Тийм ээ! Би бол АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигч

Оросод дургүйдээ биш, Хятадыг үзэн яддаг учраас биш, мухар сохроор Америкийг шүтдэгтээ ч биш, харин Монголд ашигтай учраас л би “Америкийн либерал ноёрхол” гээчийг дэмждэг юм!
Тийм ээ! Би бол АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигч
© Getty Images/Simon Wong

Оюутан цагт манай профессорууд ОУ-ын харилцаан дахь америкийн үүрэг ролийг тодорхойлохдоо “АНУ өөрийгөө дэлхийд хэрэгтэй улс гэж үздэг” хэмээн эш татдаг байлаа. Тухайн үед ид “романтизм”-аар дүүлж явсан надад энэ үг нэг л тийм ихэрхүү бардам, онгиргон сагсуу гэмээр санагдаж байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, уншиж судлахын хэмжээгээр, нүд нээгдэхийн хэрээр, бодит байдлыг танихын чинээгээр Америк үнэхээр дэлхийд хэрэгтэйг, тэр дундаа Монголд амин чухал хэрэгтэйг ойлгож ухаарсан билээ.

Ингээд хэлмэгц та бүхний зарим хэсэг шуудхан л “жинхэнэ эргэчихсэн толгой байна даа”, “америк суртлаар тархиа угаалгана гэж энэ дээ” хэмээн хэл нь загатнаж, хошуу амаа билүүдэхээр зэхэж байх вий. Хэрэв тийм бол та түр аядаад энэхүү нийтлэлийг дуустал уншаарай. Өчүүхэн би Америк яагаад дэлхийд, бас Монголд хэрэгтэйн учрыг задалж тайлбарлах гээд оролдъё. Тэгэхээр юун түрүүнд америкийн гадаад бодлогын үндсийг ухаж ойлгох шаардлагатай. Ардчиллын авторитар дэглэмээс ялгарах ялгаа, нэг гол давуу тал нь түүний нээлттэй, ил тод байдал юм.

Ил тод байдлын тухайд цухас дурдахад, хуучин социалист системийн орнууд, түүний гол цөм болсон ЗХУ-ын удирдлага суртал ухуулгаар улс оронд нь бүх зүйл болж бүтэж байгаа мэтээр, коммунизмыг амжилттай байгуулж буй мэтээр ард түмнээ хуурсаар нурж унасан түүхтэй. ЗХУ-ыг худал хуурмагийн эзэнт гүрэн байсан гэж егөөддөг нь ч ортой. Ямар сайндаа өөрчлөн байгуулалтын үндэс нь нээлттэй, ил тод байдал (гласность) хэмээн М.Горбачёв тунхаглаж байх вэ дээ.

Тэгвэл өнөөдөр ЗХУ-ыг залгамжлагч ОХУ мөн л төрийн мэдлийн буюу төрийн хатуу хяналт доорх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан муу муухай, хулгай луйвраа нууж хаацайлсаар дахин сууриараа ганхаж эхлээд байна. Авлига Орос орныг хэрхэн идсэнийг Украины дайн дэлхий нийтэд дэлгэн харууллаа.

Манайд ч авлига, хулгай багадаагүй. Гэхдээ чөлөөт хэвлэл нийгмийн аливаа асуудлыг төрийн зүгээс үзүүлж болох дарамт шахалтаас эмээлгүйгээр уудлан илчлэх боломжтой байгаа явдал бидний нэг гол давуу тал юм. Юу болохгүй байгааг, юу буруу байгааг, юу болж байгааг, өөрөөр хэлбэл асуудал хаана буйг, бид ямар түвшинд байна гэдгийг бодитоор харах боломжийг ил тод байдал олгодог.

Тэгвэл ил тод байдлыг эрхэмлэдэг америкийн хууль тогтоох байгууллага - Конгрессын дэргэдэх судалгааны хүрээлэнгээс гаргасан гарын авлага миний өмнө байна. Конгрессын гишүүд, байнгын хороодын хэрэгцээнд зориулж гаргасан уг гарын авлагад АНУ-ын гадаад бодлогын үндсэн дөрвөн элементийг тодорхойлсон байх бөгөөд эдгээр нь Монгол Улсын язгуур ашиг сонирхолтой бүх талаар яв цав нийцдэг.

Үүнд:

Нэг. Америкийн глобал манлайллыг хадгалах

АНУ нь дэлхийн II дайны дараа ОУ-ын харилцааны тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх олон талт үйл ажиллагааг оройлон зохион байгуулагч, ОУ-ын эрх зүйн хэм хэмжээ, нормыг сахиулах үүрэг гүйцэтгэдэг дэлхийн хамгийн чухал улс болсон. “Чөлөөт ертөнцийн лидер”, “дэлхийн хэт их гүрэн”, “системийн админ”, “дэлхийн жандарм-цагдаа” гэхчлэн янз бүрээр нэрлэгддэг америкийн энэхүү үүрэг ролийг хэвээр хадгалах.

Хоёр. ОУ-ын харилцааны либерал дэг журмыг хамгаалж, бэхжүүлэх

Дэлхийн улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, түүнийг хүчээр буюу албадлагаар өөрчлөхийг үл зөвшөөрөх, аливаа маргааныг нийтээр хүлээн зөвшөөрсөн ОУ-ын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд эв зүйгээр шийдвэрлэхийг чухалчлах, ОУ-ын эрх зүйн зарчим, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, тогтсон хэм хэмжээг хүндэтгэх, энэхүү тогтолцоонд шаардлагатай ОУ-ын институцуудыг бэхжүүлэх, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг хангах зорилгоор ОУ-ын чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын системийг хөхиүлэн дэмжих, их далай (далайд гарцтай орнуудын дотоод ус, харьяа тэнгисээс гадуурх бүх хэсэг), олон улсын усан зам, олон улсын агаарын орон зай, гадаад сансар, кибер орон зайг сахин хамгаалах.

Гурав. Эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг хамгаалж, дэмжих

Даян дэлхийн энх тайвны төлөө хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, ололт дэвшлийг хамгаалж, ардчилсан бус аливаа дэглэмийг эсэргүүцэх.

Дөрөв. Евразид хүчний тэнцвэрийг хангах

Аль нэг улс гүрэн, эвсэл холбоо Евразийн хүн хүч, түүхий эдийн нөөц, эдийн засгийн потенциалыг бүхэлд нь гартаа авч улмаар бүс нутагт дангаар ноёрхох байр суурь эзлэх нь америкийн геополитикийн сонирхолд харшлах бөгөөд энэ нь хүчний тэнцвэрийг алдагдуулж, цаашлаад АНУ-ын үндэсний эрх ашигт шууд заналхийлэх тул тийм нөлөө бүхий хүчирхэг тоглогч тодрон гарахаас сэргийлж, Евразийн хэрэг явдалд идэвхтэй оролцох гэжээ.

Одоо энэ дөрвөн элементийг тус бүрээр нь дэлгэрэнгүй авч үзье.

Америкийн глобал манлайлал гэдэг нь манай эрхэм хөршийн бачимдан тодорхойлсон “Америкийн либерал ноёрхол” гэгчтэй утга нэг юм. Hegemony (оросоор гегомония) гэдгийг монголоор ноёрхол хэмээн буулгасан хэрэг л дээ. “Liberal hegemony”, “American hegemony”, “US hegemony” гээд янз бүрээр л бичиж байдаг. Ер нь Америкийн глобал манлайлал гэнэ үү, либерал ноёрхол ч гэнэ үү, ердөө хамаагүй эд. Гагцхүү LIO (liberal international order) буюу ОУ-ын харилцааны либерал дэг журмыг хамгаалж, өнөөгийн ОУ-ын харилцааны системд тогтсон хүчний тэнцвэрийг тогтвортой хадгалахын тулд АНУ дэлхийд цагдаагийн үүрэг гүйцэтгэж, эмх журам сахиулж буй процесс гэж ойлгоход болно.

Дэлхийн дэг журам гэдэг нь энгийнээр хэлбэл, хэдүүлээ ширэнгийн хуулиар явахгүй шүү, бүгд дур дураараа авирлахгүй шүү. Харин нийтээрээ хэлэлцэн зөвшиж, тогтоосон дүрэм журмаа сахиж, түүнд захирагдаж явна шүү л гэсэн тохироо. Үүний хэрэгжилтийг хангах үүргийг АНУ өөртөө авсан гэсэн үг. Учир нь Америкаас өөр глобал түвшинд дэг журам мөрдүүлж чадах хүч, нөөц бололцоотой улс гүрэн одоогоор алга. Нөгөөтээгүүр өөртэй нь өрсөлдөхүйц тийм хүчирхэг гүрнийг гаргаж ирэхгүй байх нь ч Вашингтоны сонирхол юм.

Дэлхийд дэг журам сахиулахын тулд АНУ маш их үнэ төлж байгаа. Пентагон цэргийн зардалд жил бүр 800 орчим тэрбум ам.доллар (америкийн ДНБ-ий бараг 4%-тай тэнцэх хэмжээний хөрөнгө) гаргаж, өөрийн аюулгүй байдлыг хангах хийгээд дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад зарцуулдаг. Вашингтон Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг мөрдүүлж, Иран, БНАСАУ зэрэг авторитар дэглэмүүд цөмийн зэвсэг бүтээж, эзэмших, улмаар тэднээр дамжин террорист бүлгүүдийн гарт цөмийн зэвсэг орохын эсрэг хяналт тавьж, хүн төрөлхтний иргэншил аюул заналд өртөхөөс сэргийлдэг.

АНУ-ын батлан хамгаалахын төсөв нь цэргийн зардлаараа Америкийн араас жагсдаг 9 улсын цэргийн зардлын нийлбэрээс давдаг
АНУ-ын батлан хамгаалахын төсөв нь цэргийн зардлаараа Америкийн араас жагсдаг 9 улсын цэргийн зардлын нийлбэрээс давдаг

Америкийн Тэнгисийн хүчин далайн тээврийн гол замууд, зангилаа цэгүүдийг хянаж, олон улсын худалдаа саадгүй хэвийн явагдах нөхцөлөөр хангадаг. Тэртээ XIII зуунд Монголын эзэнт гүрэн “Торгоны зам”-ыг хамгаалж, Евразийн аюулгүй байдлыг ханган Pax Mongolica (Монголын энх амар)-г тогтоож байсан бол тэрхүү үүргийг хожим Их Британи (Pax Britannica) өвлөн авч, өдгөө АНУ (Pax Americana) залгамжлан үргэлжлүүлж байна.

Америк судалгаа, хөгжүүлэлтээр дэлхийд хошуучилж, технологийн дэвшлийг түүчээлдэг. Хүн төрөлхтний ахуй нөхцөлийг сайжруулсан олон олон нээлтүүд Америкт хийгдэж, дэлхийн эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар буй. Шулуухан хэлэхэд, дэлхийн эдийн засгийн хөгжлийн зүтгүүр-локомотивын үүргийг АНУ он удаан жил гүйцэтгэж байна. Дээр нь ам.долларт суурилсан олон улсын төлбөр тооцооны системийн хэвийн ажиллагааг хангаж, олон улсын худалдаа чөлөөтэй явагдах орчныг бүрдүүлдэг.

Хэдийгээр АНУ нь ОУ-ын эрхзүйн хэм хэмжээг сахиулж, дэлхий нийтээр мөрдүүлэх үүрэгтэй ч өөрөө түүндээ харшлах үйлдэл хийж, дайн дэгдээдэг гэх шүүмжлэл хүлээх нь бий. Гэвч Афганистан, Иракт цэргийн интервенц хийж, Сири, Ливийн иргэний дайнд оролцсон явдал нь дэлхийн дэг журмыг сахиулах Америкийн хүлээсэн үүргийн хүрээнд хийгдсэн алхмууд юм. Тодруулбал, АНУ тэдгээр орнуудад цэргээ оруулсан ч хил хязгаарыг нь хүчээр өөрчлөх, өөртөө нэгтгэх зэргээр дураар авирлаж, ОУ-ын эрх зүйн эсрэг алхам хийгээгүй. Үүгээрээ ОХУ-ын Крым болон дорнод Украинд баримталж буй бодлогоос эрс ялгарна. Бүр адаглаад л америк цэргүүд байлдааны талбарт тонуул хийж, гэр рүүгээ угаалгын машин, тоос сорогч зөөдөггүй.

Мөн АНУ, НАТО-гийн цэргийн интервенц хийсэн орнууд нь бүгд дарангуйлагч дэглэмтэй орнууд бөгөөд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг хамгаалж, дэмжихээр тунхагласан үүргийнхээ дагуу хийсэн чөлөөлөх ажиллагаа гэж хэлж бас болно. АНУ зөвхөн дарангуйлагч дэглэмийг солих (regime change) операц зохион байгуулдаг. Шүүмжлэгчид Украиныг Ирак юм уу Сиритэй харьцуулж байгаа. Гэтэл Украины асуудал, Сири, Иракаас үндсээрээ ялгаатай. Украин бол ардчилсан улс. Дарлагдсан ард түмнүүдийг харгис дарангуйлагчдаас чөлөөлөх явдал ёс суртахууны зөвтгөлийг өөртөө тээдэг бол энэ нь Украины хувьд үгүй юм. Дээр нь ОХУ Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үл хүндэтгэж, газар нутгийг нь тасчин хувааж байгааг ОУ-ын эрхзүйн үүднээс хэрхэвч хүлээн зөвшөөрөх аргагүй.

ОУ-ын харилцааны либерал онолд ардчилсан энх тайвны онол (democratic peace theory) гэх салбар онол бий. Уг онолд ардчилсан дэглэмтэй орнууд өөр хоорондоо зэвсэг зөрүүлж, түрэмгий дайн өдүүлдэггүй буюу тэгэх нь нэн ховор тохиолддог гэж нотолдог. Энэ онолын дагуу дэлхийг дарангуйлагч дэглэмүүдээс цэвэрлэснээр урт хугацаанд энх тайван тогтоно гэх итгэл үнэмшлээр Вашингтоны үйлдлийг зөвтгөх үндэстэй. Түүнчлэн эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг хамгаалах нь өөрөө америкийн зөөлөн хүчний чухал зэвсэг хэмээн тооцогддогийг санахад илүүдэхгүй.

Евразид хүчний тэнцвэрийг хангах, Евразийн хэрэг явдалд идэвхтэй оролцох америкийн сонирхол нь шууд бусаар Монголын аюулгүй байдлыг давхар хангадаг. Америкийн энэхүү сонирхол нь Орос, Хятад, Ираныг тогтоон барьж, хазаарлаж, түүгээр үл барам өөрийн холбоотнуудыг ч Вашингтоны ар хударгаар үгсэн тохирч, эвсэж холбоолохоос сэргийлэхэд анхаарал хандуулдаг.

Япон, Солонгост цэргээ байрлуулж, Тайванийг зэвсэглэж, Австралитай холбоолж, Вьетнам, Тайландтай ойр түншилж, Энэтхэгийг өөртөө татаж байгаа нь Хятадыг тогтоон барихад чиглэсэн алхам. Төв Азид нөлөөгөө бэхжүүлж, НАТО-г дорно зүгт идэвхтэй тэлж байгаа нь ч Оросыг шахах сонирхол. Персийн булангийн орнуудад цэрэг байрлуулж, Израильтай ойр нягт харилцдаг нь Ираныг бүслэн хааж буй хэрэг. Ер нь хөрш зэргэлдээ орнуудынхаа оршин тогтнолд шууд заналхийлж, газрын хөрснөөс арчина хэмээн илээр сүрдүүлдэг Тегеран мэтийн дайсагнагч дэглэмүүдтэй ёсорхоод байх шаардлагагүй юм.

Их Британийн хувьд Европын эх газарт Франц, Герман, Оросыг хооронд нь хагаралдуулах буюу нэгнийх нь эсрэг нөгөөтэй нь холбоолох замаар хүчний тэнцвэр хангаж ирсэн уламжлалтай. Энэ шалгарсан тактикийг Вашингтон өвлөж авсан. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтан Э.Сноудены илчилсэн тагнуулын PRISM хөтөлбөрийн хүрээнд америкууд өөрийн холбоотнуудаа, тодруулбал Франц (Ерөнхийлөгч Ж.Ширак, Н.Саркози, Ф.Олланд), Германы (Г.Шрёдер, А.Меркель) удирдагчдын утсан харилцааг урт хугацаанд тогтмол хянаж байсан нь илэрч, албан ёсоор уучлалт гуйсан. Вашингтон яагаад холбоотнуудаа тагнаж чагнаж байгаа хэрэг вэ?

Франц, Германы хувьд Оростой холбоолох замаар Европ дахь Америкийн үнэмлэхүй нөлөөллийг бууруулах нууцхан сонирхолтой. Үүнийг таслан зогсоох нь америкийн эрх ашигт нийцнэ. Гэтэл Украины дайны улмаас Франц-Герман-Оросын холбоо хэрэгжих боломжгүй болохдоо тулж буйд Берлин, Парис тун ч сэтгэл дундуур буй. Өөрөөр хэлбэл хүссэн хүсээгүй тэд Оросыг дайсан болгож, эргэлт буцалтгүй алдаж мэдэхээр болоод байна. Оросын түрэмгийллийг хуучин ЗХУ-ын нөлөөнд дорнод Европ, Балтын орнууд хүчтэй эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэхээс ч аргагүй. Учир нь дараагийн бай нь өөрсдөө болж мэдэх юм. Харин Франц, Герман бол тэднээс арай өөр сонирхолтой, “хүнд жин”-гийн тоглогчид. Тэдний хувьд Москва шууд аюул занал гэхээсээ ирээдүйтэй түнш нь болох байсан юм. Франц, Герман улс Украины асуудлаар өнөөг хүртэл хөдөлж ядан, хөшүүн хойрго хандаж, дүлгэнээд буйн учрыг эндээс ухаж ойлгож болно.

Францын Ерөнхийлөгч Шарль де Голль 1966 онд НАТО-гоос гарч байлаа. Герман, Франц улсууд Орос, Хятадын хамтаар 2003 онд Иракт цэрэг оруулахыг эсэргүүцэж байсны дээр Ирантай харилцаагаа хэвийн болгох сонирхолтой. Үүнийг нь Вашингтон төдийлөн таашаадаггүй. 2008 оны Орос-Гүржийн дайны үеэр Францын Ерөнхийлөгч Н.Саркози зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан бол өдгөө Э.Макрон Орос-Украины хооронд гал зогсоохоор зуучилж байна. Ингээд харахад эцсийн дүндээ Украины дайны жинхэнэ ялагч нь аанай л Вашингтон болж таарч байгаа юм. Тэд Парис, Берлинийг хазаарлаж авлаа гэсэн үг.

Нөгөө талд Америкийн хүчин чадал нь Орос, Хятадын тааваараа, дур зоргоор авирлах гэсэн хэмжээлшгүй хүслийг хазаарлаж байгаа. Вашингтон Орос, Хятадын газар нутгийг дамнан Монголд шууд заналхийлэх боломжгүй. Үүгээрээ Америк нь Монголын хувьд аюулгүй түнш юм. Ер нь манай гуравдагч хөршүүд бүгдээрээ энэ “аюулгүй” ангилалд багтана. Тэгэхээр бодит аюул хаанаас ирэх боломжтой вэ гэдэг маш тодорхой… Хөршүүдийнхээ амар заяаг үзүүлдэггүй Орос, хэрэв түүхийн тооцоо бодвол нэгд, хоёрт, гуравт хэмээн дугаарлаж, тэвчээртэй гэгч цагийг хүлээн хөмхий зууж явдаг Хятадыг “хариуцлагатай” байлгаж буй цорын ганц хүч бол Америк. Тиймээс Вашингтон хүчирхэг хэвээр байх нь Монголд туйлаас өлзийтэй!

Энэ л шалтгаанаар ардчилсан Украиныг авторитар Оросоос хамгаалах нь АНУ-ын төдийгүй дэлхийн энх тайванд санаа тавьдаг бүх ардчилсан улсын үүрэг болно. Хамгийн гол нь бидний амьдарч буй өнөөдрийн дэлхий ертөнцөд хэрэв аль нэг улс дайн хийх зайлшгүй шаардлагатай тохиолдолд тэр дайныг нэг бол АНУ, эсвэл түүний холбоотнууд, үгүй бол зөвхөн АНУ-ын “адис”, зөвшөөрлөөр өөр бусад улс хийх ёстой. Монголын эзэнт гүрний үед ч тийм байсан. Хархорумын зөвшөөрөлгүйгээр дайн өдөөж, дур зоргоор авирлах нь цаазын ялтай дүйцэж байсан. Тэгвэл дэлхийд энх амрыг тогтоож буйн хувиар аюулгүй байдлын асуудлыг АНУ толгой мэдэж шийдэх эрхтэй. Тэр эрхийн төлөө хөндлөнгөөс санаархагчдыг яг Украины дайны жишгээр таслан зогсоож, байранд нь тавьж байх ёстой.

Шударга бус мэт сонсогдож байгаа биз. Шүүмжлэгчид энэ л “шударга бус байдал”-аар гул барьж, заримдаа бүр махчин янкууд хэмээн хараан зүхэх агаад энд тэнд дайн самуун дэгдээж, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хутгалдаж, тогтворгүй байдлын үрийг үүгээр түүгээр тарьж тарааж явдаг гэж буруутгадаг. Кремль, Жун Наньхай ордон ч америкийн ичгүүргүй хоёр нүүр, давхар стандартыг чичлэн “Хар даа! Эд нар ийм л шударга бус нөхөд шүү дээ” хэмээн сөхөж тавьдаг асуудлууд нь заримдаа үнэхээр бодит үндэслэлтэй гэмээр, толгой дохин зөвшөөрмөөр санагдана.

Гэвч хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн түүх шударга бус явдлаар дүүрэн. Ерөөсөө хүчтэй нь хүчгүйгээ эрхшээж, дарлаж, мөлжиж ирсэн байдаг. Сүүлийн хоёр мянган жилд урссан, урсгасан цус арвин. Ердөө зуу хүрэхгүй жилийн өмнө бид холокост, геноцид, цөмийн аюул, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулж, бүр түүнийг дэврээж явсан шүү дээ. 1990 он хүртэл Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч апартеид дэглэм оршин тогтнож байлаа. Тэгэхэд шударга ёс хаана байсан юм бэ гээд нэг бодоод үзээрэй.

Харин өнөөдөр, ОУ-ын харилцааны либерал дэг журмын хүрээнд л дэлхийн хэрэг явдалд шударга бус байдал өмнөх түүхтэй харьцуулахад илэрхий багасаад байгаа билээ. Сүүлийн хоёр мянганд бүхэлдээ шударга биш байсан дэлхий өдгөө бас чиг “учир жанцантай”, заримдаа шударга, заримдаа шударга бус гэж хэлж болохуйц танагтай болоод байгаа нь энэ шүү. Дэлхийг Америкгүйгээр төсөөлбөл 1990-ээд оны Орос, 1990-2000-аад оны Монгол л толгойд буудаг. Хуульгүй, эмх замбараагүй. Зарчим нь чадаж байгаа юманд аргагүй. Ерөөсөө анархизм, хаос…

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn