50 мянган ам.доллар олоод буцааж өгсөн хөвгүүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Шударга, үнэнч занг нь олон хүн шоолж “Чи ядуугаараа дуусна” хэмээн даапаалж байв
50 мянган ам.доллар олоод буцааж өгсөн хөвгүүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Сурагчийн цэнхэр дүрэмт хувцастай, богино өмдтэй 19 настай залуу хүү ангийнхнаасаа ихэд ялгарч харагдана. Учир нь тэрбээр ангийнхнаасаа зургаан насаар ах. Эммануэл амьдрахын эрхээр бага сургуулиа орхиж завсардуулсан ч одоо суралцах эрхээ эдэлж буй жаргалтай хөвгүүн.

Өнгөрсөн онд тэрбээр мототакси жолоодож яваад замын хажуугаас боож багласан доллар, либери мөнгөн дэвсгэрт олжээ. Дотор нь 50 мянган ам.доллар байв. Тэрбээр олзыг өөртөө үлдээж болох байсан ч тэгсэнгүй. Хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр үндэсний радиогоор зар түгээж эзнийг нь олж өгчээ.

Тэрээр Либерийн хөдөө нутгийн ядуу гэр бүлд өссөн хүүхэд бүрийн адилаар бага насандаа сургуулиа орхиж, гэр бүлдээ туслахаар ажил хийх болжээ. Эцэг нь загасчилж яваад далайд живж нас барсны дараа нагац эгч дээрээ ирж амьдрах болсон байна. Ийнхүү хэдэн жилийн өмнөөс мототаксины жолооч хийх болсон аж.

Шударга зангийн хариу

Эдүгээ Эммануэл Рикс институт гэх 135 жилийн өмнө байгуулагдсан, Либерийн элит ангийнхнийг бэлтгэн гаргадаг сургуульд суралцаж байна. Чөлөөлөгдсөн боолуудын үүсгэн байгуулж байсан энэ сургууль Атлантын далайн эргийн үзэсгэлэнтэй ногоон тохойд зургаан километр квадрат газрыг эзлэн оршдог. Хүүгийн шударга занг үнэлж тус улсын Ерөнхийлөгч Жорж Веа 10 мянган ам.доллар олгосон ба хэвлэл мэдээллийнхэн хандив цуглуулж өгчээ. Харин Эммануэлийн ачаар мөнгөө олсон хүмүүс түүнд талархлаа илэрхийлж 1500 орчим долларын эд бараа өгсөн гэнэ. Үүгээр зогсохгүй Либерийн хамгийн сайн сургуульд суралцах, сургуулиа төгсөөд Америкт их сургуульд суралцах тэтгэлгээр шагнуулсан байна.

“Би энэ сургуульд орсондоо их баяртай байна. Нэр хүнднээс нь илүү сахилга бат, академик эрдэм бас ёс суртахууныг дээдэлдэг газар” хэмээн Эммануэль инээмсэглэл тодруулан өгүүлж байна. Олон жил сургууль завсардсан тул суралцах зүйл их байгаа ч ихэд урам зоригтой суралцдаг аж. Шууд зургадугаар ангид орж ирсэн Эммануэл ичимхий, өөрийгөө илэрхийлэх чадвар муу байсан ч удалгүй сургуульдаа дасаж, дагаад хичээлдээ ч сайжирсан байна. Эммануэль хөлбөмбөгт хорхойтой, сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээ багийн нөөц хаалгач болжээ.

Тэрбээр зургаан жилийн дараа буюу 25 хүрээд сургуулиа төгсөнө. Эммануэл сургуулийнхаа дотуур байранд амьдарч, бие даасан амьдралд суралцаж ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж байна. Их сургуульд ороод санхүү, нягтлангийн мэргэжлээр суралцах сонирхолтой байгаа аж. “Намайг ингэж шагнасан бурханд талархаж байна. Шударга, шулуун зан эцэг эхээс минь өвлөгдсөн. Шударга, үнэнч байхыг залуустаа уриалж байна. Өөрт үл хамаарах зүйлийг битгий ав” хэмээн Эммануэл өгүүлэв.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn