М.МакКоннел: Украинд тусламж үзүүлэхийг Сенат дэмжих болно

АНУ-ын Сенатын цөөнхийн бүлгийн ахлагч, Бүгд найрамдах намын сенатор М.МакКоннел Украинд зориулсан 40 тэрбум ам.долларын тусламжийн багцыг Сенат дахь хоёр намын төлөөлөл дэмжиж байгааг мэдэгдэв.
М.МакКоннел: Украинд тусламж үзүүлэхийг Сенат дэмжих болно
© Bloomberg

Тэрээр бямба гарагт Сенатын төлөөлөгчдийн хамтаар Киевт айлчилж, Украины Ерөнхийлөгч В.Зеленськийтэй уулзсан бөгөөд уулзалтын дараа Бүгд найрамдах нам (БНН)-ын зарим сенатор уг асуудлаар эсрэг байр суурьтай байгаа ч бидний олонх нь хуулийн төслийг дэмжих болно гэжээ.

Мөн М.МакКоннел Ерөнхийлөгч Ж.Байденд хандан ОХУ-ыг терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтад оруулахыг уриалжээ. Өмнө нь Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Н.Пелоси үүнтэй ижил байр суурь илэрхийлж байсан билээ.

Цагаан ордон Украинд тусламж үзүүлэхэд зориулж Конгрессоос 32 тэрбум ам.доллар хүссэн. Хэлэлцүүлгийн явцад Төлөөлөгчдийн танхимын гишүүд төсвийн хэмжээг нэмэгдүүлж 40 тэрбум ам.доллароор батлан Сенатад шилжүүлсэн юм. Харин БНН-ын сенатор Р.Пол дээрх хуулийн төсөлд хориг тавьсан шалтгаанаа “Би өөр нэг гаднын улсын бус АНУ-ын Үндсэн хуульд тангараг өргөсөн. Америкийн татвар төлөгчдийн 40 тэрбум ам.долларын зарцуулалтад хяналт тавих зохицуулалт тусгагдаагүй байна” гэж тайлбарласан.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Д.Трампын хүү бага Д.Трамп ч “Дэлгүүрүүдэд эхийн сүү орлуулагч олдохгүй байхад Конгресс Украинд зориулж 40 тэрбум ам.доллар баталж байна. Америк нэгдүгээрт байх ёстой” хэмээн шүүмжилсэн. Тэгвэл М.МакКоннел “Дэлхийн II дайнаас авсан нэг сургамж бол түрэмгийллийн эсрэг эртхэн хөдлөөгүй явдал. Энэ алдаагаа бид дахин давтах ёсгүй. Хэрэв оросууд Украинд амжилт олбол дайнаа зогсоохгүй. Тиймээс Путины түрэмгийллийг яг одоо л зогсоох ёстой” гээд “Инфляц, барааны хомсдолын шалтгаан бол Ардчилсан намынхны дэмжсэн 2 их наяд ам.долларын хөтөлбөр. Бид ердөө 40 тэрбум ам.долларын асуудал ярьж байна. Үүнийг манай намынхан улс төржүүлэхгүй гэж найдаж байна” гэжээ.

Түүний хэлснээр даваа гарагт Сенат Р.Полын хоригийг хүлээн авах эсэхийг санал хураалтаар шийднэ. Ямар үр дүн гарах нь тодорхой тул лхагва гарагт хуулийн төсөл эцэслэн батлагдах аж. М.МакКоннел тэргүүтэй төлөөлөгчид Киевээс Финланд, Шведийг зорьжээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn