
“Энд тэндгүй машин, мотоцикл. Метроны буудал, автозамын том том уулзварууд. Энэ их дуу чимээг үнэхээр тэвчихийн арга алга” хэмээн Парисын Аврон гудамжны оршин суугч, 55 настай Доминик Лешене бухимдалтайгаар өгүүлж байна.
Парис хотын орчны бохирдлын 22% нь чимээний бохирдлоос үүдэлтэй. Европын Байгаль орчны агентлагийн мэдээллээр Парис хот Европын хамгийн чимээтэй хотуудын нэгд тооцогддог бөгөөд дуу чимээний түвшин ДЭМБ-аас тогтоосон зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх эмгэг үүсгэх хязгаарыг давжээ.
Машинаас гадна мотоцикл, мопед, цахилгаан скүүтерүүд чимээний бохирдолд ихээхэн хувь нэмэртэй. Шөнийн Парисаар хөндлөн давхих ганцхан скүүтер л гэхэд 10 мянган хүнийг нойрноос сэрээх боломжтой гэсэн судалгаа бий.
Чанга дуу чимээнээс болж нойр алдаж, дутуу нойртой хоносноор хөдөлмөрийн бүтээмж буурна. Үүний улмаас Франц улс жилд 147 тэрбум еврогийн хохирол амсдаг гэнэ. Чимээний бохирдол зөвхөн Парисаар хязгаарлагдахгүй, нийт 25 сая францчуудын амьдралд их бага хэмжээгээр нөлөөлж байна.
Тус улсад 432 мянган хүн дуу чимээнээс үүдэлтэй стресс бухимдлыг намжаахын тулд тайвшруулагч эм тогтмол хэрэглэдэг. Гэтэл чимээний бохирдол парисчуудын дундаж наслалтыг 10.7 сараар богиносгож буйг судалгаагаар тогтоожээ.
ДЭМБ-ын 2018 оны тайлан, энэ оны 2 дугаар сард гарсан НҮБ-ын тайланд хот суурин газрын чимээний бохирдлыг хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөгч ноцтой аюулын нэг хэмээн зарласан.
Иймээс ч Парис хотын захиргаанаас дуу чимээний бохирдлыг бууруулахаар шаргуу ажиллаж байна. 2015-2020 онд хэрэгжүүлсэн Чимээний бохирдлыг бууруулах төлөвлөгөөний эхний шатанд хотын хурдны тойрог замуудын дагуу чимээ сарниулагч байгууламжуудыг байгуулж, чимээ бага гаргах замын асфальт үйлдвэрлэх инновац судалгааг хөгжүүлж, туршжээ. Мөн шинээр баригдах барилгын гадна фасадад чимээ тусгаарлагч материал зайлшгүй ашиглах стандарт тогтоосон байна.
Үүний үр дүнд Европын Холбооноос тогтоосон зөвшөөрөгдөх дээд хязгаар болох 68 децибелээс дээш хэмжээний чимээтэй орчинд амьдарч буй парисчуудын тоо 2015 онд 231 мянга байсан бол 2021 онд 100 мянга болж буурчээ. Тэгвэл 2021-2026 онд хэрэгжих хоёрдугаар шатанд Парис хотын дуу чимээг 37%-аар бууруулах зорилт дэвшүүлсэн байна.
Энэ хүрээнд хот доторх хурдны хязгаарыг 50 км/ц-аас 30 км/ц болгох, мотоциклын зогсоолыг төлбөртэй болгох, шөнийн цагаар тусгай дуут дохио ашиглахыг хориглох зэрэг ажлууд багтсан байна.
Түүнчлэн зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан дуу чимээ гаргаж байгаа тээврийн хэрэгслийг илрүүлэх чимээ мэдрэгчтэй камеруудыг Парисын гудамжнуудад суурилуулж эхэлсэн бөгөөд 2023 оноос зөрчил гаргасан жолооч нарт 135 еврогийн торгууль ногдуулах аж.
Эх сурвалж: Bloomberg