Өмнөд Солонгост ковид-19 цар тахал дэгдсэнээс хойших халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Хэрвээ омикрон хувилбарын тархалт энэ эрчээрээ үргэлжилбэл Өмнөд Солонгост ковид-19 вирусийн халдварын тохиолдлын тоо ойрын долоо хоногууд 5 оронтой тооноос буурахгүй, ирэх сард өдөрт 30,000-аас дээш тохиолдол бүртгэгдэж болзошгүй байна гэж тус улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд анхааруулсан байна.
Өмнөд Солонгост ковид-19 цар тахал дэгдсэнээс хойших халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Ковид-19 вирусийн тархах чадвар өндөртэй омикрон хувилбарын тархалт хурдацтай газар авч буйтай холбоотойгоор Өмнөд Солонгост сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 13,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш нэг хоногийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 13,012 тохиолдлын 12,743 нь дотоодын халдвар аж. Ингэснээр коронавирусийн нийт халдварын тохиолдлын тоо 762,983 боллоо гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг лхагва гарагт буюу өнөөдөр мэдээллээ.

Тус улсад 2020 оны 1 дүгээр сарын 20-нд цар тахал анх дэгдсэнээс хойших халдварын хамгийн олон тохиолдол сүүлийн хоёр хоног дараалан бүртгэгдсэн байна. Тодруулбал, 8,571 халдварын тохиолдол бүртгэгдсэнийг мягмар гарагт тус улс мэдээлж байв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд ковид-19 вирусийн хүндрэлээр 32 хүн нас барснаар нийт нас барсан хүмүүсийн тоо 6,620 болжээ.

Тус улс цар тахалтай холбоотой аливаа хүндрэл зөрчил болон хүнд өвчтэй хүмүүс, нас барагсдын тоог бууруулах зорилгоор вирустэй тэмцэх шинэ журмыг хэрэгжүүлж эхэлжээ.

Уг журмын хүрээнд хөдөө орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд коронавирусийн шинжилгээ авч, халдвар авсан хүмүүсийг эмчилдэг болсон бөгөөд 60-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгүүдэд хамаарахаас бусад хүнээс энэ долоо хоногийн бямба гарагаас эхлэн ПСР шинжилгээ авахгүй, түргэвчилсэн шинжилгээ авч байхаар болсон байна.

Вакцин хийлгэсэн ковид-19 өвчтөнүүдийн тусгаарлагдах болон гэрээр эмчлэгдэх хугацаа 10 хоног байсныг 7 хоног болгон бууруулжээ. Мөн вакцин хийлгэсэн хүн коронавирусийн халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон тохиолдолд тусгаарлагдах шаардлагагүй, харин хавьтал болсноос хойш 7 хоногийн дараа ПСР шинжилгээнд хамрагдах шаардлагатай аж.

Хэрвээ омикрон хувилбарын тархалт энэ эрчээрээ үргэлжилбэл Өмнөд Солонгост Ковид-19 вирусийн халдварын тохиолдлын тоо ойрын долоо хоногууд 5 оронтой тооноос буурахгүй, ирэх сард өдөрт 30,000-аас дээш тохиолдол бүртгэгдэж болзошгүй байна гэж тус улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Эх сурвалж: Yonhap

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn