QUAD-д барьсан Бээжингийн “бэлэг”

Өнгөрөгч 4 дүгээр сард Хятад улс, Соломоны арлуудын хооронд хоёр талын аюулгүй байдлын гэрээ байгуулагдсан нь QUAD эвслийн гишүүн орнууд болох АНУ, Австрали, Японы ашиг сонирхлыг хөндсөн үйл явдал болсон.
QUAD-д барьсан Бээжингийн “бэлэг”
© Getty Images

Тус гэрээгээр Австралийн эргээс ердөө 2,000 км-ын зайд хятадын цэрэг байрлах боломж нээгдсэн нь Канберрад аюулын харанга дэлдэж, улмаар эрх баригч нам сонгуульд ялагдахад голлох нөлөө үзүүлэв. Консерватив намын тэргүүн С.Моррисоны засгийн газрын авч хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг хатуу бодлого австраличуудын дургүйцлийг өдүүлж, намынх нь нэр хүндийг унагаад байсан хүндхэн үед Соломоны арлууд Канберрагаас давхар нүүр буруулсан нь сонгуулийн дүнг эргүүлсэн юм.

Соломоны арлуудын байршил
Соломоны арлуудын байршил

Хятадтай байгуулсан аюулгүй байдлын гэрээний дагуу Соломоны арлуудад дотоодын эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд хятадын хөрөнгө оруулалттай дэд бүтцийн байгууламжуудыг хамгаалах зорилгоор цэргээ илгээх эрхийг Бээжин олж авсан. Үүний хариуд Бээжин “Бүс ба зам” санаачилгын хүрээнд тус арал улсад хөрөнгө оруулж, хятадад нийлүүлэх экспортын бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх амлалт өгчээ.

Хэдийгээр Соломоны арлуудын Ерөнхий сайд М.Согаваре хятадууд цэргийн баазаа байгуулахгүй гэж мэдэгдсэн ч Хятадын ардын чөлөөлөх армийн байлдааны хөлөг онгоцнууд Соломоны арлуудаар дамжин өнгөрөх, эрэгт нь түр байрлах боломж нээгдэж буйг хүлээн зөвшөөрсөн. Үүний эсрэг АНУ, Австрали, Шинэ Зеландын өндөр албан тушаалтнууд Соломоны арлуудын нийслэл Хониара хотод ээлжлэн айлчилж, Хятадтай хийсэн тохиролцооноосоо буцахыг ятгасан ч амжилт олсонгүй.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын маршрут
Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын маршрут© The Australian

Тэгвэл Номхон далайн бүс нутаг дахь хятадын амбиц зөвхөн Соломоны арлуудаар хязгаарлагдахгүй гэх өрнөдийн болгоомжлол эдгээр өдрүүдэд батлагдаж байна. 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Номхон далайн арал улсуудаар айлчилж буй бөгөөд Фижи улсын нийслэл Сува хотноо Соломоны арлууд, Кирибати, Самао, Фижи, Тонга, Вануату, Папуа Шинэ Гвиней, Күүк арал, Ниуэ, Микронезын Холбооны Улсын төлөөллийг оролцуулсан дээд хэмжээний уулзалт зохион байгуулна.

Самао дахь айлчлал
Самао дахь айлчлал© France24
Соломоны арлууд дахь айлчлал
Соломоны арлууд дахь айлчлал© Вloomberg

Уулзалтын дараах хамтарсан мэдэгдлийн төсөлд Номхон далайн арал улсууд, Бээжингийн хооронд улс төр, эдийн засаг, батлах хамгаалах, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах, цаашид чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг тусгажээ. Мөн өрнөдийн хоригт орсон хятадын Huawei компани эдгээр арлуудын хооронд далай доогуурх шилэн кабель татах төсөл санаачлаад байгаа нь QUAD, AUKUS эвслийн орнуудын кибер аюулгүй байдалд заналхийлэх юм. Ийнхүү Хятадыг тогтоон барих чиглэлд Вашингтоны шинээр эмхэлж буй цэрэг-улс төр (AUKUS, QUAD), эдийн засгийн (Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн түншлэл) холбоодыг сөрөх алхмыг Бээжин эхлүүлж байна.

Фижи дэх айлчлал
Фижи дэх айлчлал© The Guardian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn