
Швейцарын хуульч Карла дель Понтегийн хувьд хуучнаар Югославын Холбооны Улс болон Руандад үйлдэгдсэн дайны гэмт хэргийн буруутнуудыг шүүн таслах ажиллагаанд оролцож байжээ. Тэрбээр Швейцарын “Le Temps” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэв ОУ-ын Эрүүгийн шүүх Украинд дайны гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хангалттай нотлох баримт олбол гэмт буруутай бүх этгээдэд хариуцлага ногдуулах ёстой бөгөөд үүнд В.Путин ч хамаарна” гэж мэдэгдсэн байна.
“Слободан Милошевичийг мөрдөн шалган ажиллагааг эхлүүлж байхад тэр Сербийн Ерөнхийлөгчийн албыг хашсан хэвээр байв. Тухайн үед хэн ч хожим түүнийг Хаагийн шүүхийн сандалд сууна гэж төсөөлөөгүй юм шүү” хэмээн дель Понте нэмж хэлжээ.
Карла дель Понте төгсгөлд нь “Сөргөлдөгч талуудын аль аль нь дайны гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай, тухайлбал украины арми оросын цэргийн олзлогдогсодтой харгис хэрцгий хандаж, эрүүдэн шүүсэн гэх асуудлыг ч орхигдуулж болохгүй” гэв.
Украинд дайны гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоох зорилгоор ОУ-ын Эрүүгийн шүүхийн тусгай прокурор Карим Хан өнгөрөгч 3 дугаар сард Украин улсад ажилласан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Bloomberg