Хятад улс иргэний агаарын тээврийн салбартаа аюулгүй байдлын нарийвчилсан шалгалт хийж эхэлжээ

Хоёр долоо хоног үргэлжлэх энэ шалгалт нь иргэний агаарын тээврийн салбар дахь "далд аюул"-ыг илрүүлэх ажлыг цаашид улам бүр эрчимжүүлэх, агаарын тээврийн үйл ажиллагаа болон хүмүүсийн амь насны аюулгүй байдлыг хангах зорилготой ажээ.
Хятад улс иргэний агаарын тээврийн салбартаа аюулгүй байдлын нарийвчилсан шалгалт хийж эхэлжээ

Энэ долоо хоногийн даваа гарагт зорчигч тээврийн нисэх онгоц осолдсонтой холбогдуулан иргэний агаарын тээврийн салбартаа аюулгүй байдлын нарийвчилсан хяналт шалгалтыг мягмар гарагаас буюу өчигдрөөс хийж эхэлснээ Хятадын Иргэний нисэхийн удирдах газар мэдэгдлээ.

Хоёр долоо хоног үргэлжлэх энэ шалгалт нь иргэний агаарын тээврийн салбар дахь "далд аюул"-ыг илрүүлэх ажлыг цаашид улам бүр эрчимжүүлэх, агаарын тээврийн үйл ажиллагаа болон хүмүүсийн амь насны аюулгүй байдлыг хангах зорилготой гэж тус газар мэдэгдсэн байна.

Аюулгүй байдлын энэ шалгалтад иргэний агаарын тээвэртэй холбоотой бүх товчоо, компани, энэ салбарт үйлчилгээ эрхэлдэг бүх газар, нисэх онгоцны буудлын операторууд, нислэгийн сургалтын байгууллагуудыг хамруулах аж.

Даваа гарагт Хятадын иргэний агаарын тээврийн “China Eastern” компанийн 132 хүн тээвэрлэж явсан нисэх онгоц тус улсын Гуанси-Жуаны Өөртөө Засах Оронд осолдсон билээ.

Энэ онгоцны ослоос амьд мэнд үлдсэн нэг ч хүн одоогоор олдоогүй, ослын шалтгаан тодорхой болоогүй байна гэж тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байна.

Осолдсон “Боинг-737-800” нисэх онгоцыг 2015 оны 11 дүгээр сарын 22-нд худалдаж авсан бөгөөд 6 жил, 10 сарын насжилттай байсан гэж “China Eastern” компанийн Юньнань дахь салбарын дарга Сунь Шийн мягмар гарагийн орой хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, тухайн онгоц нь 8,986 удаагийн нислэгээр нийт 18,239 цаг нисээд байсан аж.

Энэ онгоцонд явсан хүмүүсээс нэг ч хүн амьд мэнд үлдэх, мөн онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн байх магадлал тун бага байна гэж тус улсын мэргэжилтнүүд үзэж байна.

Уг ослоос өмнөх 4,000 гаруй хоногийн хугацаанд Хятадад зорчигч тээврийн нисэх онгоцтой холбоотой осол гараагүй байсан юм.

Эх сурвалж: Xinhua, CGTN, CGTN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn