Дубайн хөгжлийн загвар

Удирдагчдын хүсэл, эрмэлзэл аугаа, морал өндөртэй байснаар ард түмнээсээ төдий хэмжээний тэвчээр, хатуужил, хөдөлмөрч байхыг шаардах нөхцөл бүрэлдэх ажээ.
Дубайн хөгжлийн загвар

Элсэн цөлд хэдэн тэмээтэй, түүнийхээ сүү, махаар хооллож явсан, хүн төрөлхтний түүхэнд ач холбогдол багатай оршин байсан арабчууд хэрхэн элсэн цөлийн гайхамшгийг бүтээв?

2013 оны байдлаар дэлхийн нийт краны 25% Дубайд ажиллаж байна гэж дэлхийн хэвлэл мэдээллээр шуугьж байлаа.

1990-ээд оны дунд үед нефть, байгалийн хийн нөөц нь барагдсан Дубай хотын Эмир 2020 он хүртэлх үндэсний хөгжлийн стратегиа боловсруулсан юм. Тэрээр хөгжлийн зураг төсөл, хөрөнгө оруулалтын сангуудыг дотоод, гадаад талуудын оролцоотой цогц хэлбэрээр үүсгэн байгуулж, 2001 онд 42 чиглэлийн дэлхийн тэргүүлэх мэдлэгийн кластерууд бүхий 72 мянган барилгыг нэг л өдрийн дотор нэгэн зэрэг элсэн цөлд эхлүүлэхээр зориглов.

Ийнхүү Дубай хүн төрөлхтний түүхэнд хөгжлийг “түлхүүр гардуулах” загвараар шийдвэрлэсэн анхдагч хот болохоос гадна хөгжлийг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр шийдэж болдгийг батлаад зогсохгүй МЕГА (олон төрлийн мэдлэг, аж үйлдвэрийн кластерийг нэгэн зэрэг хөгжүүлэх загвар) хөгжлийн загвар гэгчийг жинхэнэ утгаар нь бодит амьдралд бүтээж харуулсан.

“Түлхүүр гардуулах” загвар (Turnkey model) гэдэг нь хөгжлийн стратеги, зураг төслийн мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын иж бүрэн сан, бүтээн байгуулалтын инженерчлэлийн компани, менежментийн компани зэрэг тал талын үүрэг чиглэл бүхий багийг иж бүрнээр нь бүрдүүлж, 42 төрлийн мэдлэг, аж үйлдвэрийн кластеруудыг нэг дор бүтээн байгуулахыг хэлдэг ажээ. Ингэхдээ татваргүй, чөлөөт бүсийн статусыг 42 төрлийн кластерт хэрэгжүүлснээр дэлхийн хөрөнгө оруулагчид тус “татварын диваажинд” цуглахад хүргэсэн байна. Дубай хот өөрсдөөсөө бага хэмжээний хөрөнгө гаргаад л хөгжлийн асуудлаа шийдэх нь энэ.

Дубайн хөгжлийн эхэн үед авлигын хэрэг гарч байсан ч цаг тухай бүрд нь хатуу арга хэмжээ авч авлигаас ангид орон болсон туршлагатай.

Дубайн хөгжлийнхөө явцад баримталсан голлох зарчмууд
1. Дэлхийн хөрөнгө оруулагчид амжилтад хүрсэн үед л Дубай хөгжлийн диваажин болно.
2. Дубайн 42 төрлийн аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэх ажилд “оролцогчид” салбар салбартаа дэлхийн хөгжил дэвшлийн түүчээлэгчид байх.

Тухайлбал дэлхийн хамгийн нэр хүндтэй архитектур, барилга угсралт, ногоон хөгжил, зар сурталчилгаа ба олон нийтийн харилцаа, зөвлөх үйлчилгээний компаниуд, хөрөнгө оруулалтын банк болон сангууд тэр ч бүү хэл дэлхийд алдар цуутай эрдэмтэд, туршлагатай инженер, менежер, эмч сувилагчид зэрэг бүх салбарын түүчээлэгчдийг татан оролцуулж, бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцүүлсэн бөгөөд бүтээн байгуулалтын дараах үйлчилгээ болон менежментийг тогтвортой явуулах нөхцөлийг цогцоор хангаж өгчээ.

Дубай алсын хараа
Дубайн гайхамшгийг бүтээсэн Дубайн удирдагч Шейх Мухамедийн “Миний мөрөөдөл: Дэлхийн гайхамшгийг бүтээх уралдаан дахь сорилтууд” (My Vision: Challenges in the Race for Excellence) гэдэг номдоо “Үндэстний удирдагчийн хүсэл ямар агуу байна, ард түмний амьдрал тэр хэмжээгээр сайхан, харин удирдагч нь моралгүй бол улс орон, ард түмэнд доройтол ядуурал нүүрлэж байдаг” талаар бичжээ.

Удирдагчдын хүсэл, эрмэлзэл агуу, морал өндөртэй байснаар ард түмнээсээ төдий хэмжээний тэвчээр, хатуужил, хөдөлмөрч байхыг шаардах нөхцөл бүрэлдэх тухай тэрээр дахин дахин онцолсон байна. Шейх Мухамед тойрон хүрээлэгч нартаа “Үндэсний удирдагчид моралаа алдвал улс оронд хулгай дээрэм, завхрал, авлига зэрэг муу муухай бүхэн хүчээ авч, тамын тогооны үлгэр адил болдог хүн төрөлхтний түүхэн цаг үе дэх сургамжуудыг үргэлж санаж яв” хэмээн захисаар иржээ.

Тэрээр мөн Арабын бүх түвшний удирдагчдад авлигын эцсийн үр дүнд иргэдийн амьдрал там болж, амь нас баталгаагүй болдог харин авлига авсан эрх мэдэлтнүүд шоронгийн хадаас болж дуусахаас гадна түүхэнд үндэстнийхээ дайсан гэсэн мөнхийн нэр зүүж үлддэгийг анхааруулсан. Арабын хаврын хувьсгал ард түмний амьдралыг там болгосон нь удирдагчдын “үйлийн үр” гэж тэрээр дүгнэсэн байна.

Мэдлэгийн хотын талаар
1970-аад онд Английн колоничлолоос чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо олсон Арабын Нэгдсэн Эмират Улсад ерөнхий боловсролын сургууль ч байхгүй байжээ. Харин 2001 оноос “Мэдлэгийн Хотхон” нэртэй кластерыг хөгжүүлж, дэлхийн 70 гаруй их сургуулийн салбарыг өөрийн орондоо байгуулж чадсан. Арабын Эмиратын залуучууд дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших болсноор валютын нөөц гадагшаа урсах явдлыг зогсоож тэр ч бүү хэл дээд боловсролыг экспортолдог орон болтлоо хөгжиж, үндэсний валютынхаа нөөцийг нэмэгдүүлж чаджээ.

“Хуучин маягийн дунд давхарга баяртай” хөгжлийн стратеги
Дубай хөгжлийн стратегиа тодорхойлохдоо хөдөлмөрийн хүч цөөн шаардагддаг, өндөр орлоготой иргэдийн зах зээлийг сонгон аж үйлдвэрийн салбараа хөгжүүлсэн байна. XXI зуун бол мэдлэгийн, оюуны ширүүн өрсөлдөөнтэй үе болох учраас Дубайн иргэдийг оюуны чадвар өндөртэй, шинжлэх ухаанч, бүтээлч салбаруудад мэргэжил эзэмшиж, шинэ мэдлэг, шинэ зах зээлийг бүтээдэг, хурдтайгаар даяарчлагдаж буй дэлхийд дасан зохицох чадвар өндөртэй дунд давхарга болгон төлөвшүүлэх бодлого баримталжээ.

Түүнчлэн, тэдний зорилтот зах зээл нь орлого өндөртэй дэлхийн иргэд байсан учир Дубайн хөгжлийг дунд давхаргад зориулан төлөвлөөгүй аж. Дэлхийн түүчээ орон болох гэсэн амбицад тохирохгүй байсан учир тэр биз. Шейх Ал Мактум хэлэхдээ, Дубай дэлхийгээр дутахгүй, харин дэлхий Дубайгаар дутна гэсэн итгэл үнэмшлийг ард иргэдийнхээ ухамсар болгон төлөвшүүлэхийг зорьсон гэжээ.

Дубай хот хуучин ба шинэ гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд хуучин Дубай 45 км, шинэ Дубай 100 гаруй км үргэлжилнэ. Хотын нийт хүн амын 90% гадаадын иргэд байх ба тэдний 60%-ийг Энэтхэгчүүд эзэлдэг байна. Дубайн уугуул иргэд банкнаас 2,5%, гадаад иргэд 14–16%-ийн хүүтэй зээл авдаг. Түүгээр үл барам уугуул иргэдийн өрхийн өдөр тутмын хоол хүнс, орон сууц, ахуйн хэрэглээний зардлыг төр нь даадаг. Өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, амьд явахын төлөө биш харин дэлхийн манлайлагч байж амьдар гэсэн үндэсний хүсэл, төрийн бодлоготой байдаг учир дээрх халамжийн бодлогыг хэрэгжүүлдэг аж.

Лицензээр архи уудаг тухай
Дубайн удирдагчийн философид архи хэзээ ч хүн төрөлхтөнд хөгжил дэвшил авчирдаггүй гэсэн байна. Тиймээс ч Дубайд архи ууя гэвэл учир шалтгаанаа тоочиж, засгийн газарт хүртэл мэдүүлж, хэчнээн хэмжээний согтууруулах ундааг ямар шалтгаанаар хэрэглэх тухайгаа мэдэгдэн, засгийн газраас лиценз авч байж архи олгодог тусгай дэлгүүрт очиж, яагаад архи уух болсноо дахин тайлбарласны эцэст архи худалдан авдаг ажээ. Зөвшөөрлийн лицензгүйгээр Дубайн уугуул иргэн архи уусан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсэн хуулиар шийтгэгддэг байна.
Гадаадын иргэд 5–7 одтой зочид буудалд чөлөөтэй согтууруулах ундаа хэрэглэж болох ч нийтийн гудамж талбайд согтууруулах ундаа хэрэглэвэл эхний удаа 5 мянган ам.доллароор торгуулж, давтан үйлдвэл 10 мянган ам доллар, гурав дахь удаагаа согтуугаар цагдаад баригдвал энэ улсад зорчих эрхийг нь үүрд хасах арга хэмжээ авдаг юм байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn