Герман итгэж болох холбоотон мөн үү? Үгүй!

Берлин Оросоос хямд үнээр байгалийн хий авах, Хятадад гаргадаг автомашины экспортын хэмжээг бууруулахгүй байх эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс холбоотны эрх ашгаа зольж буй явдалд Вашингтон унтууцаж байна. Энэ тухай Wall Street Journal-д гарсан нийтлэлээс тоймлон хүргэе.
Герман итгэж болох холбоотон мөн үү? Үгүй!
© WSJ

Германчууд Дэлхийн II дайнаас хойших дэлхийн либерал дэг журамд хамгийн ноцтой аюул занал учруулагч хоёр оронтой сүжрэн ардчилсан холбоотнуудын эв нэгдлийг хоёрдугаарт тавьж байна. Ийнхүү холбоотны харилцаагаа умартсаны үр дагаварт Украины ирээдүйн хувь заяа Берлинд илүү хүнд ачаа үүрүүлж мэднэ.

Хэдхэн хоногийн өмнө НАТО-гийн шугамаар Украинд зэвсэг нийлүүлэх гэсэн Эстонийн оролдлогыг Берлин зогсоосон юм. Вашингтоны хувьд “Балтын гурав” гэгдэх Латви, Литва, Эстонид худалдсан байлдааны зэвсэг техникийг Киевт нийлүүлэх зөвшөөрөл олгосон. Аливаа зэвсгийн наймаанд баримталдаг нэг чухал зарчим бол худалдан авагч тал тухайн зэвсэг техникийг гуравдагч этгээдэд шилжүүлэх тохиолдолд худалдагч тал зөвшөөрлийг авах ёстой байдаг. Үүний дагуу Эстонид худалдсан зэвсэг техникээ Украины мэдэлд шилжүүлэхийг Берлин татгалзсан.

Киевт танк эсэргүүцэгч пуужин нийлүүлэхээр хөөргөсөн цэргийн тээврийн онгоц хийгээд Украины агаарын орон зайд тагнуулын нислэг үйлдэх Британийн нисэх онгоцнуудыг өөрсдийн агаарын хилээр нэвтрүүлэхээс Берлин мөн л татгалзаж, НАТО-гийн холбоотнуудаа гайхшируулав.

Орос Украинд дахин түрэмгийлж болзошгүй байгаатай холбоотойгоор байгалийн хийн “Умардын урсгал-2” төслийг ашиглалтад хүлээж авах ажлыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн гэж Берлин мэдэгдэж, өнгөн дээрээ Кремльд сануулга өгч буй мэт боловч уг төслийг Украины хямралтай хутгах хэрэггүй хэмээсэн Германы Батлан хамгаалахын сайдын мэдэгдэл асуудлыг эргэлзээнд орууллаа. Түүний хэлсэнтэй ижил утгатай үгсийг германы эрх баригч Социал демократ намын ерөнхий нарийн бичгийн дарга бас унагажээ.

Ерөнхийлөгч Ж.Байден өмнөх Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны үед “Умардын урсгал-2” төслийн эсрэг тавьсан хоригийг цуцалж, А.Меркельд найр тавьсан. Саяхан тус төслийг дахин хоригт хамруулахаар Бүгд найрамдах намын сенатор Т.Круз хуулийн төсөл өргөн барьсан ч Ардчилсан нам дэмжээгүй тул Сенатаар батлагдах 60 хувийн саналын босгыг давж чадалгүй унасан. Ардчилсан намын сенаторууд хэрэв Орос Украинд халдвал Берлин уг төслийг шууд зогсооно гэх итгэлээр эсрэг санал өгсөн ч байдал тэдний санаснаар өрнөхгүй байж мэдэх нь.

Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трампын үеэс НАТО-гийн холбоотнуудыг ДНБ-ийхээ хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахын зардалд зарцуулахыг шаардах болсон ч Берлин үүнийг үл ойшоосон хэвээр ДНБ-ийхээ 1.5% хувийг батлан хамгаалахын төсөвт хуваарилсаар байна.

Европын Холбоо-Хятадын хоорондын худалдааны хэлэлцээрийг түр хойшлуулах Вашингтоны хүсэлтийн хариуд канцлер А.Меркель яриа хэлэлцээг шавдуулах шийд гаргаж байлаа. Германы хувьд Хятадад нийлүүлэх автомашины экспортоор олдог 150 тэрбум ам.долларын орлогоо ямар ч үнээр хамаагүй хамгаалах бололтой. Энэ нь Бээжингийн олимпыг бойкотлох эсэх талаар шинэ канцлер О.Шольц төвийг сахисан байр суурь илэрхийлсэн хийгээд Тайваний төлөөлөгчийн газартай холбоотойгоор хятадуудын хилэнг барсан Литвын талд Берлин хүчтэй шахалт үзүүлж байгаагаар илэрч байна. Хонконг болон уйгар иргэдийн асуудлаар ч мөн амаа хамхихаар шийдсэн билээ гэжээ.

Эх сурвалж: Wall Street Journal

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn