Хятад яагаад Тайванийг нэгтгэх гээд байдаг вэ? №2. Учир шалтгаан

Хятадын эрх баригчдын зүгээс барууны орнууд Тайваньд зэвсэг нийлүүлж, ардчиллыг нь дэмжиж, тусгаар тогтноход нь нууцаар дэмжлэг үзүүлснээр Хятадын өсөлт хөгжилд саад болдог гэж үздэг юм. Үүгээр зогсохгүй Хятадыг доромжлоход хувь нэмэр оруулж буй түүхэн "буруу" үйлийг үргэлжлүүлж байгаа хэрэг гэдэг.
Хятад яагаад Тайванийг нэгтгэх гээд байдаг вэ? №2. Учир шалтгаан

Хятадын Тайванийг нэгтгэх хүсэл эрмэлзлийн цаад учир шалтгааныг дараах байдлаар тайлбарлах боломжтой.

1. Түүхэн шударга бус явдлыг засан залруулах хүсэл

Олон талаараа Тайвань бол Хятадын 1839 оноос 1949 он хүртэл үргэлжилсэн “зуун жилийн үндэсний доромжлолын” түүхэн дэх шийдэгдээгүй асуудлын үлдэгдэл гэж хятадын удирдагчид, элитүүд хардаг ажээ. Японы хуучин колони байсан бөгөөд АНУ-ын дэмжлэгтэй Гоминданы дэглэмийн эцсийн хоргодох газар байсны хувьд Тайвань бол гадаадын гүрнүүдийн нөлөө, хяналт дор байгаа Хятадын нутаг дэвсгэрийн цорын ганц үлдсэн хэсэг гэж Бээжин үздэг байна.

Хятадын эрх баригчдын зүгээс барууны орнууд Тайваньд зэвсэг нийлүүлж, ардчиллыг нь дэмжиж, тусгаар тогтноход нь нууцаар дэмжлэг үзүүлснээр Хятадын өсөлт хөгжилд саад болдог гэж үздэг юм. Үүгээр зогсохгүй Хятадыг доромжлоход хувь нэмэр оруулж буй түүхэн "буруу" үйлийг үргэлжлүүлж байгаа хэрэг гэдэг.

Иймээс тэд Тайванийг Хятадтай нэгдвэл “үндэсний доромжлолын” эрин зуун бүрэн дууслаа хэмээн тунхаглах биз ээ.

2. Хятадын Коммунист намын байр суурьт заналхийлж болзошгүй

Тайванийн асуудал Хятадын Коммунист намын (ХКН) нийгэмд зөвшөөрөгдөх хууль ёсны байдалд шууд нөлөөлдөг ба тус нам хэлэлцэх асуудлынхаа жагсаалтад Тайванийг маш өндөрт тавьдаг.

Хятадын удирдагчид Тайванийн асуудал дотоодын нийгэм, улс төрийн байдлыг хурцатгаж болзошгүй гэж байнга хэлдэг бөгөөд энэ нь Хятадыг удирдах коммунист намын "тэнгэрийн мандат" (Жоу гүрний 1046-256 МЭӨ үед үүссэн Хятадын эртний гүн ухааны үзэл баримтлал. Энэ бол Хятадын эзэн хаан захирах хангалттай ариун журамтай эсэхийг тодорхойлдог ойлголт юм. Хэрэв эзэн хаан үүргээ биелүүлээгүй бол мандатаа алдаж, эзэн хаан байх эрхгүй болно) хөндөгдөх магадлалтай.

Хэрэв ХКН улс орныхоо энх тайван, тогтвортой байдлыг хангаж чадахгүй бол 1919 оны 5 дугаар сарын 4-ний хөдөлгөөнтэй адил элитүүдийн дунд өргөн тархсан дургүйцэл үүснэ гэж эрх баригчид үздэг байна. Тайвань тусгаар тогтнолоо албан ёсоор зарлавал тэрс үзэлтнүүд болон улс төрийн идэвхтэй иргэдийн хувьд Коммунист намыг эсэргүүцэх шалтаг болж магадгүй бөгөөд Шинжаан, Өвөрмонгол, Төвд зэрэг салан тусгаарлах хандлагатай бусад мужуудад эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг өдөөж магадгүй юм.

3. Геостратеги, аюулгүй байдлын ач холбогдол

1950 онд Солонгосын хойгт дайн дэгдсэнээс эхэлж АНУ БНХАУ-ын нөлөөг хязгаарлах үүднээс гурван арлын гинжин хэлхээний стратегийг боловсруулсан бөгөөд нэгдүгээр арлын хэлхээ нь Японы архипелаг (бүлэг арлууд), Японы Рюкю арлууд, Тайвань, Филиппин, Индонезийн Борнео болон Суматра арлуудаас бүрддэг ажээ. Тайвань нь газар зүйн хувьд уг арлын хэлхээний яг төвд байдгаараа асар их ач холбогдолтой юм.

Ингэснээр БНХАУ-ын 14 мянган км урттай, хүн амын талаас илүү хувь нь амьдардаг, дэлхийд хамгийн томд тооцогдох Хонгконг, Шенжень, Нингбо, Шанхай, Чингдао, Тяньжин боомтыг улс төр, эдийн засгийн хувьд АНУ-ын нөлөөнд байдаг арлын улс орнууд бүрэн бүсэлсэн байрлалд орж далайн эргийн бүсийг хяналтдаа байлгаж чаддаг байна.

БНХАУ Тайванийг өөртөө нэгтгэснээр:

- АНУ-ын нэгдүгээр арлын хэлхээний гол зангилаа арлыг байхгүй болгох

- АНУ-ын стратегийн бүслэлтээс гарах

- Далайн эрэг дээрх гол төвүүд болон далайн худалдааны замуудын аюулгүй байдлыг хангах

- Өөрийн тэнгисийн цэргийн флотын усан онгоцнууд, шумбагч онгоцнуудыг харьцангуй чөлөөтэй, саадгүйгээр Номхон далайд гаргах гарцтай болох

- Тайвань арал дээр төрөл бүрийн пуужин суурилуулж, геополитикийн цоо шинэ тоглолтын суурийг тавих зэрэг ач холбогдолтой юм.

Иймээс Тайвань арал БНХАУ-ын цаашдын хөгжлийн, геостратегийн болон аюулгүй байдлын хувьд асар чухал байр суурь эзлээд байна.

4. Ардын чөлөөлөх армийн байр суурь

Хятадын Ардын Чөлөөлөх Арми нь улс төр, эдийн засгийн хүчтэй улс доторх улс юм. Хүйтэн дайн дуусаж Оростой харилцаа сайжирсны дараа Тайванийг нэгтгэх нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн гол зорилго болсон билээ.

Тайванийг тусгаар тогтнолоо тунхаглахад хүргэсэн буруу бодлогоос эсвэл улс төрийн болон цэргийн хувьд зохих хариу арга хэмжээ аваагүйгээс үүдэн "эх орноо нэгтгэх" үйл ажиллагаа мэдэгдэхүйц бүтэлгүйтсэн тохиолдолд Ардын Чөлөөлөх Арми иргэний удирдагчдыг шууд буруутгах ба Бээжинд улс төрийн хүсэл зориг дутагдаж байна гэж үзээд Коммунист нам доторх Армийн фракц засгийн эрхийг авч цэрэг дайны шийдэмгий алхмууд хийж болзошгүй.

Ши Жиньпин намын улс төрд ноёрхож байсан Ху Жинтаогийн Коммунист Залуучуудын Холбоо, Жиан Зэминийн Шанхайн бүлэглэл зэрэг үндсэн фракцын аль ч бүлэглэлд харьяалагдаж байгаагүй тул эдгээр фракцууд “харилцан буулт” хийсний үр дүнд “дундыг баримтлагч” гэдэг үүднээс түүнийг дээд удирдагчаар 2013 онд сонгосон байдаг. Нэгэнт Хятад улсын даргаар сонгогдсон Ши Жиньпин эрх мэдлээ тэлэхийн тулд цаг алдалгүй цэргийн хүмүүсээр томилгоо хийж нам дахь өөрийн байр суурийг бататгаж амжсан юм.

2021 онд Хятадын Үндэсний батлан ​​хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Коммунист намын дотор Ардын Чөлөөлөх Армийн нөлөө нэмэгдэж, улс орны гадаад харилцааг хүртэл цэргийнхэн мэдэх болжээ. Нэмэлт өөрчлөлтүүдээр Хятадын Төрийн зөвлөлийн (засгийн газрын) цэргийн бодлого боловсруулах үүргийг бууруулж, Коммунист намын Цэргийн зөвлөлд эрх мэдлийг шилжүүлснээр Ардын Чөлөөлөх Армийг дайчлахад Төрийн зөвлөл (засгийн газар) цаашид хяналт тавихааргүй болсон байна.

Цэргийн тусламжтайгаар Ши Жиньпин улс төрийн эрх мэдлийг хуримтлуулж, намынхаа хорин жил үргэлжилсэн зөвшилцөлд тулгуурласан тогтолцоог төгсгөл болгох, нэг хүний ​​засаглалаар сольж байна. Тиймээс Тайванийн асуудалд Ардын Чөлөөлөх Армийн байр суурь давамгайлах бөгөөд уг асуудлыг хүчээр шийдэх байр суурь хүчтэй байх төлөвтэй. 2017 оны намын их хурлын тайланд Ши Жиньпин 2049 оныг Тайвань Хятадтай дахин нэгдэх эцсийн хугацаа гэж заажээ.

Эх сурвалж: spiegel.de, reuters.com, thediplomat.com

uscc.gov, theatlantic.com, efsas.org

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn