Нүүрсний зах зээл “халж” байна

Орос-Украины дайнаас улбаатай эрчим хүчний хямрал дэлхийн зах зээл дээрх нүүрсний эрэлтийг улам бүр нэмэгдүүлж байна.
Нүүрсний зах зээл “халж” байна
© Bloomberg

Байгалийн хийн үнийн өсөлтийн улмаас Герман, Итали улсууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтын хүрээнд хаасан нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа буцааж нээхээр судалж буйгаа мэдэгдлээ.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхээр болсон бол Хятад улс мөн л хаагаад байсан нүүрсний уурхайнуудаа сэргээх шийдвэр гаргалаа. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ онд дотоодын нүүрсний олборлолтыг 300 сая тонноор нэмэгдүүлж, нүүрсний нөөцийг 620 сая тоннд хүргэх болсноо зарлав.

Ийнхүү уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай гоёмсог үгс, улс төрийн сүржин амлалтууд талаар болж байна. ОУ-ын Эрчим хүчний агентлагийн тооцоогоор 2021 онд нүүрсээр үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээ 9%-аар өссөн бөгөөд энэ онд нэмж 2%-аар өсөх, нүүрсний нийт хэрэглээ 8 тэрбум тоннд хүрэх прогноз гаргажээ. Өсөлт 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй аж.

Дэлхийн нүүрсний хэрэглээ (тэрбум тонноор)
Дэлхийн нүүрсний хэрэглээ (тэрбум тонноор)© Bloomberg

Энэ нь ноднин хуралдсан СОР26 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хурлын шийдвэрүүдтэй харшилдаж буй агаад улмаар 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг түвшинд хүргэх зорилтыг хэрэгжих боломжгүй болгохоор байна.

ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний дагуу тус улсын байгалийн хий, газрын тос, нүүрсний экспорт буурч, дэлхийн зах зээл дээр эрчим хүчний түүхий эдийн үнэ тасралтгүй өссөөр буй. Дээр нь нүүрсний томоохон экспортлогч Индонез улс дотоодод хомсдол нүүрлэхээс сэргийлэхийн тулд нүүрсний экспортын хэмжээг хязгаарласан.

© Bloomberg

Австралийн нүүрсний экспортын хүчин чадал, Энэтхэгийн нүүрсний олборлолтын хүчин чадал аль аль нь дээд цэгтээ тулжээ. ӨАБНУ-ын хувьд олборлолтын хэмжээгээ өсгөж байгаа ч тээвэр логистикийн хүндрэлийн улмаас өнгөрөгч онд 58.7 сая тонн нүүрс олборлосон нь сүүлийн 25 жилийн хамгийн доод үзүүлэлт болсон юм.

Дэлхийн эрчим хүчний хамгийн гол эх үүсвэр нүүрс хэвээр байгаа нь графикаас харагдана
Дэлхийн эрчим хүчний хамгийн гол эх үүсвэр нүүрс хэвээр байгаа нь графикаас харагдана© Bloomberg

Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр нүүрсний үнэ огцом өссөн хэдий ч нүүрс бусад малтмал түлш, шатах ашигт малтмалтай харьцуулахад эрчим хүчний хямд эх үүсвэр хэвээр байгаа тул цаашид ч эрэлт нэмэгдэх нь тодорхой байна. Тодруулбал, нүүрснээс 1 сая BTU (293 кВт/цаг) эрчим хүч гаргаж авах өртөг 15 ам.доллар бол газрын тосны хувьд энэ тоо 25, харин байгалийн хийн хувьд 35 ам.доллар болдог. Иймээс “бохир” хэмээн цоллох боловч дэлхийд нүүрснээс өөр сонголт одоохондоо алга даа.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn