчилгээний акул Netflix компанийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Рийд Хастингсийн удирдлага дор тус компани DVD хүргэлтийн үйлчилгээнээс одоогийн түвшинд иртлээ хөгжсөн юм.

Netflix компани Fortune 500-ийн 115-т 18.8%-ийн орлогын өөрчлөлттэй эрэмбэлэгдсэн байна. Цар тахал намжсантай холбоотой үзэгчдийн тоо цөөрсөн тул компани зардлаа танаад байгаа билээ. Мөн шууд дамжуулалтын салбарт өрсөлдөөн эрчимжсэн.

Fortune 500-аас түүний 2021 оны орлогыг 40.8 сая ам.доллароор үнэлэв.

5. Леонард Шлэйфер, Regeneron Pharmaceuticals: 452.9 сая доллар

Шлэйфер бол хорт хавдар, астма гэх мэт ноцтой өвчинд зориулсан эм үйлдвэрлэдэг Regeneron-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал юм.

Түүний компани Fortune 500-ийн 231-т эрэмбэлэгдсэн байна. Компанийн 2021 оны орлого Ковид-19-ийн REGEN-COV эмчилгээг нэвтрүүлснээр 89.1%-аар өсжээ.

Regeneron компанийн цалин урамшууллын философи нь хувьцааны опцион болон бусад өмчид суурилсан шагнал хэлбэрээр урт хугацаанд урамшуулахад төвлөрч ирсэн. Энэ нь ажилчдын ашиг сонирхол болон эм, эмчилгээний салбарын хөгжилд урт хугацаандаа том хөрөнгө оруулалт болдог шинж чанартай хэмээн үздэг байна.

6. Марк Бениоф, Salesforce: 439.4 сая доллар

1999 онд “Программ хангамжийн төгсгөл” гэх уриатай Salesforce компанийг Бениоф үүсгэн байгуулж байв. Үүлэн технологид суурилсан үйлчлүүлэгчийн харилцаа холбооны менежментийн платформ өдгөө Fortune 500-ийн 136-д жагсжээ.

Salesforce MuleSoft, Tableau, Slack гэх мэт компаниудыг худалдаж авсан нь сүүлийн жилүүдэд орлогын өсөлтийг нэмэгдүүлэх эх үндэс болжээ. 2021 онд тус компанийн орлого 24.7% өссөн байна.

7. Сатиа Наделла, Microsoft: 309.4 сая доллар

Fortune сэтгүүлээс жил бүр дэлхийн хамгийн их хүндэтгэл хүлээсэн компаниудыг санал асуулгаар гаргадаг. Харин Наделла энэ жил 6 дахь удаагаа "хамгийн дутуу үнэлэгддэг" гүйцэтгэх захирлаар тодорсон байна.

Microsoft компани орлогоо өнгөрсөн онд 38%-аар өсгөж, 61 тэрбум ам.долларын орлого олсноор Fortune 500-ийн жагсаалтын 4 дэх орлогын өсөлттэй компани болсон юм. Энэхүү гайхам өсөлт нь Surface зөөврийн компьютер болон таблетыг амжилттай худалдаанд гаргасны үр дүн гэж үзэж болно. Компанийн орлого нь 17.5%-аар өсөж, 168 тэрбум ам.долларт хүрсэн байна.

8. Роберт А Котик, Activision Blizzard: 296.7 сая доллар

Котик 1991 онд Activision-ий гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ. Call of Duty, World of Warcraft гэх мэт тоглоомуудаар дэлхийд танигдсан тоглоомын акул компани Fortune 500-ийн 396-т жагссан байна.

Activision-ий гүйцэтгэх захирал Котик өнгөрсөн жилийн тооцооллоор эзэмшиж буй хязгаарлагдмал хувьцаанаасаа 296.7 сая ам.долларын орлого олжээ.

Тоглоом хөгжүүлэгчдийг хүйсээр ялгаварлан гадуурхаж дарамталдаг, Котик хүчирхийлэл үйлддэг гэх ажилчдын гомдол мэдүүлгээс гадна бусад хэд хэдэн нэхэмжлэлийг үл харгалзан Microsoft 1 дүгээр сард Activision-ийг 68.7 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохирсон нь одоог хүртэлх хийсэн хамгийн том худалдан авалт болж буй.

9. Хок И Тан Broadcom: 288 сая доллар

Малайзд төрсөн тэрээр MIT-д тэтгэлгээр суралцсаныхаа дараа бизнесийн ертөнцөд орсон юм.

2015 онд хагас дамжуулагчийн Avago компанийг 37 тэрбум ам.доллароор худалдаж авснаас хойш тэрээр Broadcom-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Хагас дамжуулагч, программ хангамжийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон дизайны Broadcom компани Fortune 500-ийн 128-т эрэмбэлэгдсэн байна. 2021 онд тус компанийн орлого 14.9%-аар өсжээ.

10. Сафра А.Катз, Oracle: 239.5 сая доллар

Катз 1999 онд Oracle-д ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэхээсээ өмнө банкир байсан аж. Тэрээр 2014 онд Марк Хардын хамт гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Хард 2019 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсний дараа Катз гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.

Мэдээллийн сангийн программ хангамжийн Oracle компанийн орлогын өсөлт сүүлийн жилүүдэд удаашралтай байгаа юм. Тус компани Fortune 500 жагсаалтад 11 байр ухарч 91-д оржээ. 2021 оны 12 дугаар сард Oracle эрүүл мэндийн цахим бүртгэлийн Cerner компанийг худалдан авах 28 тэрбум ам.долларын гэрээг байгуулснаа зарлажээ.

Эх сурвалж: Fortune

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn