“Долоогийн бүлэг”-ийн удирдагч нар ядуу буурай орнуудад нэг тэрбум вакцин хандивлана

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны даргалсан энэ удаагийн уулзалтаар “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагч нар БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг сөрөн зогсох дэд бүтцийн шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрчээ.
“Долоогийн бүлэг”-ийн удирдагч нар ядуу буурай орнуудад нэг тэрбум вакцин хандивлана
mongoltv

Их Британийн Корнвол хойгийн Карбис Бэй эргийн хотод гурван өдөр үргэлжилсэн “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт ням гарагт өндөрлөлөө. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны даргалсан энэ удаагийн уулзалтаар “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагч нар БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг сөрөн зогсох дэд бүтцийн шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрчээ.

Их Британид болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр талууд дэлхийн эдийн засаг, гадаад бодлого болон “Ковид-19”-ийн халдвараас ангижрах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн байна. Цагаан ордны мэдээлснээр, “Долоогийн бүлэг”-ийн удирдагч нар бага, дунд орлоготой орнуудын дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хангах шинэ санаачилгыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. “Долоогийн бүлэг” болон бусад түншүүд Латин Америк, Африк, Энэтхэг-Номхон далайн бүс болон бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд ил тод, тогтвортой, байгальд ээлтэй байдлаар хувь нэмрээ оруулахаар болсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа энэхүү санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад туслах ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг орнуудын хүрээг бий болгох замаар БНХАУ-ыг сөрөн зогсох зорилготой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд “Долоогийн бүлэг”-ийн удирдагч нар “Ковид-19”-ийн халдвартай тэмцэхэд туслах зорилгоор ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакциныг 2022 ондоо багтаан хандивлах болсноо мэдэгдсэн байна. Ажиглагчдын зүгээс энэ хэмжээний вакцин хангалтгүй гэж үзэж байгаа бөгөөд цар тахлыг төгсгөл болгохын тулд дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулах шаардлагатай юм. ДЭМБ-аас нийт 11 тэрбум тун вакцин хэрэгтэй гэж үзээд байгаа юм.

Энэ удаагийн уулзалтыг зохион байгуулагч Их Британи улс болон Европын холбоо эрчим хүч үйлдвэрлэлд нүүрс ашиглахыг зогсоох хугацааг 2030 оны хавьцаа тогтоох санал оруулсан ч хамтарсан мэдэгдэлд тодорхой хугацаа заагаагүй орхисон байна. Тэд ямар нэг хугацаа заалгүйгээр нүүрснээс татгалзах үйл явцыг “хурдасгана” гэсэн амлалт авчээ. Их долоогийн ихэнх гүрнүүд хугацаа тогтоохыг дэмжиж байсан ч зарим нь нүүрснээс эрт татгалзахын эсрэг байр суурьтай байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна. “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан цар тахлын талаарх хэлэлцүүлэгт БНСУ, Өмнөд Африк, Австралийн удирдагч нар биечлэн оролцсон бол БНЭУ-ын Ерөнхий сайд цахимаар оролцжээ. Талууд Карбис-Бэйн тунхаглал гаргахаар тохиролцсон бөгөөд үүнд вакцины хөгжүүлэлт, цар тахлын эсрэг эрт хэрэгжүүлэх хариу арга хэмжээнүүдийг тусгах төлөвтэй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn