Таобао хэрхэн eBay-г буулгаж авсан бэ?

Харвардын Бизнесийн их сургуулийн профессор Феликс Оберхолзержи нэгэн кейс судалгаандаа Таобао (Алибаба) өөрөөсөө том, давуу тал ихтэй өрсөлдөгч болох eBay-тэй хэрхэн, ямар стратегиар өрсөлдөж, эцэстээ өөрөө том тоглогч болсон сонирхолтой жишээг авч үзжээ. Энэ тухай тоймлон хүргэе.
Таобао хэрхэн eBay-г буулгаж авсан бэ?

Өнөөдөр Хятадын дотоодын цахим худалдааны зах зээл гэвэл хамгийн түрүүнд Таобао санаанд бууна. Монголчууд Таобаотай сайн танил болсон. Таобаогаас худалдан авалт хийхэд зуучилдаг, хувиараа тус сайтаас бараа авч борлуулдаг хүмүүс ч цөөнгүй бий.

Харин 2000-аад оны эхэн үед Хятадын цахим худалдааны салбарт Таобао бус АНУ-ын eBay давамгайлж байжээ. Тухайн үед Хятадын цахим худалдааны зах зээлд оръё гэвэл өнөөдөр АНУ-д цахим худалдааны салбарт Amazon-той өрсөлдөхтэй адил хүнд даваа хүлээж байсан гэсэн үг.

Харвардын Бизнесийн их сургуулийн профессор Феликс Оберхолзержийн хийсэн кэйс судалгаанд Таобао өөрөөсөө том, давуу тал ихтэй өрсөлдөгч болох еbay-тэй хэрхэн, ямар стратегиар өрсөлдөж, эцэстээ өөрөө том тоглогч болсон тухай сонирхолтой жишээг авч үзжээ.

Таобаогийн тухай

Хятадын онлайн худалдааны Таобао платформ нь Алибаба Группийн охин компани юм. Алибабагийн хувьд Хятадын дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргахад туслах зорилготой байгуулагдсан B2B платформын хувиар үйл ажиллагаагаа эхэлж байв.

Харин eBay хувь хүмүүс хоорондын худалдааг чиглэсэн бизнесийн загвартай байсан учир Алибаба eBay хоёр нэг хэсэг бие биедээ харшилдах юмгүй оршин тогтнож байжээ. Гэтэл удалгүй eBay зуучлагч болон дундын худалдаачдад платформоо хэрэглүүлэхийг зорих болсон нь Алибаба болон eBay-ийн хооронд тулаан өрнөхөд хүргэсэн юм.

Алибабагийн үүсгэн байгуулагч Жак Ма хэсэг нөхдийн хамт хэрэглэгчээс хэрэглэгчид хүрэх цахим худалдааны платформ байгуулахаар шийдсэн нь SARS цар тахлын үетэй таарсан юм. Тус ажлын хэсэг Жак Магийн Шанхай дах гэрт өөрсдийгөө түгжээд шууд л ханцуй шамлан ажилдаа оржээ. Нийт жижиглэн худалдааны зах зээлийн 85%-ийг эзэлдэг хүнд жингийн тоглогчтой хэрхэн өрсөлдөх вэ. Ямар стратеги баримтлах вэ?

Тэд eBay шууд чиглэдэггүй хэрэглэгчид, зах зээлийн өөр сегментийг онилсон нь эхний шийдэл байлаа.

1. Итгэлцэл үүсгэхийг урьтал болгов

Хятадын 2000-аад оны эхэн үеийн интернэт хэрэглээ, цахим худалдаа одоогийнхоос шал өөр дүр зурагтай байсан. Хүмүүс дөнгөж л интернэттэй танилцаж байлаа. Цахимаар юм худалдаж авахад хэр аюулгүй байдаг бол. Хувийн мэдээлэл алдагдвал яах вэ. Авсан бараа ирдэг байгаа. Ирэхгүй бол яах вэ. Эвдэрсэн бол яах вэ гээд туршиж үзчихмээр боловч сэтгэл шулуудаж чадахгүй хэрэглэгчид зовнино. Улмаар зайлсхийнэ.

Харин Таобао энэхүү зах зээл eBay-ийн хэрэглэгчдээс ч том, хүрч ажиллахад ч хялбар байж болохыг олж харжээ. Энэ зах зээлд хүрэхийн тулд нэн тэргүүнд тэдгээр хүмүүсийн интернэт, цахим худалдаанд итгэх итгэлийг бий болгох орчныг үүсгэхээр Таобао багийнхан ажиллаж эхэлжээ. Энэхүү ухаарал Таобаогийн Хятад дах бизнесийн мета стратеги болсон ба дараа дараагийн алхмууд эндээс эхлэлтэй.

Харин зах зээлийн 85%-ийг эзэлсэн еbay-ийн хувьд Алибабагийн стратегийг харах байтугай өрсөлдөгч гарч ирж буйг мэдээ ч үгүй байж ээ.

Таобао интернэт хэрэглэгч, цахим худалдаа сонирхогчдын санааг зовоодог асуудлуудыг шийдвэрлэх замаар тэдний цахим платформд итгэх итгэлийг нэмэгдүүлэх замыг сонгосон нь илүү найдвартай, хямд төлбөрийн системийг бий болгох боломжийг олгосон аж. Асуудлыг энэ талаас харж чадаагүй еbay хэдий нетворк эффект өндөр байсан ч эцэстээ Хятадын зах зээлээс гарахад хүрчээ.

2. Танил туршлага, танил мэдрэмж

Таобао цахим худалдааны вэбсайтаар зочилсон хүн бүр очиж дассан дэлгүүртээ зочилсонтой адил танил мэдрэмж тэдний вэбсайтаас аваасай хэмээн Таобаогийн инженерүүд боджээ. Тиймээс Таобао анхнаасаа хэрэглэгчдэдээ цоо шинэ цахим худалдаа гэсэн мэдрэмж бус интернэт орчин дотор ч гэсэн аюулгүй худалдаа наймаа хийх боломжтой шүү гэдгийг ойлгуулах нь чухал гэж үзсэн юм.

Ийм учраас вэбсайтын зохион байгуулалтаа их дэлгүүрийн зохион байгуулалттай төстэй байхаар загвартай хийсэн. Хэрэв онлайнаар худалдан авалт хийх нь өөрөө очоод авахаас илүү төвөгтэй байвал цаг мөнгөө үрэх хэрэг юун гэж бодох хүн олон байсантай холбоотой. Тухайн үед вэбсайтаар зочилсон хүмүүс хаана юу байгааг төвөггүй олж, танил газраа ирсэн мэт байсан нь Таобао зах зээлийн том тоглогч болох нэгэн фактор болжээ. Өнөөдөр олон хүний хувьд онлайн худалдан авалт хийх нь өглөө босоод шүдээ угаахтай адил хэвийн зүйл билээ.

3. Алипэй (Alipay)

Таобао системийн чухал нэг хэсэг нь Алипэй төлбөрийн систем юм. Интернэт худалдаа байтугай интернэт орчинд итгэх хүмүүс бага байгааг харгалзан үзэж, худалдан авагч бүтээгдэхүүнээ гар дээрээ авсан цагт л төлбөр борлуулагчийн дансанд ордог эскроу маягийн төлбөрийн загварыг Алибаба бүтээжээ.

Алипэй нь зөвхөн Таобао бус бусад цахим худалдааны, үйлчилгээний вэбсайтуудтай хоршиж ажиллах боломжтой ба цахим худалдааны зах зээл нийтээрээ хөгжихөд том түлхэц болсон тухай кейс судалгаанд онцолсон байна. еbay-д paypal байсан хэдий ч Таобаогийн хувьд Алипэй компанийн стратегитай маш сайн уялдаж, илүү их давуу талыг олгосон нь эцсийн үр дүнгээс харагдана.

Эх сурвалж: Harvard Business School

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn