
Европын Холбоо Германы канцлер асан Г.Шрёдер болон Австрийн Гадаад хэргийн сайд асан К.Кнайсль нарыг хоригт оруулж болзошгүй байна.
Германы эвслийн засгийн газар Кремльтэй ойр харилцаатай канцлер асан Г.Шрёдерийн Бундестаг дахь оффисыг хаахаар шийдвэрлэжээ. Ингэснээр тэрээр хуучин канцлерын хувиар төр засгийн түвшинд ямарваа эрх, үүрэг хариуцлага дахин хүлээхгүй хэмээн засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна. Оросын түрэмгийлэл эхлэхтэй зэрэгцэн түүний оффисын ихэнх ажилтан сайн дураараа ажлаасаа татгалзсан юм. Өнгөрсөн онд л гэхэд түүний оффисын зардалд 407 мянган евро зарцуулсан байдаг. Харин түүнийг хувийн бие хамгаалагч, туслахаар үргэлжлүүлэн хангаж, тэтгэврийг нь мөн хэвийн олгох аж.
Украины Буча хот дахь харгислал олон нийтэд ил болсны дараахан Г.Шрёдерийг оросын төрийн мэдлийн “Роснефть” болон “Умард Урсгал” төслийн компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалаасаа огцрохыг шаардсан ч тэрээр татгалзсан билээ. Түүнчлэн Германы Социал демократ нам түүнийг намын гишүүнчлэлээсээ татгалзахыг шаардсан.
Өдгөө 78 настай Г.Шрёдер хэлэхдээ “Энэ дайн алдаа байсан. Одоо бидний хийх ёстой ажил бол нэн даруй энх тайван тогтоох явдал” гээд “Бид Орос шиг улсыг улс төр хийгээд эдийн засгийн хувьд урт хугацаанд тусгаарлаж чадахгүй. Германы аж үйлдвэрт шаардлагатай түүхий эд Орост бий. Зөвхөн нефть, байгалийн хий бус газрын ховор металлын талаар би ярьж байна. Дайны дараа бид Оростой үргэлжлүүлэн харилцах болно. Бид үргэлж л тэгдэг” хэмээн мэдэгдсэн удаатай.
Брюселлийн зүгээс Г.Шрёдер нарын оросын талыг баримтлагчдыг хоригт хамруулах асуудлыг сөхөх болсон бөгөөд Европын Холбооны парламентад уг санал дэмжлэг авах магадлалтай байна. Харин Германы засгийн газар энэ талаар нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg, Deutsche Welle, Welt