The Washington Diplomat: Хятад-Оросын хооронд орших Монгол Улс “болгоомжтой” гишгэж байна

Америкийн “The Washington Diplomat” сонин Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяраас саяхан ярилцлага авч, “Хятад-Оросын хооронд орших өргөн уудам газар нутаг бүхий Монгол Улс болгоомжтой гишгэж байна” гэсэн гарчиг бүхий нийтлэл гаргасныг орчуулан хүргэж байна.
The Washington Diplomat: Хятад-Оросын хооронд орших Монгол Улс “болгоомжтой” гишгэж байна

Дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох БНХАУ, дэлхийн хамгийн том газар нутагтай улс болох ОХУ хоёрын хооронд оршдог Монгол бол далайд гарцгүй улс бөгөөд хуучин социалист “бүгд найрамдах” энэ улсад жилд Америкийн ердөө 20 мянган иргэн л зорчдог.

Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутаг бүхий эзэнт гүрэн гэгддэг Их Монгол Улсыг 1206 онд байгуулсан Чингис хааныг эс тооцвол өнөөгийн Монгол Улс гадаад ертөнцөд бараг танигдаагүй гэхэд хилсдэхгүй.

Харин Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр энэ байдлыг өөрчлөхийг эрмэлзэж байна.

Монгол Улсаас АНУ-д суух элчин сайдаар 2021 оны 12 дугаар сараас хойш ажиллаж буй, өдгөө 49 настай, найрсаг дипломатч өмнө нь Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Үүнээс өмнө Ө.Батбаяр 20 жил хувийн хэвшлийн салбарт буюу аялал жуулчлал, технологи болон зөвлөх үйлчилгээ зэрэг янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын захирал, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тухайлбал, тэрээр “Хариуцлагатай аялъя” хэмээх үндэсний хэмжээний аяныг хэрэгжүүлж, Монголын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа – 2050”-ийг боловсруулахад хувь нэмрээ оруулж, Монголын Акита нохой судлалын холбоог үүсгэн байгуулжээ.

Монгол орны зүүн бүсийн Дорнод аймгийн төв Чойбалсан хотод мэндэлж, нийслэл Улаанбаатар хотод өссөн Ө.Батбаяр 1994 онд “Сэрүүлэг” дээд сургуульд англи хэлний чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэрээр мөн 1998 онд ШУТИС-д компьютерын инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг, 2000 онд тус их сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан байна.

“Монгол бол ардчилсан орон. Түүх сөхвөл, Их Монгол Улс бол дэлхийн хамгийн том эзэнт гүрнүүдийн нэг байсан” гэж тэрээр хэлэв. Түүний хэлсэнчлэн, эртний монголчууд инновац шингэсэн гурван төрлийн “паспорт”, тэдгээрийн дотор төрийн элчийг гэрчлэх буюу дипломат халдашгүй дархан эрхийг тусгасан “Алтан гэрэгэ” хэрэглэдэг байсан.

Монгол Улс 1987 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоосон. 2021 оны 7 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман Улаанбаатарт гурван өдрийн айлчлал хийсэн нь Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2016 онд Монголд зургаан цагийн айлчлал хийснээс хойших хамгийн өндөр дээд хэмжээний айлчлал болсон юм.

Өргөн уудам газар нутаг, цөөн хүн ам

1.56 сая хав.дөр.км газар нутаг бүхий Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд 18 дугаарт ордог. Өөрөөр хэлбэл, тус улс нь Иранаас арай жижиг, Перу улсаас арай том газар нутагтай.

Ийм өргөн уудам газар нутагтай ч тус улс ердөө 3.3 сая хүн амтай буюу АНУ-ын Коннектикут муж улс, Пуэрто-Рикотой ойролцоо тооны хүн амтай.

Хүн амынх дийлэнх Буддын шашин шүтдэг Монголын 1 хав.дөр.км-т ердөө 2 хүн ногддог бөгөөд өөрөөр хэлбэл, тус улс нь дэлхийн хүн амын нягтаршил хамгийн бага тусгаар улс юм.

Өнөөдөр ч 500-600 мянган монгол хүн хэдэн мянган жилийн өмнөх өвөг дээдэс шигээ өргөн уудам тал нутагтаа нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрж байна.

“Монголчуудын зочломтгой зан бол дэлхий дээрх хамгийн үнэт зүйлсийн нэг юм. Монголд зочлохыг урьж байна” гэж Ө.Батбаяр АНУ-ын Жоржтаун хотод орших ЭСЯ-ндаа “Washington Diplomat” сонинд саяхан ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

Түүний ажлын ширээний арын ханан дээр Монгол Улсын төрийн сүлд байна. Сүлдэнд мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн хөх цэнхэр өнгийн дугуй дүрс, голд нь салхи татуулан давхиж буй алтан шаргал зүсмийн морь, түүний доор нь Буддын шашин болон Монголын аман зохиолоос гаралтай нар, сар болон галын бэлгэдлүүдийг дүрсэлжээ.

“Манай улс асар өргөн уудам газар нутагтай. Хэрвээ та манай улсын хаа нэгтээ төөрөөд, нэг айлд очвол тухайн айл таныг гарцаагүй гэртээ оруулж, дайлж цайлна. Тиймдээ ч манай хөдөө талын айлууд хаалга үүдээ цоожилдоггүй” гэж Элчин сайд Ө.Батбаяр ярьсан юм.

Ө.Батбаяр хэдийн 101 улс орноор аялаад буй аж. Гэхдээ эх орноо тэдгээрийн алинтай нь ч харьцуулахын аргагүй гэж тэрээр хэлэв.

Тэрээр цааш нь ярихдаа “Та бүхэн Монголд газардмагцаа эрх чөлөөг мэдрэх болно. Салхи нь бараг үнсэнэ. Би эх орондоо очих бүрдээ Би бурхны ивээлээр монгол хүн болж төрсөн гэж боддог" гэсэн юм.

1997 онд тэрээр Улаанбаатар хотоос Монголын өмнөд нутгийн Өмнөговь аймгийн төв Даланзадгад хүртэл 700 км газарт хоёр долоо хоногийн ганцаарчилсан үүргэвчтэй аялал хийж байжээ.

Тайван замаар хийсэн ардчилсан хувьсгал

20 орчим жилийн дараа каратэ сонирхогч, хоёр хүүхдийн аав, англи, япон болон орос хэлээр чөлөөтэй ярьдаг Ө.Батбаяр Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртжээ. Мөн 2016 онд ГХЯ нь түүнийг Монголын соёлын элчээр өргөмжилсөн.

“Монгол бол адал явдалт аялал, байгалийн аялал жуулчлалын диваажин юм. Тиймдээ ч явган аялал, ан агнуур болон морин аялал сонирхогчид Монголд хайртай байдаг. Таван одтой зочид буудалд тухалж, далайн эргээр аялж болно. Гэхдээ энэ бол аялал биш” гэж аялах дуртай монголчуудад зориулсан, 766 мянган дагагч бүхий Фэйсбүүк группийг үүсгэгч Ө.Батбаяр ярилаа.

Гэхдээ энэ өдрүүдэд Элчин сайд Ө.Батбаяр адал явдалт аялал гэхээс илүүтэйгээр Украины эсрэг өдөөсөн Оросын түрэмгийлэл эх оронд нь хэрхэн нөлөөлж буй талаар бодож байна.

1990 он хүртэл социалист Бүгд найрамдах улс байсан Монгол нь хойгуураа ОХУ-тай 3,450 км, урдуураа Хятадтай 4,630 км газар нутгаар хиллэдэг. Хоёр хөрш нь хоёулаа түрэмгий амбицтай, цөмийн зэвсэгтэй гүрнүүд бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-тай тааруу харилцаатай байгаа.

Монгол Улс 1950-аад онд ЗХУ-ын нөлөөгөөр кирилл үсгийг ашигладаг болсон. Түүнчлэн Монголын хэдэн мянган залуу Москвад төдийгүй Украины Киев, Харьков, Львовын их дээд сургуулиудад суралцсан.

ЗХУ-ын сүүлчийн ерөнхийлөгч Михаил Горбачёвын дэвшүүлсэн Зөвлөлтийн улс төр, эдийн засгийн бүтцийн өөрчлөн байгуулалт буюу “перестройка”-г 1989 онд олон хүн эсэргүүцэн гарч ирсэн гэж Ө.Батбаяр ярилаа.

Тэрээр ярихдаа “Би ч бас найзуудтайгаа жагсаж, гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж байсан. Ээж аав минь санаа зовж байсан. Хүмүүс ирээдүйгээ өөрсдөө шийдэж, ажил хийж, мөнгө олдог болоосой гэж л би тухайн үед бодож, мөрөөдөж байсан” гэв.

Гэхдээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан олон бүгд найрамдах улсаас ялгаатай нь “Монголд огт буудалцаан, аллага, хүчирхийлэл болоогүй. Бид маш тайван замаар ардчилалд шилжсэн” гэж тэрээр ярьсан юм.

Хятад болон Орос хоорондын нарийн тэнцвэрийг хадгалах нь

ЗХУ задран унасны дараа буюу 1990 оны 1 дүгээр сард Монгол Улс тайван замаар ардчилсан хувьсгал хийж, олон намын тогтолцоо, зах зээлийн эдийн засагт шилжсэн билээ. Тус улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, улсын нэр нь “БНМАУ” бус, зүгээр л Монгол Улс болсон юм.

Ө.Батбаярын хэлсэнчлэн, 1990 оноос Монголд бүх юм өөрчлөгдсөн. Хүмүүс гадаад улс орнуудад, ялангуяа АНУ, Япон, Өмнөд Солонгос, Их Британи, Герман, Франц болон Шведэд сурч эхэлсэн байна.

Өдгөө Монголын 180 мянга орчим иргэн гадаадад амьдарч байгаагийн дийлэнх нь Өмнөд Солонгост байна. Харин АНУ-д 40 мянга орчим монгол хүн байгаагийн дийлэнх нь Лос-Анжелес, Сан Франциско, Чикаго, Денвер болон Вашингтон хотод байна.

Улаанбаатар болон АНУ-ын Лос-Анжелес, Сиэтл зэрэг хотын хооронд шууд нислэг үйлдэх тухай хүртэл яригдаж байгаа ажээ.

Одоогоор АНУ-Монголын хоёр талын жилийн худалдааны хэмжээ 260 сая ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд энэ худалдаанаас Монголын олж буй орлогын 30% гаруй нь уул уурхайн салбараас буюу зэс, алт, мөнгө болон төмрийн хүдрийн худалдаанаас бүрдэж байна.

Монгол Улс хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлээд байгаа юм. Тухайлбал, тус улс Хятадтай хийж буй худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цөлжилттэй тэмцэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд 2030 он гэхэд 1 тэрбум мод тарих зорилт дэвшүүлээд байгаа билээ.

Өнөөг хүртэл Монгол Улс ОХУ-аас газрын тосны импортоос ихээхэн хамааралтай хэвээр байна. Ийм учир тус улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг бухимдуулахыг хүсэхгүй нь гайхах зүйл биш. Украины эсрэг Оросын түрэмгийллийг зэмлэн буруушаасан агуулга бүхий НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар 3 дугаар сарын 2-нд санал хураахад Монгол Улс 34 улс орны хамт санал өгөхөөс түдгэлзсэн билээ. Уг тогтоолыг батлахыг 141 улс орон дэмжсэн бол 5 улс эсэргүүцсэн.

Гэхдээ санал өгөхөөс түдгэлзсэн нь Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Монгол Улс үгүйсгэж байна гэсэн үг биш гэж Элчин сайд Ө.Батбаяр ярьсан юм.

Тэрээр хэлэхдээ “Үнэнийг хэлэхэд Украины нөхцөл байдалд бид маш их санаа зовж байна. Тэнд олон хүний амь нас үрэгдэж байгаад харамсаж байна. Тийм учраас холбогдох бүх тал яриа хэлэлцээ, дипломат арга замаар гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь нэн чухал. Эс бөгөөс байдал улам хурцдаж, улмаар төсөөлөхийн аргагүй сөрөг үр дагавар дагуулж, Европын төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж болзошгүй" гэв.

Эх сурвалж: The Washington Diplomat

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn