
Генерал М.Милли АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын танхимын Зэвсэгт хүчний хороодод мэдээлэл хийх үеэрээ орос-украины дайны нөхцөл дараагийн шатанд шилжиж сунжрах төлөвтэй бөгөөд энэ нь хэдэн ч жил үргэлжилж мэднэ гэжээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусын Ерөнхийлөгч А.Лукашенкогийн хамт Восточный сансрын станцад сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ яриа хэлэлцээний хувь заяа бүрхэг болж, мухардалд орсон гээд оросын цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу цаашид ч үргэлжилнэ гэсэн юм.
Мөн тэрээр "Украинд цэргийн хүч хэрэглэхээс өөр ямар ч аргагүй байсан, бидэнд сонголт байгаагүй. Тиймээс зайлшгүй зүйлээс зугтах боломжгүй" хэмээжээ. Ажиглагчид сүүлийн үед ихээхэн анхаарал татаж буй Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнчлэх асуудлаар В.Путин огт ам нээгээгүйг онцлон тэмдэглэж байгаа юм. Энэ нь нөхцөл байдал нэгэнт Кремлийн хүслээр өрнөхөөс өнгөрсөн гэдэгтэй эвлэрсэн гэж үзэж болохоор байна.
Украины тал Буча дахь хядлагад Оросыг буруутгасны дараачаас яриа хэлэлцээний уур амьсгал хүйтэрсэн гэх бөгөөд Украины төлөөлөгч М.Подоляк хэлэлцээ хүндхэн байгааг хүлээн зөвшөөрчээ.