Герман-Францын дээд хэмжээний уулзалт боллоо

Францын Ерөнхийлөгч Э.Макрон 5 дугаар сарын 9-нд Берлинд айлчилж, канцлер О.Шольцтой хэлэлцээ хийсэн бөгөөд талууд Украинд үзүүлж буй тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлж, батлан хамгаалахын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлнэ хэмээн амлав.
Герман-Францын дээд хэмжээний уулзалт боллоо
© Bloomberg

Ерөнхийлөгч Э.Макрон улиран сонгогдсоныхоо дараах анхны гадаад айлчлалаа ийнхүү Герман улсад хийлээ. Айлчлалын товын хувьд оросуудын тэмдэглэдэг Ялалтын баяртай давхцуулсан явдал Парис, Берлиний эв санааны нэгдлийг Москвад харуулах зорилго агуулжээ.

Европын Холбооны тэргүүлэгч гүрнүүд болох Франц, Герман нь Украинд үзүүлэх цэргийн болон санхүүгийн тусламжаа үргэлжлүүлэхээр санал нэгдэж, Украиныг Европын интеграцид багтахыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Европын Холбооны зүгээс ойрын хугацаанд Киевт ЕХ-ны гишүүнээр элсэхээр горилогчийн статусыг албан ёсоор олгоно гэдгийг мөн нотолжээ.

Хоёр удирдагчийн уулзалтаар яригдсан өөр нэг анхаарал татах сэдэв нь Европын ирээдүйн асуудал байлаа. Тодруулбал, ирэх 6 дугаар сард болох ЕХ-ны гишүүн 27 орны дээд хэмжээний уулзалтаас өмнө горилогчийн статустай Балканы хойгийн Албани, Монтенегро, Серби, Умард Македон улсуудыг гишүүнчлэх эсэх асуудлаар тусгайлан уулзалт хийхээр тохиролцжээ. Эдгээр орнууд нь ЕХ-нд элсэх болзол, шаардлагыг хангахаар улс төр, эдийн засаг, шүүхийн суурь шинэчлэлийг шат дараатай хийгээд байгаа юм.

Э.Макрон, О.Шольц нар ЕХ-ны суурь гэрээг шинэчлэх талаар ч санал солилцжээ. Учир нь холбооны зүгээс гаргах аливаа шийдвэрийг бүх гишүүн орон санал нэгтэй дэмжсэн тохиолдолд л хүчин төгөлдөр болдог зохицуулалт зарим хүндрэл дагуулж байгаа билээ. Сүүлийн жишээ нь Оросын эсрэг эрчим хүчний хоригт Унгар вето тавьсны улмаас асуудал мухардалд орсон. Иймээс суурь гэрээнд өөрчлөлт оруулж, ердийн олонхоор асуудлыг шийддэг болох санал гаргаад буй.

Харин Дани, Швед, Польш тэргүүтэй 10 гаруй улс хамтарсан мэдэгдэл гаргаж, суурь гэрээг өөрчлөх Парис, Берлины санаачилгыг эсэргүүцсэн. Тэдний хувьд институцын өөрчлөлтийн талаар хөндөх тохиромжтой цаг нь одоо биш гэж үзсэн юм.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn