Кремль: Ялалтын баяраар албан ёсоор дайн зарлаxгүй

В.Путин өмнөх жилүүдэд Ялалтын баяраар үг хэлэхдээ Өрнөдийнхнийг “хатгаж”, Зөвлөлтийн үеэс хойших Оросын зэвсэгт хүчний сүр хүчийг харуулсаар ирсэн учир энэ өдөр албан ёсоор дайн зарлаж магадгүй гэж таамаглаж байв.
Дмитрий Песков
Дмитрий Песков

Дэлхийн II дайнд ЗХУ ялсныг дурсан тэмдэглэдэг Ялалтын баярын өдөр буюу 5 дугаар сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг албан ёсоор дайн зарлаж, үндэсний хэмжээний дайчилгаа эхлүүлж буйгаа мэдэгдэхээр төлөвлөж байна гэх таамгийг Кремль няцаалаа.

В.Путин Украины эсрэг түрэмгийллээ дайн бус, харин “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрийдсээр байгаа юм. Өрнөдийн улстөрчид болон ОХУ-ыг ажиглагчид “В.Путин ирэх даваа гарагт томоохон мэдэгдэл хийхээр, тухайлбал бүрэн хэмжээний дайн зарлахаас эхлээд ялалтын мэдэгдэл ч хийхээр төлөвлөж байж магадгүй” гэх өргөн хүрээг хамарсан таамгуудыг дэвшүүлж байна.

Тэгвэл 5 дугаар сарын 9-нд В.Путин Украины эсрэг дайн зарлана гэх таамаглалын талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос лхагва гарагт асуухад “Тийм юм болохгүй. Утгагүй яриа” гэжээ.

Үндэсний хэмжээний дайчилгаа өрнүүлэх шийдвэр гаргаж болзошгүй гэх утгагүй таамаг яриаг ард түмэн сонсох ч хэрэггүй гэж Д.Песков мөн хэлсэн байна.

5 дугаар сарын 9-ний Ялалтын баяр бол ОХУ-ын хувьд үндэсний хэмжээний хамгийн чухал үйл явдлуудын нэг бөгөөд энэ өдөр оросуудын нэрлэж заншсанаар “Аугаа их эх орны дайн” буюу нацист Германыг ялахад ЗХУ асар их гарз хохирол амссаныг нэхэн дурсдаг юм.

1941-1945 онд 27 сая иргэн нь дайны хөлд амь үрэгдсэнээр ЗХУ маш их хохирол амсаж, Зөвлөлтийн бараг айл өрх бүр эмгэнэн гашуудаж байсан билээ.

В.Путин өмнөх жилүүдэд Ялалтын баяраар үг хэлэхдээ Өрнөдийнхнийг “хатгаж”, Зөвлөлтийн үеэс хойших Оросын зэвсэгт хүчний сүр хүчийг харуулсаар ирсэн юм.

2 дугаар сарын 24-нд ОХУ Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж эхэлснээс хойш хэдэн мянган хүн амь үрэгдэж, хэдэн сая хүн дайжин дүрвээд байгаа бөгөөд энэ түрэмгийллийн улмаас 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойших хамгийн ноцтой сөргөлдөөн ОХУ болон АНУ-ын хооронд өрнөх вий гэсэн айдас болгоомжлол нэмэгдсээр байна.

АНУ Украиныг ашиглан ОХУ-д заналхийлж буй учир Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулж, тэнд хавчин гадуурхагдаж байгаа орос хэлтнүүдийг хамгаалах зайлшгүй шаардлага гарсан гэж В.Путин мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn