ДЭМБ: Ковид-19 цар тахал дуусах болоогүй байна

Халдварын тохиолдлын тоо болон нас баралт буурч буй нь шинжилгээ авахаа бууруулсантай ихээхэн холбоотой гэж ДЭМБ үзэж байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус

Дэлхийн хэмжээнд бүртгэгдэж буй Ковид-19 вирусийн халдварын тохиолдол болон нас баралтын тоо буурч байгаа боловч энэ нь цар тахал дуусах дөхөж байна гэсэн үг биш гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мягмар гарагт мэдэгджээ.

Халдварын тохиолдлын тоо болон нас баралт буурч буй нь улс орнууд шинжилгээ авахаа багасгасантай ихээхэн холбоотой гэж ДЭМБ үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд коронавирусийн улмаас 15 мянган хүн нас барсан нь 2020 оны 3 дугаар сараас хойших нас баралтын хамгийн цөөн тохиолдол гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдлээ.

“Гэхдээ олон улс орон шинжилгээ авахаа багасгаж байгаа бөгөөд үүний улмаас ДЭМБ халдварын тархалт, хувьслын талаар хангалттай мэдээлэл авч чадахгүй байна. Тиймээс халдварын тоо, нас баралт буурч байна гэж санаа амарч болохгүй” гэж тэрээр хэлжээ.

Тэрээр цааш нь ярихдаа “Улс орнууд шинжилгээ авахаа зогсоосноор энэ вирус алга болохгүй. Вирус өнөө хэр нь тархаж, хувьсан өөрчлөгдөж, хүмүүсийг хөнөөсөөр байна” гэж хэлээд, улс орнуудад цар тахлын эсрэг хяналтаа сулруулахгүй байхыг уриалсан байна.

Мөн Ковид-19 цар тахлын дараах шинэ үе шат руу орох шийдвэрийг Европын Холбоо саяхан гаргасантай холбогдуулан ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан мэдэгдэл хийхдээ “Одоо энэ вирус болон түүний цаашдын хувьсан өөрчлөгдөх замд анхаарлаа хандуулахаа болих цаг биш. Бид цар тахлын байдлаас гараагүй байгаа нь бодит үнэн” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Xinhua

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn