
Тухайлбал, Украины дайн эхэлснээс хойш орос-хятадын хооронд үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх худалдааны хэмжээ огцом нэмэгдсэн бөгөөд рубль-юанийн арилжаа 12 дахин өсөж 25.9 тэрбум юань буюу 3.9 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээнд хүрчээ. ОХУ цаашид ч юань түлхүү нөөцөлж, юаниар худалдаа хийх хандлагатай байна.
Өрнөдийн хоригийн улмаас ОХУ дотоодын үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангахын тулд хятадаас шаардлагатай сэлбэг хэрэгслийг импортлохоос өөр аргагүй болсны дээр оросын экспортын гол зах зээл нь хятад болж хувирсан.
Үүнээс гадна Саудын Араб газрын тосны зарим төлбөрийг юаниар гүйцэтгэхээр төлөвлөж буй бол оросууд газрын тос, байгалийн хийн төлбөрийг рублиэр авна хэмээн шаардаж эхэлсэн. Мөн ОХУ-Энэтхэгийн хооронд рубль-рупигээр шууд худалдаа хийх боломжийг эрэлхийлж байгаа юм. Эдгээр нь Вашингтонтой сөргөлдөгч улс орнууд ам.доллароос ангид санхүүгийн бүтэц бий болгох боломжийг бодитой болгож байна.
Дэлхийн улс орнуудын төв банкны нөөцөд ам.долларын эзлэх хувь хэмжээ 59% болсон нь сүүлийн 25 жилийн доод үзүүлэлт бөгөөд энэ нь эдийн засгийн хоригт орсон тохиолдолд ОХУ-тай ижил нөхцөлд орж хохирол амсахаас сэргийлж, долларжилтын түвшнийг бууруулж буйг тодорхой харуулж байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg