ДЭМБ: Ковид-19 цар тахлын улмаас 5 сая бус, 15 сая хүн нас бараад байна

Бодит мэдээллийг өгөх нь цар тахлын үед чухам юу тохиолдож буйг үнэлж дүгнэж, судлахад шаардлагатай “нийгмийн эрүүл мэндийн амин чухал асуудал” юм гэж ДЭМБ-ын албаны хүн хэллээ.
ДЭМБ: Ковид-19 цар тахлын улмаас 5 сая бус, 15 сая хүн нас бараад байна

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд нас барсан хүмүүсийн бодит тоо албан ёсны мэдээлэл гэж өгсөн тооноос бараг 3 дахин өндөр байна гэж ДЭМБ мэдэгдлээ.

2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын эцэс хүртэлх хугацаанд ДЭМБ-д мэдээлсэн Ковид-19 вирустэй шууд холбоотой нас баралтын албан ёсны тоо 5.4 сая гаруй байгаа юм.

Гэтэл ДЭМБ-аас пүрэв гарагт танилцуулсан шинэ тайланд дурдсанаар 2021 оны эцсийн байдлаар Ковид-19 вирустэй холбоотойгоор нас барсан хүмүүсийн тоо 14.9 сая давжээ.

ДЭМБ-ын сүүлд гаргасан 15 сая гэсэн тоонд Ковид-19 вирусийн дэгдэлтийн шууд бус нөлөөгөөр нас барсан хүмүүс, тухайлбал халдварын оргил үед эмнэлгүүд ачааллаа даахаа больсонтой холбоотойгоор эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр амьсгал хураасан хүмүүсийн тоо багтсан аж.

Мөн зарим улс орон хангалттай мэдээлэл өгөөгүй учир нас барсан хүмүүсийн бодит тоо хамаагүй өндөр байгаа бөгөөд цар тахлын эхэн үеийн 10 нас баралт тутмын бараг 6 нь албан ёсны бүртгэлд орж байгаагүй гэж ДЭМБ мэдэгджээ.

Албан ёсны бүртгэлд ороогүй нас барсан хүмүүсийн бараг тэн хагас нь Энэтхэгт хамааралтай бөгөөд 2021 оны 5-6 дугаар сард буюу тахлын давлагааны оргил үед л гэхэд тус улсад 4.7 сая хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж ДЭМБ-ын тайланд дурджээ. Гэвч 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын хугацаанд Ковид-19-ийн улмаас нийт 480 мянган хүн нас барсан гэсэн мэдээллийг Энэтхэгийн Засгийн газар өгч байв.

Бодит мэдээлэл өгөх нь цар тахлын үед чухам юу тохиолдож буйг үнэлж дүгнэж, судлахад шаардлагатай “нийгмийн эрүүл мэндийн амин чухал асуудал” юм гэж шинэ тайланг гаргах ажлыг хамтран удирдсан, ДЭМБ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан орлогч захирал Самира Асма хэлсэн байна.

Цар тахлын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг өгч, мэдээллийг сайжруулахад илүү их дэмжлэг үзүүлэхийг тэрээр улс орнуудад уриалаад “Бидэнд мэдэгдээгүй зүйл асар их байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn