БНХАУ нүүрсний импортын татвараа ирэх сараас тэглэнэ

Импортын татварыг тэглэх шийдвэр нь Монгол, Индонез болон Орос зэрэг нүүрс экспортлогч орнуудад ашиг тусаа өгнө гэж шинжээчид үзэж байна.
БНХАУ нүүрсний импортын татвараа ирэх сараас тэглэнэ

БНХАУ ирэх 5 дугаар сарын 1-нээс 2023 оны 3 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд нүүрсний импортын татварыг тэглэхээр болсон тухай тус улсын Сангийн яам мэдэгджээ.

Энэхүү шийдвэр геополитикийн тогтворгүй байдал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан дэлхий дахинд нүүрсний нийлүүлэлт тогтворгүй байгаа өнөө үед эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

Эрчим хүчний хангамжийг сайжруулах, өндөр чанартай эдийн засгийн хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий энэ арга хэмжээний хүрээнд чулуун нүүрснээс эхлээд кокжсих нүүрс зэрэг нүүрсний төрлийн бүтээгдэхүүнүүдэд ногдуулдаг 3-аас 6%-ийн импортын татварыг дурдсан хугацаанд тэглэнэ гэж БНХАУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Хятад улс нүүрсний импортыг нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь импортын татварыг тэглэж байсан удаатай ч сүүлийн 10 орчим жилийн хугацаанд тэглээгүй юм. Хамгийн сүүлд 2008 онд АНУ-аас эхэлсэн дэлхийн санхүүгийн хямралын үеэр л нүүрсний импортын татварыг тэглээд, 2014 онд сэргээж байжээ.

Нийлүүлэлт хумигдаж буй үед импортын татварыг тэглэх бодлогыг тус улсын Засгийн газар баримталдаг юм.

Хятад улсын Гаалийн газрын мэдээлэлд дурдсанаар, импортын татварыг тэглэснээр Хятадын нүүрсний импорт 2008-аас 2013 он хүртэлх зургаан жилийн хугацаанд 40.4 сая тонноос 300 сая тонн болж эрс өсөж байжээ.

Орос-Украины мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ эрс өсөж буй энэ үед эрчим хүчний аюулгүй байдлыг хангахыг Хятад улс нэн чухалчилж байна.

Өнгөрсөн онд тохиосон эрчим хүчний хямралыг давтахгүйн тулд Хятад улс эрчим хүчний нөөц хангамжаа баталгаажуулах зорилгоор энэ онд нүүрсний импортоо 300 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг тус улсын холбогдох албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Импортын татварыг тэглэх шийдвэр нь нүүрсний хангамж нийлүүлэлтийг баталгаажуулж, өсөх хандлагатай байгаа дотоодын нүүрсний үнийг тогтворжуулахад тус болно гэж Хятадын шинжээчид үзэж байна.

Мөн нүүрсний импортын татварыг тэглэх шийдвэр нь Монгол, Индонез болон Орос зэрэг нүүрс экспортлогч орнуудад ашиг тусаа өгнө гэж шинжээчид үзэж байгаа аж.

Орос-Украины мөргөлдөөний улмаас олон улсын зах зээлд нүүрсний үнэ өссөөр байна. Түүхий нефть, байгалийн хийн үнэ өсөхийн хэрээр Европын орнууд, тэр байтугай АНУ ч нүүрс рүү шилжиж байна.

Албан ёсны мэдээллээс үзвэл, Хятадын нүүрсний импорт энэ он гарснаас хойш нэлээд агшжээ. Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдэгдсэнээр, тус улс энэ оны эхний улиралд 51.81 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.2%-аар буурсан үзүүлэлт аж. 3 дугаар сард л гэхэд нүүрсний импортын хэмжээ нь 39.9%-аар буурчээ.

Хятадын эрх баригчид нүүрсний нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгахын тулд зах зээлийн хандлагад нийцсэн, хууль ёсны арга замаар нүүрсний үнийг боломжийн хэмжээнд барихын тулд янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна.

Монгол Улсаас нүүрс импортлоход цар тахал, ОХУ-аас импортлоход төлбөр тооцооны асуудал саад болж буй бол АНУ болон Канадын нүүрс үнэтэйгээс гадна олдоц хязгаарлагдмал байна гэж Хятадын нүүрсний салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Fenwei” компанийн шинжээч Фэн Дунбин ярьжээ.

Орос-Хятадыг холбосон төмөр замын анхны гүүр.
Орос-Хятадыг холбосон төмөр замын анхны гүүр.

Харин импортын татварыг тэглэх бодлого нь хил дамнасан дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ Оросын экспортлогчдод ашиг тустай байх болно гэж шинжээчид үзэж байна.

ОХУ найман жил ажилласны энэ долоо хоногийн лхагва гарагт “Тунзян- Нижнеленинское” гүүрийг албан ёсоор барьж дуусгажээ. Энэ нь ОХУ болон БНХАУ-ыг холбосон анхны төмөр замын гүүр билээ. Тус гүүрээр төмрийн хүдэр, нүүрс болон мод зэргийг ОХУ-аас Хятад руу экспортлох юм.

Мөн юаниар төлбөр тооцоо хийхээр тохиролцсон зарим төрлийн бараа бүтээгдэхүүн Оросоос Хятадын боомтуудад бууж байгаа ажээ.

Эх сурвалж: CGTN, Global Times

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn