ДЭМБ: Умард Солонгост Ковид-19-ийн шинэ хувилбарууд үүсэх эрсдэл нүүрлэлээ

Уг халдварт өвчний тархалтын талаар Пхеньян цаг тухайд нь албан ёсоор мэдээлээгүй явдал ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрэм журмын хүрээнд хүлээсэн хууль ёсны үүрэг хариуцлагаа илт зөрчсөн хэрэг гэж ДЭМБ үзэж байна.
ДЭМБ: Умард Солонгост Ковид-19-ийн шинэ хувилбарууд үүсэх эрсдэл нүүрлэлээ

Ковид-19 вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн дунд, тухайлбал Умард Солонгосын хүн амын дунд коронавирусийн тархалт өндөр байгаа нь энэ вирусийн шинэ хувилбарууд гарч ирэх өндөр эрсдэлийг бий болгож байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

Хэдийгээр тусгаарлагдсан улс боловч ДЭМБ-ын гишүүн Умард Солонгос Ковид-19 вирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдсэнийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дэлхий нийтэд зарласан. Хүн амаа вакцинжуулаагүй, эмнэлгийн дэд бүтэц тааруу улсад цар тахал дэгдсэн нь томоохон хямрал дэгдээнэ гэж мэргэжилтнүүд санаа зовниж байна.

Умард Солонгост коронавирус дэгдсэн талаарх асуултад ДЭМБ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Майк Райан хариулахдаа "Улс орнууд ашиглаж болох, одоо байгаа хэрэгслүүдээ ашиглахгүй байгаа нь мэдээжийн хэрэг санаа зовох асуудал. Вирус ямар ч хяналтгүйгээр дамжиж буй газарт шинэ хувилбарууд гарч ирэх эрсдэл хэзээд өндөр байдаг гэж ДЭМБ удаа дараа хэлсэн” гэжээ.

Мөн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэхдээ “Суурь өвчтэй, вакцинжуулалтад хамрагдаагүй, нөхцөл байдал тааруу хүн амын дунд вирус тархаж байгаад ихэд санаа зовниж байна” гэв.

Энэ халдварт өвчний тархалтын талаар Пхеньян цаг тухайд нь албан ёсоор мэдээлээгүй нь ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрэм журмын хүрээнд хүлээсэн хууль ёсны үүрэг хариуцлагаа илт зөрчсөн хэрэг гэж ДЭМБ үзэж байна.

Умард Солонгост коронавирус тархсантай холбогдуулан хэрхэн хариу арга хэмжээ авах гэж байгаа талаар асуухад Майк Райан “Бид туслахад бэлэн байна. Гэхдээ тусгаар тогтносон, бүрэн эрхт аливаа улсын асуудалд шууд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй” гэжээ.

Ковид-19 вирусийн тархалтын талаар мэдээлснээс хойш Умард Солонгост халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо 1.72 сая давж, 62 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn