Инфляц: Дэлхий дахинд инфляцын түвшин ямар байна вэ?

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ эмх замбараагүй байдалд орж, Украины дайны улмаас хүнс болон шатахууны үнэ эрс өссөнтэй холбоотойгоор улс орнууд бүгд үнийн өсөлттэй тэмцэж байна. Ингээд та бүхэнд дэлхий дахинд инфляцын түвшин ямар буйг танилцуулъя.
Инфляц: Дэлхий дахинд инфляцын түвшин ямар байна вэ?

АНУ

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд шатахуунаас эхлээд хуучин машин хүртэлх бүх зүйлийн үнэ эрс өссөн нь Америкийн хэрэглэгчдэд хүнд цохилт болж байна.

6 дугаар сард АНУ-д инфляц 9.1%-д хүрсэн нь сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бол өдгөө “АНУ-д тулгамдаж буй хамгийн том асуудал” гэж америкчуудын дийлэнх нь үзэж байна.

ТУРК

Турк улс инфляцын өсөлтөөр дэлхийд “толгой цохиж” байна.

Тус улсын Статистикийн хүрээлэнгийн мэдэгдсэнээр өнгөрсөн 6 дугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 78.6%-аар өссөн үзүүлэлттэй байжээ. Инфляцын өсөлт, тэр дундаа хүнс болон тээврийн үнэ өртөг эрс нэмэгдсэн нь туркийн ард иргэдэд ихээхэн дарамт болж байгаа юм.

Тодруулбал, Украины дайнтай холбоотойгоор зургаадугаар сард хүнсний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 93.9%-аар өссөн бол тээврийн зардал 123.4%-аар өсжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, тус улсын Төвбанк хүүгийн түвшнээ хэд хэдэн удаа бууруулсан нь инфляцын өсөлт улам бүр даамжрахад нөлөөлсөн байж болзошгүй бөгөөд эдийн засгийн хүндрэл үүгээр зогсохгүй.

Сүүлийн хэдэн жилийн турш уналттай байсан тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш энэ он гарснаас хойш бүр ч дордож, ам.доллартой харьцах ханш нь 23%-аар суларсан байна. 2021 онд турк лирын ам.доллартой харьцах ханш 44%-аар суларч байсан аж.

АРГЕНТИН

Аргентины Статистик, тооллогын үндэсний хүрээлэнгийн мэдэгдсэнээр, 5 дугаар сард тус улсад инфляцын жилийн түвшин 60.7% болж өссөн байна. Аргентинд хүнсний үнэ энэ оны эхний таван сарын хугацаанд 33.7%-аар өссөн бөгөөд Төвбанкнаас явуулсан судалгаанд хамрагдсан эдийн засагчдын тооцоолсноор 2022 оны эцэс гэхэд инфляцын түвшин нь 73%-д хүрэх төлөвтэй байгаа юм.

Энэ сарын 2-нд Аргентины Эдийн засгийн сайд Мартин Гузман гэнэт огцорсны дараа тус улсын эдийн засгийн нөхцөл байдал улам бүр дордож, улмаар аргентин песогийн ам.доллартой харьцах ханш ганцхан долоо хоногийн дотор 17%-аар суларчээ.

Аргентин даяар үнийн өсөлт гаарч буйтай зэрэгцээд песогийн ханш суларсан нь хэрэглэгчдийг сандралд оруулж, аргентинчууд бараа бүтээгдэхүүн нөөцлөх гэж зах, худалдааны төвүүд рүү хошуурцгаах болсон байна.

ИХ БРИТАНИ

Их Британид инфляц 5 дугаар сард сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрч, жилийн түвшин нь 9.1% болж өссөн байна.

5 дугаар сард хүнсний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 8.7%-аар, 4 дүгээр сард эрчим хүчний төлбөр 50%-аар өссөн бөгөөд өдгөө тус улс амьжиргааны өртгийн хямралтай нүүр тулжээ. 6 дугаар сард Их Британийн Төвбанк буюу Английн банкны мэдэгдсэнээр энэ оны эцэс гэхэд тус улсад инфляцын түвшин 11%-д буюу оргилдоо хүрч өсөөд, 2023 оноос тогтворжиж эхлэх төлөвтэй байна.

Тус банк үнийн өсөлтийг намжаах найдлага тээн өнгөрсөн оны сүүлчээс хойш бодлогын хүүгээ бараг тэгээс 1,25% болгож өсгөөд байгаа юм.

ЕВРОГИЙН БҮС

Европын Холбооны (ЕХ) статистикийн газар буюу Евростатын мэдэгдсэнээр еврогийн бүсийн жилийн инфляц 5 дугаар сард 8.1%-тай байсан бол 6 дугаар сард 8.6% болж өсжээ.

Украины дайн, түүнтэй холбоотойгоор Оросын эсрэг авсан өрнөдийн улс орнуудын хориг арга хэмжээнүүдээс үүссэн эрчим хүчний хямралд европчууд өртөөд байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Европт эрчим хүчний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 39.2%-аар өсжээ. Гэсэн хэдий ч ЕХ оросын газрын тос, байгалийн хийн хараат байдлаас ангижрахыг хичээсэн хэвээр байна. Тус бүсэд 5 дугаар сард хүнсний бүтээгдэхүүн, архи болон тамхины үнэ өмнөх оны мөн үеэс 7.5%-аар өссөн үзүүлэлттэй байжээ.

ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгосын инфляц 6 дугаар сард сүүлийн 24 жилийн хамгийн дээд түвшинд хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Өмнөд Солонгосын ард иргэд өргөн цар хүрээг хамарсан үнийн өсөлттэй нүүр тулж байна. Тэр дундаа эрчим хүчний үнэ тус улсад хамгийн ихээр өсөж байгаа юм. Албан ёсны статистик мэдээнд дурдсанаар Өмнөд Солонгост нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 39.6%-аар өссөн байна.

Өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш Өмнөд Солонгосын Төвбанк бодлогын хүүгээ 5 удаа нэмж, 1,75%-д хүргээд байгаа аж. Хэрвээ инфляц энэ эрчээрээ өссөөр байвал бодлогын хүүг дахиад ч нэмж магадгүй гэж тус банкны ерөнхийлөгч Ри Чан Ён мэдэгдсэн байна.

ЭТИОП

Этиоп улсын инфляцын түвшин 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 37%-аар, хүнсний үнэ 38%-аар өсжээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, инфляцын өсөлт нь Этиоп улсад “гамшгийн хэмжээ”-нд хүрч, улмаар тус улсыг хүмүүнлэгийн хямралд нэрвэгдүүлээд байна.

Дээрээс нь Оромогийн чөлөөлөх арми тэргүүтэй исламын босогчдын бүлэглэлүүд болон Этиоп улсын засгийн газар хоорондын сөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн амь үрэгдэж, тус улсын эдийн засгийн нөхцөл байдал улам бүр дордсоор байгаа аж.

ЯПОН

Япон улсын түүхэнд инфляц буюу үнийн өсөлтийн асуудал бараг тулгарч байгаагүй гэхэд хилсдэхгүй. Үнэндээ тус улс инфляц гэхээс илүүтэйгээр бараа бүтээгдэхүүний үнийн ерөнхий түвшин буурах үзэгдэл буюу дефляцид олон жилийн турш санаа зовсоор ирсэн юм. 2010-2020 онд Японд инфляц дунджаар 0.42%-тай байжээ.

Харин энэ оны 5 дугаар сард тус улсын инфляцын жилийн түвшин 2.5% болж өссөн байна. Энэ нь Японы Төвбанкны зорилтот түвшин буюу 2%-аас давсан үзүүлэлт юм.

Бусад улс орны төв банкнууд инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа билээ. Тэгвэл Японы Төвбанк богино хугацааны хүүгийн түвшнээ -0.1%-д барьсаар байгаатай холбоотойгоор тус улсын мөнгөн тэмдэгт болох иений ханш энэ оны 3 дугаар сараас хойш суларч, ам.доллартой харьцах ханш нь сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрч унаад байна.

ИЗРАИЛ

Израилийн инфляцын жилийн түвшин 5 дугаар сард засгийн газрын зорилтот түвшин буюу 1-3%-аас давж, улмаар сүүлийн 11 жилийн хамгийн дээд түвшинд болох 4.1%-д хүрч өсжээ.

Өндөр хөгжилтэй улс орнуудынхтай харьцуулахад Израилд инфляц хамаагүй доогуур байна гэж албаны хүмүүс 5 дугаар сард мэдэгдсэн хэдий ч тус улсын Төвбанк орон сууц, хүнс болон шатахууны үнийн өсөлтийг намжаахын тулд энэ сарын 4-нд бодлогын хүүгээ 0.75%-аас 1.25% болгож өсгөсөн юм.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Хятад улс хөл хорио, хилийн хязгаарлалт тогтоож байгаа болон Украины дайн зэрэг үйл явдлууд инфляцын дарамтыг нэмэгдүүлж буй хэдий ч Израилийн эдийн засаг 2022 онд 4.9%-аар өсөх төлөвтэй байна.

ӨМНӨД АФРИК

Өмнөд Африкт инфляц өнгөрсөн 5 дугаар сард сүүлийн таван жилийн хамгийн дээд түвшинд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5%-аар өссөн байна. Банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Стандард Чартеред” олон улсын компанийн Африк, Ойрх Дорнод хариуцсан судалгааны газрын тэргүүн Разия Ханы хэлснээр энэ өсөлт иргэдийг цочирдуулсан гэнэ.

Өмнөд Африкийн Төвбанкны Мөнгөний бодлогын хороо амьжиргааны өртгийг бууруулах зорилгоор сүүлийн дөрвөн ч хурлынхаа үеэр бодлогын хүүгээ өсгөжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард 3.5%-тай байсан бодлогын хүү өдгөө 4.75% болж өсөөд байгаа бөгөөд дахиад 0.5%-аар нэмж магадгүй гэж тус банкны ерөнхийлөгч Лесетжа Кганьяго мэдэгдсэн байна.

ШРИ ЛАНК

Шри Ланк улсад инфляц 6 дугаар сард түүхэн дээд хэмжээндээ буюу 54.6%-д хүрчээ. Тус улсын Төвбанкны захирал П.Нандалал Вирасингхэгийн мэдэгдсэнээр, энэ оны эцэс гэхэд тус улсын инфляцын түвшин 70%-д хүрч өсөж болзошгүй.

Түүний хэлсэнчлэн, Шри Ланкийн эдийн засаг 2021 онд 3.7%-аар өсөж байсан бол энэ онд 4-5%-аар буурах төлөвтэй байна. Хүнсний хомсдол болон өлсгөлөнгийн улмаас Шри Ланк улсад Ерөнхийлагч Готабая Ражапаксагийн эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан болж, тус улсад урьд үзэгдээгүй эдийн засгийн болон хүмүүнлэгийн томоохон хямрал өдгөө нүүрлэж байгаа билээ.

Шри Ланк улс мөн Хятадаас авсан олон тэрбумын зээлээ буцааж төлөх чадваргүй болсны улмаас дефолт зарлахаас өөр аргагүйд хүрсэн юм. Хятадаас авсан зээлийг онцын шаардлагагүй дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглаж, улс орныхоо байдлыг ийн хүндрүүлсэн гэж эрх баригчдаа ард иргэд нь шүүмжилж байна. Өдгөө тус улс нэн шаардлагатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахын тулд Олон улсын валютын сангаас 4 тэрбум ам.долларын зээл хөөцөлдөж байна.

Эх сурвалж: Fortune.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn