Буча дахь гүйцэтгэх ажиллагаа

Цагдаа нар цогцсуудыг цуглуулсаар байгаа ч Бучагийн гудмаар цогцос хөглөрсөн хэвээр…
Буча дахь гүйцэтгэх ажиллагаа
@ Getty Images

300 гаруй хүний цогцсыг түр зуурын булшинд оршуулсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ. Мөрдөн байцаагчид дайны гэмт хэргийн нотлох баримтуудыг цуглуулж байх үед The ​​Economist сэтгүүл Оросын эзлэн түрэмгийлэх үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбоотой зарим мэдээлэлд тодруулга хийжээ.

4 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар хар уутанд хийсэн 30 гаруй цогцсыг оршуулалгүй үлдээсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө сэтгүүлчид гудамд 20 орчим иргэний цогцос хөглөрч үлдсэн талаар мэдээлж байсан юм. Оросын цэргийн бааз болгон ашиглаж байсан барилгачны хашааны хажууд 9 цогцос, өөр 2 цогцос нийслэл Киев хотын захын хоёр дүүрэг болох Ирпин болон Буча хотыг холбосон зам дээр хэвтэж байжээ. Бүгд толгой, цээж эсвэл хоёуланд нь бууны шархтай байлаа. Мөн хохирогчдын дунд хоёр нь гараа нуруундаа хүлүүлсэн хэсэг ч байв.

Цогцсуудын ялзарч муудсан үнэрээс үзэхэд аллага үйлдэгдээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд 3 дугаар сарын 31-нд Буча хотыг чөлөөлсөн Украины хүчин үйлдсэн гэх Оросын мэдэгдэл ийнхүү худал болж байна.

Цогцос дунд хотын оршуулгын албаны дарга Сергей Капличныгийн танил ч бас байжээ. Түүний найз Андрей Дворников жолоочоор ажилладаг байв. "Түүний хийсэн байж болох цорын ганц гэмт хэрэг нь Оросын ертөнц буюу Русский Мир-ийг хүлээн аваагүй явдал" гэж тэрээр нулимсаа тэвчин байж хэллээ.

Ноён Дворниковын эхнэр Юлия Труба нөхрөө цаазлуулсан тухай Фейсбүүкт нийтлэгдсэн зургаас олж мэджээ. "Би биеийн тамирын өмд, нуруун дээрх шивээсээр нь түүнийг таньсан" гэв. Энэ бол 4 дүгээр сарын 1-ний өдөр байлаа.

Тэрээр нөхөртэйгөө хамгийн сүүлд 4 долоон хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 5-ны өдөр холбоо барихад нөхөр нь түүнд "асуудалд орсон" хэмээн шивнэж байжээ. Шалган нэвтрүүлэх цэг дээр их буугаар галлах үед Оросууд бүслэлт үүсгэсэн бөгөөд тэр үеэр Дворников, шалган нэвтрүүлэх цэгийг удирдаж байсан долоон хүний хамт орон нутгийн нэгэн байшингийн подвалд хоргодож байхдаа баригджээ.

Тэдний нэг Ваня Скайба түүнээс хойш юу болсныг тайлбарлав. Бүслэлт хийсэн орой Оросын цэргүүд бүлгийг олж хамгаалах байрны хаалгыг цохив. "Тэд Донбасст тулалдаж байсан эсвэл цэрэгт алба хааж байсан хүн байна уу?" гэж асуусан. Бид "Үгүй. Бид барилгачид байсан" гэж хариулсан. Гэвч тэд биднийг Яблонская гудамжны 144-р бааз руу нүүлгэн шилжүүлж, хувцсаа тайлж, доошоо харан хэвтэхийг тушааж бидний утсыг аваад, биед маань ямар нэг шивээс, тэмдэглэгээ хайж байсан.

Тухайлбал биднээс үг унагахын тулд Оросууд залуусын нэгийг бусдынх нь өмнө хөнөөх тактик ашиглаж эхлээд Ивано Франкивск гэж намхан, нүдний шилтэй залуугийн амийг хороосон. Тэд төсөөлсөн үр дүнгээ авч чадсан. Тийнхүү үлдсэн залуусын нэг нь өөрийгөө Украины нутаг дэвсгэрийг хамгаалах хүчний гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Ноён Дворниковын хувьд 2015-2016 онд Донбасст тулалдаж байсан ч цэрэг байхаа хэдийн больсон байжээ. Гэвч тэрээр шүхэрчний шивээстэй байсан нь түүний өнгөрснийг илчилсэн юм.

Дээрх байцаалтын үеэр ноён Скайба болон бусад эрчүүдийг зодож, тамлаж байсан ба хэдхэн цагийн дараа тэднийг алах тушаал гаргасан гэдгийг тэрбээр бидэнтэй 4 дүгээр сарын 4-нд ярилцахдаа хэлэв. Цэргүүдийн зарим нь ази нүдтэй, хүчтэй аялгатай байсан тул тэднийг зүүн Сибирийн Буриадууд гэж тэрээр таамагласан аж.

Гүйцэтгэх тушаалыг ердийн Орос аялгаар ярьдаг хүн гаргажээ. Харин Буриадууд яах ёстойг асуухад Оросууд "Гүйцэтгэ, гэхдээ баазаас хол хийгээрэй" гэж хариулсан. Ингээд тэднийг барилгын хажууд аваачин бууджээ. Ноён Скайба суманд оногдсон ч, азаар үхлийн шарх аваагүй байна. Бетонон шалан дээр үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтэн байж амьд үлдсэн юм. Тэр ямар нэг дуу чимээ гарахаа больсон хойно хашаа давж, ойролцоох айлд нуугджээ. Дараа нь өөр ангийн Оросын цэргүүд түүнийг олсон ч гэрийн эзэн гэж итгээд аминд нь хүрэлгүй өнгөрөв.

Хачирхалтай нь тэдгээр цэргүүд түүнийг өмнөх залуус буудуулсан баазын зооринд байрлах тэсрэг бөмбөгөөс хоргодох газар руу буцаажээ. Цэргүүд тэднийг суллах хүртэл ноён Скайба арав гаруй эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хамт тэнд хэд хоног байрласан. Тэрбээр 3 дугаар сарын 9, 10-нд нээсэн хүмүүнлэгийн коридороор Киев рүү буцсан байна.

Бучагийн төв Энергетикив гудманд байрлах төв эмнэлгийн гадна хоол хүнс болон эм тарианы дараалалд зогсох настай эмэгтэй өнгөрсөн 5 долоо хоногийн турш үргэлжилсэн Оросын эзлэн түрэмгийллийн аймшигт ажиллагаанд харуусан, "Бид гартаа цагаан даавуу уяж байж л буудуулалгүй өнгөрч байв" хэмээн уйлна...

Эх сурвалж: The Economist

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn