Япон: Оросын газрын тосноос татгалзахад хугацаа шаардлагатай

Японы Ерөнхий сайд Кишида Фумио Долоогийн бүлгийн видео хуралд оролцсоныхоо дараа ийнхүү мэдэгдсэн юм.
Япон: Оросын газрын тосноос татгалзахад хугацаа шаардлагатай
© Bloomberg

Кишида Фумио даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Оросоос авдаг газрын тос, байгалийн хийн “Сахалин-1”, “Сахалин-2” төслүүдийг цаашид үргэлжлүүлнэ хэмээсэн. Гэвч тэрээр Долоогийн бүлгийн удирдагчдын онлайн уулзалтаар байр сууриа өөрчилж, хоригт нэгдэхээ мэдэгдсэн билээ.

Кишида энэ талаар тайлбарлахдаа “Эрчим хүчний түүхий эдээ бүхэлд нь импортоор авдаг орны хувьд туйлын хүнд шийдвэр байлаа. Гэсэн хэдий ч энэ удаад Долоогийн бүлгийн нэгдмэл байр суурь юу юунаас илүү чухал гэж манай засгийн газар үзсэн” гэжээ. Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар Ерөнхий сайд Кишида Долоогийн бүлгийн түншүүд хийгээд Украины Ерөнхийлөгч В.Зеленськийн байр суурийг сонсож, санал солилцсоны үндсэн дээр Оросоос газрын тос импортод хориг тавих хамтын шийдвэрийг “зарчмын хувьд” дэмжсэн гэсэн юм.

Япон улсын нийт нүүрсний импортын 10.8%, байгалийн хийн импортын 8.8% нь ОХУ-д ногддог. Харин оросын газрын тосны хамаарал харьцангуй бага буюу импортын 3.6%-ийг эзэлдэг боловч хоригийн улмаас дотоодод түлш, шатахууны үнэ нэмэгдэнэ гэх болгоомжлол хэдийн газар авчээ. Уг шийдвэрээс өмнө Токио оросын нүүрснээс татгалзах болсноо мөн зарласан. Гэхдээ нүүрс болон газрын тосны импортыг бүрэн зогсоох эцсийн хугацааг одоо хүртэл зарлаагүй байгаа нь зах зээлд хүчтэй савлагаа үүсгэхээс сэргийлэх зорилготой юм.

Японы газрын тосны импортын бүтэц
Японы газрын тосны импортын бүтэц

Оросын эсрэг тавьсан хоригийн улмаас Японд цахилгаан эрчим хүчний үнэ огцом өсөж, инфляцын түвшин нэмэгдэн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа ч япончууд засгийн газрынхаа шийдвэрийг дэмжсэн хэвээр байна. Ерөнхий сайд Кишидагийн кабинетын рейтинг сүүлд 3%-аар өсөж 62%-д хүрсэн бол иргэдийн 64% нь оросын түрэмгийллийн эсрэг баримталж байгаа түүний бодлогод талархалтай хандаж байгаа дүн гарчээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn