Шри Ланкийн хямрал бол Азийн бусад улсад өгч буй анхааруулга

Эдийн засгийн гүн хямралын асуудал Шри Ланкаар зогсохгүй, бусад улс орон ч ийм хүнд байдалд орох эрсдэлтэй байна гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева анхааруулжээ.
Шри Ланкийн хямрал бол Азийн бусад улсад өгч буй анхааруулга

Шри Ланк улс эдийн засгийн гүн хямралд ороод байна. Үүний улмаас тус улс даяар олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, ерөнхийлөгч нь улс орноосоо зугтаж, улмаар тус улс даяар онц байдал зарласан.

Эдийн засгийн гүн хямралын асуудал Шри Ланкаар зогсохгүй, бусад улс орон ч ийм хүнд байдалд орох эрсдэлтэй байна гэж Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева анхааруулжээ.

“Өрийн түвшин өндөр, бодлогын орон зай хязгаарлагдмал улс орнууд нэмэлт дарамттай тулгарах болно. Шри Ланкийн хямралыг бусад улс орон ‘анхааруулгын дохио’ гэж харах хэрэгтэй” гэж Кристалина Георгиева саяхан мэдэгдсэн байна.

Хөгжиж буй улс орнуудад ч хөрөнгийн гадагшлах урсгал дөрвөн сар дараалан ажиглагдаж, өндөр хөгжилтэй улс орнуудыг гүйцэж түрүүлэх мөрөөдөл нь эрсдэлд орж байна гэж тэрээр ярьжээ.

Гадаад валютын хямралд орсон Шри Ланк улс 22 сая хүн амынхаа амин чухал хэрэгцээ болсон хоол хүнс, шатахуун болон эм тариа зэрэг бараа бүтээгдэхүүнийг импортолж авч чадахгүй хэмжээнд хүрээд байгаа билээ. Шри Ланк улсад өдгөө инфляц 50%-д хүрч, хүнсний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 80%-аар өсөөд байна. Мөн Шри Ланкийн рупийн ам.доллар болон дэлхийн бусад томоохон валюттай харьцах ханш энэ он гарсаар эрс унаад байгаа юм.

Цар тахалд нэрвэгдээд байсан эдийн засгаа үр нөлөөгүй, буруу бодлогоор удирдан жолоодсоны улмаас нөхцөл байдлыг хүндрүүлж, эдийн засгийн гүн хямралд оруулсан гэж Ерөнхийлөгч асан Готабая Ражапаксаг тус улсын ард иргэд буруушааж байна.

Шри Ланкийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ранил Викремесингхэ даваа гарагт “Cи-Эн-Эн” телевизэд /CNN/ хэлэхдээ “Өмнөх засаг захиргаа санхүүгийн хямралын талаарх баримтуудыг нуун дарагдуулж байсан. Шри Ланк улс дампуурсан, ОУВС-д хандахаас өөр аргагүйд хүрснийг Ерөнхийлөгч асан Готабая Ражапаксагийн засгийн газар ард иргэдэд үнэнээр нь хэлээгүй” гэжээ.

Өнгөрсөн жилүүдэд асар их өрийн дарамтад байсан Шри Ланк улс гадаад өрөө төлж барагдуулж чадахгүй болсны улмаас өнгөрсөн сард дефолт зарласан билээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд тус улс шиг дефолт зарласан улс орон Ази, Номхон далайн бүс нутагт өөр байхгүй.

Шри Ланкийн холбогдох албаны хүмүүс өдгөө ОУВС-гаас 3-4 тэрбум ам.долларын зээл, тусламж хүсээд байна. Гэвч улс төрийн тогтворгүй байдлын улмаас ОУВС-тай хийж буй хэлэлцээ зогсонги байдалтай байна.

Инфляц болон хүүгийн өсөлт, валютын ханшийн уналт, өндөр өр, гадаад валютын нөөц багасах зэрэг ижил төстэй “салхи шуурга” энэ бүс нутгийн бусад улс оронд ч сөргөөр нөлөөлж байна.

Эдгээр хөгжиж буй улс орны хувьд гол зээлдүүлэгч нь Хятад улс байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн хувь заяа нь одоо Хятадаас хамаарахаар байна. Гэвч Бээжингийн зээлийн нөхцөл ямар байсан, өрийн асуудлыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна.

Эдийн засгийн өндөр өгөөж авчрахгүй, өртөг өндөртэй дэд бүтцийн төслүүдийг Хятад улс дэмжиж, зээлж олгож байгаа нь буруу гэж “International Crisis Group” хэмээх олон улсын ашгийн бус, төрийн бус байгууллагын ахлах зөвлөх Алан Кинан хэлжээ.

Тэрээр цааш нь ярихдаа “Улс төрийн алдаа бол Шри Ланкийн эдийн засгийн уналтын гол шалтгаан. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, илүү ардчилсан улс төрийн соёлыг төлөвшүүлэхээс нааш Шри Ланк одоогийн хар дарсан зүүд шиг нөхцөл байдлаасаа гарч чадахгүй” гэсэн байна.

Харамсалтай нь, бусад улс орон ч Шри Ланкийн замаар явж байна.

ЛАОС

Далайд гарцгүй, 7.5 сая гаруй хүн амтай Зүүн Азийн энэ улс хэдэн сарын турш гадаад зээлээ төлж чадахгүй байх эрсдэлтэй тулгараад байна.

Украины эсрэг Оросын түрэмгийллийн улмаас нефтийн үнэ өссөн нь шатахууны нийлүүлэлтэд хүндрэл учруулж, улмаар нийт хүн амынх нь гуравны нэг ядуу тарчиг аж төрж буй Лаос улсад хүнсний үнэ огцом өсөөд байгаа аж.

Дотоодын эх сурвалжуудынх нь мэдээлж буйгаар, шатахуун авах гэсэн хүмүүс урт дараалал үүсгэж, зарим айл өрх нь хэрэглээний төлбөрөө ч төлж дийлэхгүй болжээ.

Лаосын мөнгөн тэмдэгт болох кипийн ам.доллартай харьцах ханш энэ он гарснаас хойш 30 гаруй хувиар сулраад байна.

АНУ бодлогын хүүгээ нэмсэнтэй холбоотойгоор ам.долларын ханш чангарч, бусад улс орны валютын ханш суларч, өрийн дарамт нэмэгдэж, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өртөг улам бүр нэмэгдсээр байна.

Хэдийнээ их хэмжээний өрөнд баригдаад буй Лаос улс зээлээ эргүүлэн төлж, шатахуун тэргүүтэй импортын бараа бүтээгдэхүүний төлбөрөө төлөх гэж “амь” тэмцэж байна.

Дэлхийн банкны мэдэгдсэнээр, өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар тус улс 1.3 тэрбум ам.долларын гадаадын валютын нөөцтэй байжээ.

Гэвч 2025 он хүртэл төлөх тус улсын нийт гадаад өр нь дотоодын нийт орлогынх нь бараг тэн хагастай адил хэмжээтэй байна.

Үүнтэй холбоотойгоор олон улсын зээлжих зэрэглэлийн “Moody's” агентлаг коммунист дэглэмтэй тус улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн сард “junk” буюу “өрийн өндөр эрсдэлтэй” гэсэн ангилал руу оруулсан юм.

Хятад улс усан цахилгаан станц, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэхийн тулд Лаос улсад сүүлийн жилүүдэд асар их хэмжээний зээл олгожээ.

Хятадын төрийн мэдлийн “Xinhua” мэдээллийн агентлагт Лаосын албаны хүмүүсийн ярьснаар, зөвхөн өнгөрсөн онд л гэхэд Бээжин 16 тэрбум ам.долларын өртөг бүхий 813 төслийг санхүүжүүлсэн байна.

Дэлхийн банкны мэдэгдсэнээр, 2021 онд Лаосын улсын өр ДНБ-ийх нь 88%-тай тэнцэж байсан бөгөөд энэ өрийн бараг тал хувийг Хятадад төлөх юм.

1975 оноос хойш Лаосын Ардын Хувьсгалт Нам хэмээх нэг нам засгийн эрхийг нь барьсаар ирсэн тус улс эдийн засгийн буруу менежментийн дор олон жил явж буйг олон улсын шинжээчид онцолж байна.

Гэхдээ “Moody's” агентлагийн шинжээчид Лаосын Хятадтай хийж буй худалдаа нэмэгдэж буйг тэмдэглээд, усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч экспортолж буйг нь “эерэг дэвшил” гэж дүгнэж байна.

Мөн тус агентлагийн эдийн засагч Херон Лим саяхны нэгэн илтгэлдээ “Лаос улс аюулын бүсээс гарч, аврагдахын тулд олон улсын банк санхүүгийн байгууллагаас тусламж эрэх хэрэгтэй” гэжээ.

ПАКИСТАН

Засгийн газар нь шатахууны татаасаа зогсоосноор тавдугаар сарын сүүлчээс хойш Пакистанд түлш шатахууны үнэ бараг 90%-аар өсөөд байна. Өдгөө тус улс эдийн тусламжийн хөтөлбөрийг сэргээхээр ОУВС-тай хэлэлцээ хийж байна.

Пакистан улс үнийн өсөлттэй тэмцсээр байна. Зургаадугаар сард тус улсын инфляцын жилийн түвшин 21.3%-д буюу сүүлийн 13 жилийн хамгийн дээд түвшинд хүрчээ.

Шри Ланк болон Лаосын нэгэн адил Пакистан улсын ч гадаад валютын нөөц багасаж, өнгөрсөн оны наймдугаар сараас хойш валютын нөөц нь бараг хоёр дахин буураад байна.

Импортын төлбөрийг бууруулахын тулд ууж буй цайныхаа хэмжээг багасгахыг Пакистаны засгийн газрын нөлөө бүхий нэгэн сайд ард иргэддээ өнгөрсөн сард уриалжээ.

Пакистаны асуудалд Хятад бас л хамаатай. Бээжинд төлөх ёстой өр Пакистаны нийт гадаад өрийн гуравны нэгээс илүү хувийг эзэлж байна.

МАЛЬДИВ

Мальдив улсын өр нь сүүлийн жилүүдэд эрс өсөж, ДНБ-ээсээ 100% хол давсан байна.

Шри Ланкийн нэгэн адил аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай байсан эдийн засгийг нь цар тахал үндсэндээ сүйрүүлээд байна.

Дэлхийн банкны мэдэгдсэнээр, аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай байдаг улс орнуудын гадаадын өрийн хэмжээ өндөр байх хандлагатай байдаг хэдий ч арлын энэ улс эдийн засгаа төрөлжүүлээгүй учраас шатахууны үнийн өсөлтөд илүү өртөмтгий байна.

АНУ-ын “JPMorgan” хөрөнгө оруулалтын банкны мэдэгдсэнээр, цар тахлаас өмнө баярын амралтаар жуулчдын хөлд дарагддаг байсан энэ улс 2023 оны эцэс гэхэд дефолт зарлах эрсдэлтэй байна.

БАНГЛАДЕШ

Бангладеш улсад тавдугаар сард инфляц сүүлийн 8 жилийн дээд хэмжээнд буюу 7,42%-д хүрчээ.

Гадаад валютын нөөц буурч байгаатай холбогдуулан чухал бус импортыг хязгаарлах, гадаадад амьдарч буй сая сая цагаач иргэндээ тавьдаг мөнгөн гуйвуулгын дүрэм журам, шаардлагыг зөөлрүүлэх, албан тушаалтнуудын гадаад томилолтыг багасгах зэрэг арга хэмжээнүүдийг тус улсын Засгийн газар авч байна.

“Бангладеш засгийн газрын зардлаа дахин эрэмбэлж, хэрэглэгчдэд хязгаарлалт тавихаас өөр аргагүйд хүрсэн” гэж зээлжих зэрэглэл тогтоодог “S&P” агентлагийн ахлах шинжээч Ким Энг Тан хэлжээ.

Хүнс болон түлш, эрчим хүчний үнийн өсөлт нь цар тахалд нэрвэгдсэн дэлхийн эдийн засагт заналхийлж байна.

Олон жилийн турш их хэмжээний зээл авсан хөгжиж буй улс орнууд одоо л өөрсдийн сул талаа олж харж, дэлхий дахинд нүүрлэж буй үнийн өсөлтийн шоконд илүү өртөмтгий байгаагаа мэдэрч байна.

Эх сурвалж: BBC, CNN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn