Игорь Никулин: АНУ Оросын эсрэг биологийн дайндаа Монголыг шинэ талбар болгож байна

НҮБ-ын биологийн зэвсгийн комиссын гишүүн асан, цэргийн мэргэжилтэн Игорь Никулиний Холбооны мэдээний агентлагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Игорь Никулин: АНУ Оросын эсрэг биологийн дайндаа Монголыг шинэ талбар болгож байна
Игорь Никулин @ ФАН

Тайлбар: Сүүлийн үед ОХУ-ын зарим мэдээллийн агентлагуудаар энэ төрлийн бичвэрүүд цувралаар түгээгдэх болсон. Түүнчлэн энэхүү бичвэрт редакцын болон орчуулагчийн байр суурь тусгагдаагүй болно.

Орос хэл дээрх хувилбарыг ЭНД дарж уншина уу.

Орос, Хятадтай хиллэдэг ч, мэдээллийн орон зайд анхаарал төдийлөн татдаггүй энэ улсад АНУ болон Германы мэргэжилтнүүд олон жилийн турш биологийн материалын дээж цуглуулсаар байна.

Цус сорогч шавжаар дамжин тархдаг, түүнчлэн амьтнаас хүнд халддаг өвчнүүд цэргийн мэргэжилтнүүдийн анхаарлыг онцгой татаж байгаа юм. Вашингтон Евразийн хүн амын геномыг судлах шинэ талбараа Украины оронд Монгол болгож байгаа талаар Игорь Никулин ярилаа.

-Украины оронд Монголыг аюулт өвчин үүсгэгч судлах шинэ талбар болгож байгаа нь хэр бодитой гэж та үзэж байна вэ?

-Энэ бүх биолаборатори Орос, Хятад, Ираны эсрэг чиглэсэн тул үйл явдал ингэж өрнөх бүрэн боломжтой. Энэ тохиолдолд Монгол завсрын байршлыг эзэлж байгаа учир геополитикийн хувьд айсуй энэ холбоог тасалж болох чиглэл нь энэ болж таарна. Тахал, Конго-Крымийн чичрэг, туулайн чичрэг, халдварт шар, лейшманиоз, псевдотуберкулез зэрэг олон төрлийн вирус, бактерийн голомт тэнд бий. Хил залгаа байгаа энэхүү лабораториудыг хаахын тулд Орос, Хятад хүчээ нэгтгэх ёстой. Бүр харилцаагаа таслахад хүрэх байсан ч хамаагүй.

Оросын хувьд хил залгаа ийм лабораториуд байна гэдэг маш нөхөрсөг бус үйлдэл, бараг биологийн дайн зарлаж байгаа хэрэг гэдгийг бид маш тодорхой гаргаж хэлэх учиртай. Яагаад гэвэл Өрнөд одоо Орос, Хятад болон өөр хэд хэдэн оронтой мэдээллийн, эдийн засгийн, биологийн дайн хийж байна.

-Биоматериалын дээж цуглуулдаг, АНУ болон Германы мэргэжилтнүүд, мөн микробиологи болон байгалийн шинжлэх ухаанаар мэргэшсэн америк мэргэжилтнүүд Монголд олон жил ажиллаж байгаа гэдэг нь үнэн үү?

-Миний мэдэхээр энэ бол үнэн. Яг албан ёсоор, эсэх нь тодорхойгүй ч америкчууд тэнд шаргуу ажиллаж байгааг бид мэднэ. Энэ бол бидний хувьд ноцтой нөхцөл. Орост маш нөхөрсөг бусаар хандаж байна. Түүхэндээ бид Монголтой сайхан харилцаатай байсаар ирсэн учир бүр ч гомдолтой, таагүй хэрэг.

Наад зах нь, Аугаа эх орны дайны үед Монгол Зөвлөлт холбоот улсын нөхөрлөлд анхлан гараа сунгасан. Тэдний нийлүүлсэн бүхэн “Ленд лиз”-тэй (Дэлхийн II дайны үед АНУ холбоотнууддаа, тэр дундаа Зөвлөлтөд зэвсэг, түүхий эд, бараа материал, эм нийлүүлж байсан хөтөлбөр) жишихүйц байлаа.

Монгол ядуу буурай орон байсан ч орос цэргүүдийн хөвөнтэй хүрэм, шинель тэргүүтний тал шахам хувийг монгол ноосоор хийж байсан. Тэд бас мах, хүнсний бүтээгдэхүүн, алтаа ч цуглуулан өгч байв. Өөрөөр хэлбэл, монголчууд бидэнд үнэхээр тус хүргэсэн. Тэд америкчууд шиг зээлээгүй, хариу нэхээгүй байсан юм. Орос “Ленд лиз”-ийн төлбөрийг дөнгөж 2006 онд төлж дуусгасан бол, монголчууд тусынхаа хариуд юу ч шаардаагүй.

Монголчууд оросуудын гавьяаг, тэр дундаа тусгаар тогтнолыг нь олж өгснийг дурсан санадаг. Тэр үед Монгол Хятадын нэг муж байсан бөгөөд өөрсдийн хүчээр эх орноо чөлөөлөх боломж байсангүй. Яг тэр үед Барон Унгерн фон Штернберг цэргүүдтэйгээ хятадуудаас Монголыг чөлөөлсөн нь тусгаар тогтнолоо олоход онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэр бүү хэл, Барон Унгерний цэргүүд Хятадын цэргүүдээс арав дахин цөөн байсан гэдэг.

Хэрэв Унгерн ингээгүй байсан бол бид хэзээ ч Монголоос болж Хятадтай муудалцахгүй байсан гэж хожим нь маршал Жуков зэрэг жанжид хэлсэн нь бий. Адал явдалд дурлагч нэгэн Монголыг тохинуулсан түүх зөвхөн домогт Чингис хааны тухай ч биш болж таарч байна. XIX зуунд оросууд үүнийг монголчуудад мэдрүүлжээ.

Түүнийг монголчууд одоо ч баатар гэж боддог, хөшөө нь ч бий. Үүний дараа монголчууд орос хүн бүрд таатай ханддаг болсон. Тиймээс Монголын газар нутагт явуулж буй Америкийн энэ гэмт үйлдлийг зогсоохын тулд чадахаараа хичээх ёстой.

-Герман тэгвэл энэ хэрэгт яагаад оролцдог байна вэ. Тэнд нацист сэдэлтэй судалгаа хийх сонирхол дахин төрсөн хэрэг үү?

-Харамсалтай нь тийм. Германчууд англичуудтай хамтран Украинд Конго-Крымийн чичрэгийг судалсан. Мөнөөх Дахау дахь бөөнөөр хорих лагерт адын Менгеле эмч хоригдлууд дээр туршиж байсан өвчин шүү дээ. Хэдийгээр түүнийг цэргийн гэмт хэрэгтэнд тооцсон ч үйл хэрэг нь үргэлжилсээр байна.

Тэндээс холгүй, Хятадын Харбинд Японы Квантуны армийн зартай “731-р анги” мөн л хүмүүс дээр туршилт хийж байсан даа. Тэд тарваган тахал, Сибирийн яр, булчин задрах тахал болон бусад гоц халдварт өвчнийг туршиж байлаа.

Энцефалит буюу төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг өвчин үүсгэгч хачгийг 1932 онд япончууд Алс Дорнодод тараасан гэх таамаг ч бий. Академич Зинберг үүнийг ортойд тооцдог байв. Ямартаа ч, энэ хачиг Улаан Армийн хуарагнасан газар анх гарч ирсэн бөгөөд тэр цагаас хойш 80 жил өнгөрсөн ч бид салж чадаагүй л байна.

Тэртээ 70-аад онд Енисейгээр, 80-аад онд Уралын нуруугаар унадаг байсан энэ хачиг одоо Оросын бүх тал нутгаар тархаж, бүр Баруун Европт ч үзэгдэх болжээ.

Цөмийн болон химийн зэвсгээс ялгаатай нь өөрөө үржин тархдаг болохоор биологийн зэвсгийн туршилт ямар аюултай болохыг энэ бүхэн харуулж байна. “731-р анги”-ийн командлагч Широ Иши, шавжуудыг судалж байсан тасгийн эрхлэгч Мацудо хэдийн нас барж, энэ ангийг тараасан ч америкчууд үүнээс бүхэл бүхэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Учир нь, “731-р анги”-ийн ихэнх мэргэжилтэн АНУ-д нуугдаж, мөнөөх “Форт-Детрик”-т ажиллаж байсан бөгөөд лаборатори нь хүртэл 731 дугаартай нь тохиолдол биш.

Наахнуур бодоход, Солонгосын дайны үе хүртэл тэд хийдэг байсан ажлаа хийсэн. Хойд Солонгосын цэргүүдийн эсрэг америкчууд бактериологийн зэвсэг хэд хэдэн удаа ашигласан бөгөөд тахал дэгдээгч бөөс хийсэн шаазан бөмбөг ашиглаж байв. Үүнийг “бөмбөлөг”, эсвэл зүгээр “Ишигийн бөмбөг” гэж нэрлэдэг байлаа. Хэдэн мянган хүний амь авч одсон халдвар эндээс гарсан. Тиймээс энэ бүхнийг зохиомол зүйл гэж ярих ёсгүй. Энэ бол санаанаасаа зохиосон биш, баримтжиж үлдсэн зүйл шүү.

-Таны бодлоор цус сорогч шавжаар дамждаг голомтот, мөн амьтнаас хүнд халддаг ийм төрлийн өвчнийг Пентагон яагаад ингэж сонирхож байна вэ?

-Яагаад гэвэл үүнийг байгалийн үзэгдэл мэтээр харуулж болно.

-Аяны шувуудаар дамжин халдварладаг өвчний талаар герман эрдэмтэд Украины биолабораторид судалж байсан гэж дуулсан?

-Шувууны ханиадны талаарх судалгаа бол тэдний хөгжүүлэхийг хүсэж байсан шинэ чиглэлүүдийн нэг. Хар хөөндэй, тодол, нугас, галуу зэрэг шувуу бөөнөөрөө үхсэн тохиолдол Оросын газар нутагт сүүлийн жилүүдэд нэг бус удаа гарсан шүү дээ. Зүгээр ч нэг хэрэг биш.

Яг одоогоор вирусийг тараах гол арга бол онгоц, дрон байна. Мэргэжилтнүүд халдварыг байгалийн замаар тараах амьд тээгч олохоор хайж байгаа юм. Түүхийн туршид энэ нь цус сорогч шавж буюу бөөс, шумуул, бясаа байсаар ирсэн. Олон төрлийн халдварыг эдгээр амьтад л тараадаг. Хархнууд бас байна. Тэд одоо өөр, шинэ тээгч эрж байна.

1943 онд Сталинградын төлөөх тулаан болж байв. Ижил болон Дон мөрний хоорондох өргөн хөндийд ургасан тариаг хураагаагүйг манай эрдэмтэд Сталинд хэлж, дайснууд руу довтлохоо түр азнахыг зөвлөсөн гэдэг. Тэнд герман цэргүүд хүрч очсон. Туулайн чичрэг өвчин тараагч хулгана, харх тэнд үүрлэж, үржсэн байжээ. Манай цэргүүд энэ өвчний дархлаажуулалт хийлгэсэн, харин германчууд энэ тухай мэдээ ч үгүй байж. Ингээд хүйт орохтой зэрэгцэн хулгана, хархнууд дулаан газар эрэн цэргүүдийн нуувч, саравчинд үүрлэснээр халдварт өвчин гарсан гэдэг. Байгалийн замаар гарсан энэ тахал Германы цэргүүдийн хүчийг сулруулж, туйлдуулжээ.

Английн цэргүүд Энэтхэг, Африкт хумхаа, ходоодны халдварт өвчнөөр байнга өвддөг байсан. Үүнийгээ виски, жинээр л эмчилдэг байсан бөгөөд мянга мянгаараа нас бардаг байлаа.

Тиймээс Монгол, Украин, Гүрж болон бусад улсын газар нутагт ил тод гаргаж хэлэлгүйгээр ийнхүү үйл ажиллагаа явуулж байгаагийн гол зорилго нь НАТО-гийн цэргүүдийг байршуулж болох газарт тархалтын нөхцөл байдлыг судалж буй хэрэг юм.

Яагаад гэвэл, харамсалтай нь орчин цагт бодит амьдралд ийм зүйл байх боломжтой, байдаг ч юм.

-АНУ ийм төрлийн үйл ажиллагаагаа Монголын газар нутагт идэвхжүүлсэн нь Хятад руу онилсон хэрэг мөн үү?

-Энэ бол Оросыг ч, Хятадыг ч онилж байгаа хэрэг юм.

-Өөрөөр хэлбэл хил залгаа бүсээс Оросын ч, Хятадын ч биоматериал цуглуулах боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Сибирийн яр, тахал, туулайн чичрэг болон өөр халдварт өвчнүүдийн голомт тэнд байдаг.

-Орос, Украин хоёр үндэстэн генетикийн хувьд адил кодтой гэж үзвэл монголчууд Хятадын иргэдтэй мөн төстэй байх боломжтой юу?

-Генетикийн кодын хувьд ойролцоо учир монголчуудыг нэрвэж байгаа өвчин хятад хүмүүсийг нэрвэх магадлал маш өндөр. Гэхдээ америкчууд азиудын геномд таарах түлхүүрийг олчихсон бололтой. Учир нь, стелс-омикрон нь монголжуу буюу азиудад илүү тусаж байна. Америкийн биолабораториуд байдаг Өмнөд Солонгосоос анх энэ халдвар гарсан шүү дээ. Сүүлийн гурван сарын хугацаанд тэнд 70 мянган хүн нас барлаа. Тэр орны хувьд нэлээн ноцтой тоо шүү.

Дараа нь, 7.5 сая хүнтэй Хонконгод дэгдэж 12 мянган хүн амиа алдлаа. Халдварын ид үед өдөрт 43 мянган тохиолдол бүртгэгдэж байв. Харин одоо 30 сая хүнтэй Шанхайд хүрч, тэнд хатуу хөл хорио тогтоочихлоо. Ийм л байдалд бид амьдарч байна. Орос, Хятад хоёртой Өрнөд эдийн засаг, мэдээлэл, биологийн дайн хийж байна.

Эх сурвалж: riafan.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn