Путины түрэмгийлэл дэлхийн дэг журмыг өөрчлөх үү?

Оросууд Украинд халдсан явдал түүхийн эргэлтийн цэг үү. Энэ нь Америкийн эрин зууныг эцэслэж, Oрос-Xятадын авторитар дэглэмийн эсрэг Шинэ Хүйтэн дайны эхлэл болох уу?
Путины түрэмгийлэл дэлхийн дэг журмыг өөрчлөх үү?
© The Spectator

Харвардын их сургуулийн профессор Жозеф Най эдгээр асуултад хариулт өгчээ. Тэрээр олон улсын харилцааны неолиберал онолыг үндэслэгчдийн нэг бөгөөд “soft power” буюу зөөлөн хүч гэх ойлголтыг анх гаргасан эрхэм юм. Ингээд түүний нийтлэлийг тоймлон хүргэж байна.

Нөхцөл байдал тэртээх 1939 оныг санагдуулж байна. А.Гитлер Судетенланд дахь германчуудыг л хамгаалах зорилготой хэмээн бүх Европыг итгүүлснийхээ дараахан Чехословакийг бүхлээр нь эзэлж, удалгүй Польшид халдан довтолж, дэлхийн II дайныг эхлүүлсэн билээ.

Судетенланд дахь германчууд гэдэг нь өнөөдрийн Донбасс дахь орос иргэдтэй ижил үү. Путин хаана хүрч зогсох юм бэ. Сталины “Төмөр хөшиг” зүүн Европт дахин татагдах уу?

Гэхдээ өмнөх түүхтэй харьцуулахад өнөөгийн байдалд хоёр томоохон өөрчлөлт бий. Нэгдүгээрт, цөмийн зэвсэг бүтээсэн явдал хийгээд цөмийн зэвсгээр тогтоон барих бололцоо юм. Тэгэхээр мэдээж хэрэг Путины цөмийн заналхийлэл ноцтой үр дагаварт хүргэж мэднэ. Гэвч оросууд Вашингтоныг Украины дайнд татагдан орохоос сэргийлж чадсан учир шалтгаан нь цөмийн зэвсгээр тогтоон барихтай холбоогүй.

Харин Америкийн үндэсний ашиг сонирхол л тэгж шаардсанаас болсон хэрэг. Хэрэв оросууд Эстони юм уу Польш руу халдвал Пентагон үүнийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой шүү дээ (АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден НАТО-гийн гэрээний дагуу Вашингтон НАТО-гийн хил хязгаарын сөөм газрыг ч бүх хүчээрээ хамгаалах болно гэж мэдэгдсэн).

Хоёрдугаарт, мэдээллийн орчин. Өнөөдөр дайн гар утсаар, сошиал медиагаар, хувийн хиймэл дагуулын сүлжээгээр өрнөдөг болсон. Мэдээлэл хуучин цагт буюу зөвлөлтийн үед ч, өнөөгийн оросын хувьд ч чухал хэрэгсэл хэвээр буй. Гэвч одоогийн мэдээллийн хүртээмжтэй байдал нь оросууд мэдээллийг хуучин шигээ хянаж, цензурдах боломжгүй болгожээ.

Дайны амжилтыг зөвхөн тулааны талбарт хэний арми ялснаар шийддэггүй бөгөөд хэний түүх ялах нь ч бас чухал нөлөөтэй байдаг. Ж.Байден Путины төлөвлөгөөг задлах замаар оросын “мэдээний урсгал”-ыг сарниулж чадсаны дээр украинчууд гар утсаараа мэдээллийн дайнд идэвхтэй оролцож байна.

Хатуу, зөөлөн хүч үйлчлэх цагийн мөчлөг өөр өөр. Хатуу хүч (цэрэг зэвсгийн болон эдийн засгийн хүч) зайлбаргүй бөгөөд нэн даруй хэрэгжих шинжтэй бол зөөлөн хүч хүмүүсийн бодол санаанд үйлчлэхэд тодорхой хугацаа шаардагдана. Харин зөөлөн хүч нэгэнт үйлчилж эхэлсэн бол мөн л эргэлт буцалтгүй байдаг.

Берлиний ханыг 1989 онд их бууны галаар нураагаагүй. Харин итгэл үнэмшил нь өөрчлөгдөж, бодол санаа нь эргэсэн хүмүүс л гартаа барьсан алх, бульдозероор буулгасан шүү дээ.

2003 онд манай цэргүүд Иракт түрэмгийлж, Саддам Хусейны дэглэмийг унагахад тун багахан хугацаа зарцуулсан. Гэвч Ж.Бушийн алдарт “даалгавар биелэгдсэн” гэх лоозогнол зөөлөн хүчээр нөлөөлж, бид Иракын намагт удаан гэгч нь шигдэхэд хүрсэн билээ. Үүнтэй ижлээр В.Путины хувьд үндсэрхэг үзлээр халдварлуулсан иргэдээ захирах нь Украиныг ялахаас хэцүү болж хувирах вий.

Дэлхийн дэг журам гэдэг нэг талаар хүчний тэнцвэрийн илэрхийлэл, нөгөөтэйгүүр ОУ-ын харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээний цогц гэж хэлж болно. Тэгвэл Путины түрэмгийлэл бол ОУ-д нэгэнт тогтсон хэм хэмжээнд ноцтойгоор заналхийлсэн үйлдэл. Гэвч бүрэн эрхт улсуудын хил хязгаарыг хүчээр өөрчлөхийг хориглосон НҮБ-ын Дүрмийг АНУ 2009 онд Косовод, ОХУ 2014 онд Крымд хэдийнээ зөрчсөн билээ.

Их гүрнүүдийн түрэмгийлэл олшрох нь хүчний тэнцвэр өөрчлөгдөхийн урьтал дохио болох нь бий. 2008 оны санхүүгийн хямралын дараачаас Америкийн уналтын асуудлыг Орос, Хятад нухацтай авч үзэх болсон. Хэдийгээр хямралын нөлөөгөөр Америкийн эдийн засаг харьцангуй суларсан ч дэлхийн эдийн засагт жин дарах үзүүлэлт нь тогтвортой хэвээр байна.

Ирээдүйд Хятадын эдийн засгийн цар хэмжээ Америкийг давах ч гэлээ Орос, Хятадын эдийн засаг нийлээд нийлээд АНУ, түүний холбоотнууд болох Европ, Японы нэгдсэн эдийн засгийн потенциалтай яавч зэрэгцэхгүй юм.

Хятад, Оростой харьцуулахад Америк нь газарзүйн (найрсаг хөршүүдтэй), хүн амзүйн (хүн амын тогтвортой өсөлттэй), технологийн (дэлхийд тэргүүлэх судалгааны их сургуулиудтай), санхүүгийн (ам.долларын ноёрхол) давуу талуудтай. Харин Америкийн хүчин чадалд учрах гол аюул гадаадад бус дотоодод л бий.

Оросын хувьд хүн амын тоо буурч, эдийн засаг нь доройтсоор байгаа. Тус улс түүхий эдийн хамаарлаасаа салж Америк, Хятад шиг өрсөлдөх чадвартай, төрөлжсөн эдийн засагтай болж чадсангүй. Уналтад орсон гүрэн эцсийн найдлага болгон томоохон эрсдэл хийдэг. Жишээ нь, Австри-Унгарын эзэнт гүрэн дэлхийн I дайныг өрдөж, өөрөө сүйрсэн лугаа.

Тэгвэл ОХУ Австри-Унгарын замаар Украинд халдан “Оросыг дахин аугаа болгох” (Д.Трампын MAGA буюу Make America Great Again-ыг хуулбарлажээ) оролдлого хийж байна уу. Гэвч үүний үр дүнд Орос орон Өрнөдийн дэвшилтэт технологиос бүрмөсөн таслагдах (хоригийн улмаас) бөгөөд түүх хожим В.Путиныг сайн тактикч хэдий ч муухан стратегич хэмээн үнэлж дүгнэх биз ээ.

Эх сурвалж: The Spectator

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn