Шанхайд Ковид-19 вирусээр нас барсан анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Энэ мэдэгдлээс өмнө Шанхай хотын нэг эмнэлэгт хэдэн арван өндөр настан нас барсан тухай мэдээлэл олон улсын эх сурвалжуудаар гарч байсан юм. Гэхдээ тэр хүмүүс ковид бус, суурь өвчний улмаас нас барсан гэж Хятадын албаны хүмүүс тайлбарлаж байв.
Шанхайд Ковид-19 вирусээр нас барсан анхны тохиолдлууд бүртгэгдлээ

3 дугаар сарын сүүлчээр хөл хорионд ороод буй Шанхай хотод коронавирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдлууд бүртгэгдсэн болохыг Хятад улс албан ёсоор мэдэгдлээ.

Шанхай хотын Эрүүл мэндийн хорооноос өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 89-91 насны, вакцин хийлгээгүй 3 хүн ням гарагт нас баржээ.

Тус хотын 60-аас дээш насны оршин суугчдын ердөө 38% нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа аж. Одоо хотын оршин суугчид ээлжит бүх нийтийн шинжилгээнд хамрагдаж буй бөгөөд оршин суугчдын дийлэнх нь дөрөв дэх долоо хоногтоо хөл хорионд байна.

Өнөөг хүртэл тус хотод ковидоор нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж Хятад улс мэдэгдсээр ирсэн нь эргэлзээ төрүүлж эхэллээ.

Тус улсын холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнөөдөр зарласан гурван тохиолдол мөн 2020 оны 3 дугаар сараас хойш Хятад улсын хэмжээнд бүртгэгдсэн ковидтой холбоотой анхны нас баралтын тохиолдлууд болж байна.

Энэ мэдэгдлийг хийхээс өмнө Шанхай хотын нэг эмнэлэгт л гэхэд хэдэн арван өндөр настан нас барсан тухай мэдээлэл олон улсын эх сурвалжуудаар гарч байсан бөгөөд тэр хүмүүс ковид бус, суурь өвчний улмаас нас барсан гэж Хятадын албаны хүмүүс тайлбарлаж байв.

Шанхай хотын Эрүүл мэндийн хорооноос гаргасан мэдэгдэлд “Аврах гэж чадах бүхнээ хийсэн боловч гурван хүн ням гарагт эмнэлэгт амьсгал хураалаа. Энэ гурван хүн бүгд суурь өвчтэй байсан” гэжээ.

Одоогоос гурван долоо хоногийн өмнө коронавирусийн Омикрон хувилбарын давлагаатай холбоотой 25 сая орчим хүн амтай Шанхай хотод хатуу хөл хорио тогтоосон билээ. Тус хотод шинжилгээний хариу нь эерэг гарсан хүн бүрийг хорио цээрийн төвүүд рүү илгээж байгаа аж.

Хөл хориотой холбоотойгоор сүүлийн үед Шанхай хотын олон оршин суугч нийгмийн сүлжээгээр дамжуулан гомдол мэдүүлж, хүнсний хангамжийг шүүмжилж байна.

Шанхайд өдөрт 20,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн танхим, сургууль зэрэг объектуудыг хөл хорионы төв, түр эмнэлэг болгон ашиглаж байна.

Зарим улс оронтой харьцуулахад Хятадад илэрч буй тохиолдлын тоо харьцангуй цөөн байгаа юм. Гэвч аливаа халдварын дэгдэлт, давлагааг дарж авахын тулд хатуу хөл хорио, түрэмгий хориг хязгаарлалт тогтоодог Хятадын “Ковид-Тэг” бодлогод коронавирусийн энэ удаагийн давлагаа томоохон сорилт болж байгаа аж.

Дэлхийн улс орнуудын дийлэнх нь энэ вирустэй зохицон амьдрах зарчим баримталж байхад Хятад улс энэ бодлогоороо бусад улс орноос ялгарч байна.

Гэхдээ тархах чадвар өндөр, харьцангуй хөнгөн шинж тэмдэг бүхий Омикрон хувилбарын давлагааны үед Хятад улс энэ бодлогоо урт хугацаанд тогтвортой барьж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn