Хятад яагаад Тайванийг нэгтгэх гээд байдаг вэ? №3: Тайванийн байр суурь

Одоогийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн Тайванийг аль хэдийн тусгаар тогтносон улс бөгөөд БНХУ (Тайвань) болон БНХАУ (Хятад) хоёр бие биедээ захирагдах ёсгүй гэдэг байр суурьтай байдаг.
Хятад яагаад Тайванийг нэгтгэх гээд байдаг вэ? №3: Тайванийн байр суурь
@slon.pics

1949 оноос Бээжин, Тайпэй хоёр Хятадыг олон улсад төлөөлөх, зөвшөөрөгдөх тал дээр ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн бөгөөд Тайваний байр суурь энэ цаг хугацаанд өөрчлөгдөж иржээ. Чан Кайши болон түүний хүү, залгамжлагч Чан Чинг-куо хоёулаа “Нэг Хятад”-ын үзэл баримтлалыг тууштай баримталж, эх газрыг хэзээ нэгэн цагт “буцааж эзлэх” тухай мөрөөдөж байв. 1988 онд Чан Чинг-куог нас барсны дараа Ли Тэн-хүйгийн удирдлага дор ажиллаж байсан Гоминдан нам “Нэг Хятад”-ын бодлогыг үргэлжлүүлжээ. Улмаар 1990 онд байгуулагдсан Үндэсний эв нэгдлийн зөвлөл үндэсний нэгдлийн гурван үе шаттай үйл явцыг тодорхойлсон байна.

Тайвань 1990-ээд онд ардчилсан тогтолцоо руу амжилттай шилжиж, 1986 онд байгуулагдсан Тайваний тусгаар тогтнолын төлөөх Ардчилсан Дэвшилт нам 2000 онд, дараа нь дахин 2016 онд засгийн эрхэнд гарсан юм. Одоогийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн Тайванийг аль хэдийн тусгаар тогтносон улс бөгөөд БНХУ (Тайвань) болон БНХАУ (Хятад) хоёр бие биедээ захирагдах ёсгүй гэсэн байр суурь баримталдаг.

Одоо сөрөг хүчин байгаа Гоминдан нам Тайваний хоолойн нөгөө хэсгийг "Хятадын эх газар" эсвэл "Эх газрын Хятад" гэж нэрлэсээр байгаа бол Ардчилсан Дэвшилт нам БНХАУ-ыг "Хятад" эсвэл "нөгөө тал" гэж нэрлэсээр байгааг анхаарах нь чухал юм. Утга зүйн тал дээр ингэж маргах нь гаднын хүнд өчүүхэн зүйл мэт санагдаж болох ч Хятадын нөхцөл байдалд ийм эшлэл улс төрийн утга агуулдаг ажээ. Энгийнээр хэлбэл, Гоминдан нам БНХАУ-ыг БНХУ-ын үндсэн хуульд үндэслэн "Нэг Хятад"-ын нэг хэсэг гэж үздэг хэвээр байгаа бол Ардчилсан Дэвшилт нам Хятадыг хөрш, өөр улс гэж үздэг байна.

Нарийн авч үзвэл гурван үзэл баримтлалын урсгал Тайваньд байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, huádú буюу "Бүгд Найрамдах Хятад Улсын (Тайвань) тусгаар тогтнол" ба бие даасан байдал БНХУ-ын (Тайваний) үндсэн хуулиар илэрхийлэгддэг. Ерөнхийлөгч Цай Ин Вэний Ардчилсан Дэвшилт нам Тайваний одоогийн засгийн газрыг БНХАУ-аас тусгаар тогтносны нотолгоо хэмээн онцлон тэмдэглэж, олон жилийн турш энэхүү "статус квог" Тайванийн ард түмэн ойлгож байсан гэдэг санал дэвшүүлдэг байна. Үнэндээ Тайванийн оршин суугчдын дийлэнх нь одоо байгаа байдлыг буюу “статус-кво”-г хадгалахыг хүсдэг.

Тэгвэл Тайваний нийгмийн өөр нэг хэсэг нь “Тайваний тусгаар тогтнол” буюу táidú, taiwanguo “де юре” тусгаар тогтнолыг эрмэлзэж, Тайваний үндсэн хууль болон улсын албан ёсны нэрийг “Бүгд Найрамдах Тайвань Улс” болгон өөрчлөхийг дэмждэг байна. Тайванийг тусгаар улс гэж албан ёсоор зарлах нь "Нэг Хятад" зарчмаас ухрах учир Бээжин дээрх хоёр байр суурийг хоёрдмол утгагүй эрс эсэргүүцдэг ажээ.

Өнөөдрийг хүртэл Гоминдан нам "Нэг Хятад" зарчмыг баримталж байгаа боловч БНХАУ бол Хятадыг хууль ёсны төлөөлөх улс гэсэн Бээжингийн үзэлтэй маргаж байдаг. Хэдийгээр Гоминдан Тайваньд эрх мэдэлгүй сөрөг хүчин болсон ч тэдний олон дэмжигчид эх газартай нэгдэхийг дэмжсэн хэвээр байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам Тайвань гэсэн үндэсний өвөрмөц байдал, Тайвань улсаа гэх сэтгэл бий болж, цаашид хөгжих хандлагатай болж байна. 2021 оны Тайваний шинэ үндсэн хуулийн судалгааны төвөөс явуулсан санал асуулгаар Тайваньчуудын 89.9% нь өөрсдийгөө Тайвань үндэстэн, 4.6% нь Хятад үндэстэн, 1% нь хоёулаа гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 64.3% нь Тайванийг хамгаалахын тулд дайнд оролцох болно гэж хариулсан бол 12.7% нь оролцохгүй гэж хариулж, 7.4% нь энэ тал дээр ямар ч үзэл бодолгүй гэжээ.

Тайваний ирээдүйн талаар асуухад иргэдийн 50.1% нь "статус кво"-гоо хадгалахыг дэмжиж, 38.9% нь тусгаар тогтнолыг, 4.7% нь Хятадад нэгдэхийг дэмжжээ. Бусад орны талаарх тэдний төсөөллийн талаар асуухад Япон 83.9%-аар хамгийн эерэг байр суурьтай байсан бол АНУ 75.6%-аар удаалжээ. Үүний эсрэгээр, дийлэнх буюу 70.3% нь Хятад улсын талаар сөрөг байр суурьтай байгаа бол ердөө 16.4% нь эерэг байр суурьтай байна.

Ашигласан эх сурвалж: www.spiegel.de, www.reuters.com, www.thediplomat.com, www.uscc.gov, www.theatlantic.com, www.efsas.org

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn