Танилцах зараар нэг тэрбум ам.доллар залилуулжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (ХМТ) Цахим гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авах төвийн мэдээлснээр 2021 онд 24 мянган иргэн танилцах зараар бусдад залилуулж, нэг тэрбум орчим ам.долларын хохирол амсжээ. Энэ нь зөвхөн бүртгэгдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ бөгөөд гэмт хэргийн хохирогч болсон талаараа мэдээлээгүй орхисон хүмүүс цаана нь олон байгааг ХМТ-ноос анхааруулсан юм.
Танилцах зараар нэг тэрбум ам.доллар залилуулжээ
© Forbes

Өнгөрсөн сард Нетфликст нээлтээ хийсэн The Tinder Swindler (Тиндерийн луйварчин) баримтат уран сайхны кино дэлхий даяар багагүй шуугиан тарьсан билээ. Уг кинонд Саймон Леваев (жинхэнэ нэр нь Шимон Ехуда Хают) хэмээх еврей залуу онлайн болзооны Тиндер аппликэйшн ашиглан дэлхийн өнцөг булан бүр дэх эмэгтэйчүүдтэй амрагийн харилцаа тогтоож, тэднээс арав гаруй сая ам.доллар залилсан тухай өгүүлдэг.

Түүний хохирогч болсон эмэгтэйчүүд эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй хамтран мэдээлэл цуглуулж, Интерполд мэдэгдсэний дагуу С.Леваевийг 2019 онд Грект баривчилсан боловч түүнийг ердөө хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэх хэрэгт буруутган Израилын талд шилжүүлж өгдөг. Хохирогчид С.Леваевт зээлийн карт, зээлийн картын мэдээллээ сайн дураар, өөрсдийн хүсэл зоригийн дагуу ашиглуулсан байх тул түүнийг залилангийн хэрэгт яллах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүйгээс тэрээр гэм зэмгүй мултарсан байдаг.

© Netflix

Тус кино гарсны дараахан ХМТ нь дээрх сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан юм. ХМТ-ны сэрэмжлүүлэгт дурдсанаар танилцах зараар залилагсдын золиос болсон иргэдийн хувьд зөвхөн санхүүгийн хохирол хүлээгээд зогсохгүй сэтгэл санаагаар давхар хохирч шархалсан зүрхтэй хоцорцгоожээ.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид гол төлөв цахим орчны талаарх мэдлэг мэдээлэл муутай хэсэг буюу насанд хүрээгүй иргэд, 40-ээс дээш насны ганц бие болон бэлэвсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд, мөн тусгай хэрэгцээт иргэд (хөгжлийн бэрхшээлтэй) байгааг судалгаагаар тогтоожээ.

“Дурлалт” залуу эсвэл бүсгүйдээ мөнгөө залилуулсан иргэдийн 25% хувь нь криптовалютаар шилжүүлэг хийсэн байх бөгөөд 18-29 насны хохирогчдын хохирлын хэмжээ дунджаар 750 ам.доллар байсан бол 70 ба түүнээс дээш насныхны хохирлын хэмжээ хамгийн өндөр буюу дунджаар 9,000 ам.доллар алдсан гэх статистик гарсан байна.

Залилагчдын хувьд нийгмийн сүлжээний платформууд, онлайн болзооны аппликэйшнүүд ашиглан хуурамч хаяг нээж хохирогчидтой холбоо тогтоон, улмаар харилцаагаа бэхжүүлж, тэдний итгэлийг олдог бөгөөд биечлэн уулзахаас аль болох зайлсхийдэг агаад үүнийхээ шалтгааныг ихэвчлэн гадаад улсад байгаа гэх буюу хохирогчдоос хол газар ажиллаж, амьдарч буйгаар тайлбарладаг байна.

Ингээд хохирогчдыг өөртөө хангалттай татаж чадсан гэж үзсэнээр янз бүрийн шалтгаанаар яаралтай мөнгөний хэрэг гарсан гэж тайлбарлан туслахыг хүсдэг бөгөөд хохирогчийн хувийн мэдээлэл, зээлийн картын мэдээллийг олж авахыг зорьдог. Ийнхүү олж авсан мэдээллээ өөрсдөө ашиглах буюу эсвэл цааш нь дамлаж зардаг байна. Зарим тохиолдолд хохирогчдыг мөнгө угаах үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулахыг оролддог гэжээ.

ХМТ-ны зүгээс цахим залилангаас урьдчилан сэргийлэхийн тулд харилцаж буй этгээдээ сайтар таних, хувийн мэдээлэл нь тохирч байгаа эсэхийг хайлтын систем ашиглан олж мэдэх, хувийн байдлыг нь тогтоох асуултууд тавих, интернэт дэх өөрийн хувийн мэдээллээ хамгаалах, нийтэд нээлттэй байх тохиргоог өөрчлөх, эмзэг мэдээлэл, зураг бичлэгээ илгээхгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: Forbes, fbi.gov

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn