Европын их сургуулиуд Хятадын армийг бэхжүүлж байна

Нидерланд, Германы эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Follow the Money”, “CORRECTIV” байгууллага хамтран Европын топ их сургуулиудад ахисан түвшний судалгаа хийж буй хятад эрдэмтэд Хятадын зэвсэгт хүчинтэй нягт холбоотой байгааг тогтоожээ.
Европын их сургуулиуд Хятадын армийг бэхжүүлж байна

Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА)-ийн зэвсэглэлийг шинэчлэхэд гол үүрэгтэй судалгааны төв нь Хятадын Үндэсний батлан хамгаалахын технологийн их сургууль (ҮБХТИС) юм. Тэгвэл ХАЧА-ийг орчин үеийн зэвсэглэлээр хангахад амьдралаа зориулах уриатай тус сургуулийн төгсөгчид Европын шилдэг их сургуулиудад мэргэжил дээшлүүлэн европын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, сүүлийн арван жилд нийт 3,000 гаруй хамтарсан судалгааны бүтээл нийтлүүлжээ. Тэд хиймэл оюун ухаан, квантын супер компьютер, гиперсоник, роботын технологи зэрэг өндөр технологийн салбарт нарийн судалгаа хийж төгсөөд эх орондоо буцаж, ХАЧА-гийн зэвсгийн хөтөлбөрүүдэд ажиллах нь түгээмэл байна.

ХАЧА-тай холбоо хамааралтай хятад эрдэмтэд болон европ эрдэмтдийн хамтран гүйцэтгэсэн судалгааны ажлын тоо
ХАЧА-тай холбоо хамааралтай хятад эрдэмтэд болон европ эрдэмтдийн хамтран гүйцэтгэсэн судалгааны ажлын тоо

Тухайлбал, хятадын нэг физикч эрдэмтэн Италийн цөмийн физикийн институтэд 2 жил, Германы Хамбург, Майнц хотын их сургуулиудад 3 жил хамтарсан судалгаа хийсэн бөгөөд одоо Хятадын Физик инженерийн академид ажиллаж байна. Тус академи нь хятадын цөмийн зэвсгийн судалгааны хүрээлэн юм. Хятадын өөр нэг химич эрдэмтэн Берлиний институтэд 3 жил, Их Британийн Ливерпүүлийн их сургуульд 1 жил судалгаа хийжээ. Өдгөө тэрээр БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний тэргүүлдэг Цэргийн төв зөвлөлийн гишүүнээр томилогдсон байна. Хятадын гиперсоник пуужингийн бас нэг мэргэжилтэн Мюнхений техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, эх орондоо буцан Цэргийн төв зөвлөлийн удирдлага дор хэд хэдэн төсөл удирдаж байгаа аж.

Зөвхөн Германд л гэхэд ҮБХТИС-ийн төгсөгчид 230 гаруй хамтарсан судалгаа хийснээс 80 гаруй нь тус улсад 3-аас доошгүй жилийн хугацаанд дээр дурдсан стратегийн ач холбогдол бүхий өндөр технологийн эмзэг салбаруудад судалгааны ажил хийсэн байна. Тэдний 12 нь Германы засгийн газрын санхүүжилттэй Хумьболдтын сангийн тэтгэлэг авчээ. Өөрөөр хэлбэл, германы татвар төлөгчдийн мөнгө шууд бусаар ХАЧА-г бэхжүүлэх, түүний зэвсэглэлийг шинэчлэн сайжруулах үйлсэд зарцуулагдсан гэсэн үг. Тэдгээр 12 эрдэмтний хоёр нь тэтгэлэг авахдаа намтраа засаж, ХАЧА-тай холбоотой мэдээллээ хасаж мэдүүлсэн байсныг ч эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлжээ.

Энэ асуудлаар Германы Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Й.Бранденбургээс тодруулахад тэрээр “Бид Үндсэн хуульд заасны дагуу боловсролын байгууллагын бие даасан байдал, академик эрх чөлөөг хүндэтгэдэг. Тиймээс хэнийг сургах, хэнд тэтгэлэг олгохыг Берлинээс удирдан чиглүүлэх боломжгүй” гэжээ. Иймээс иргэний салбарт суралцаж, судалгаа хийсэн, хийж буй хятад эрдэмтэд ямарваа хууль зөрчсөн гэж үзэх үндэсгүй байгаа боловч тэд иргэний боловсролын салбарт олсон мэдлэгээ авторитар дэглэмийн зэвсэгт хүчний хөгжилд зориулж буй явдал маргааны сэдэв болохоос аргагүй юм.

Эх сурвалж: Deutsche Welle

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn