Хятад яагаад Тайванийг нэгтгэх гээд байдаг вэ? №1. Тайванийн түүх, өнөөгийн байдал

1946-1955 онд Чан Кайши болон 2.2 сая эх газрын хятадууд коммунистуудаас зугтан Тайвань руу дүрвэсэн бөгөөд тэд хүн амын 20 хүрэхгүй хувийг эзэлдэг байсан ч Тайвань арлын улс төр, эдийн засгийн амьдралд удаан хугацаагаар ноёрхлоо тогтоосон юм. Тайвань руу зугтсан Гоминданы засгийн газар 1971 он хүртэл НҮБ-д Хятадыг төлөөлдөг байв.
@google
@google

Дэлхий нийтийн анхаарал Орос-Украины дайн эхэлсний дараа Хятад болон Тайвань руу хандах боллоо. Хятад Тайвань руу довтлох уу. Яагаад. Хэзээ. Тайванийг хэн хамгаалах вэ. Зэвсэгт мөргөлдөөн болбол хэрхэн өрнөх бол. Дайн гарвал үр дүн ямар байх вэ. Монгол Улс ямар байр суурь баримтлах вэ зэрэг асуултууд сонирхол татна. Эдгээр асуултыг цуврал нийтлэлээр авч үзэхийг зорив. Энд юуны өмнө Тайванийн түүх, өнөөгийн байдлын талаар өгүүлье.

XVI зуунаас Дэлхийн II дайны төгсгөл хүртэл Тайванийг Испани, Нидерланд, Хятад, Япон зэрэг улсууд ээлжлэн захирч байв. Дэлхийн II дайн дууссаны дараа Тайванийг Хятадын эрхшээлд АНУ болон Их Британи буцаасан билээ.

Гэвч Хятадад иргэний дайн гарч Бүгд Найрамдах Хятад Улсын Гоминдан намын удирдагч Чан Кайшийн цэргүүд Мао Зэдуны коммунистуудад ялагдсан юм. 1946 оноос 1955 он хүртэл тэрээр засгийн газар, гамин цэргүүд, Гоминдан намын гишүүд, дэмжигчид, бизнес эрхлэгчдээс бүрдсэн 2.2 сая эх газрын хятадуудын хамт коммунистуудаас зугтан Тайвань руу дүрвэсэн түүхтэй. Тэд хүн амын 20 хүрэхгүй хувийг эзэлдэг байсан ч Тайвань арлын улс төр, эдийн засгийн амьдралд удаан хугацаагаар ноёрхлоо тогтоожээ.

1949-1971 онуудад Тайвань дахь Бүгд Найрамдах Хятад Улс нь (БНХУ) НҮБ зэрэг олон улсын байгууллагуудад Хятадыг бүхэлд нь төлөөлсөн хэвээр байсан бол эх газрын Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) олон улсын тогтолцооны дийлэнх хэсэгт хүлээн зөвшөөрөгдөж, нэгдэн орж чадахгүй байв. Энэ хугацаанд Чан Кайши, Мао Зэдун нар дэлхий дээр зөвхөн "Нэг Хятад" байдаг гэдгийг хоёулаа онцлон тэмдэглэж, тус бүртээ өөрсдийн засгийн газраа Хятадын эх газар болон Тайвань арлаас бүрдсэн Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар гэж зарладаг байв. Гэтэл удалгүй 1971 оноос БНХАУ НҮБ-д Хятадыг төлөөлдөг болов.

1980-аад оны эхэн үеэс БНХАУ "нэг улс, хоёр систем" хэмээх засаглалын томьёоллыг гаргасан бөгөөд үүний дагуу Тайванийг БНХАУ-тай нэгдэхийг хүлээн зөвшөөрвөл өөртөө засах эрх олгоно гэсэн санал дэвшүүлж байв. 1987 оноос хойш Хятад Тайванийн хооронд энх тайвны эрин үе эхэлж, хоёр орны хооронд иргэдийн хийх айлчлал, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа эрчимжжээ.

2000 онд Ардчилсан Дэвшилт намаас Чен Шуйбиэн ерөнхийлөгчид сонгогдон Тайваньд 55 жил үргэлжилсэн Гоминданы засаглалыг зогсоосон анхны ерөнхийлөгч болсон юм. Тэрээр Тайванийн тусгаар тогтнолыг ерөнхийлөгчийн сэнтийд 8 жил байхдаа ил тод дэмжиж байсан бөгөөд түүний сонгогдсон үйл явдал тухайн үед Бээжинг түгшээснээс болж 2004 онд БНХАУ нь “Тайвань эх газраас салан тусгаарлахыг оролдвол Тайванийн эсрэг энх тайвны бус арга хэрэглэх эрхтэй” хэмээн тусгаар тогтнолын эсрэг хууль хүртэл баталжээ.

2016 онд тайваньчууд Ардчилсан Дэвшилт намын Цай Ин Вэнийг ерөнхийлөгчөөр сонгосон бөгөөд тэрээр Хятадаас Тайванийн тусгаар тогтносон одоогийн байдлыг хадгалах байр суурьтайгаа албан ёсоор зарласнаар БНХАУ ба Тайванийн харилцаа дахин хурцадсан. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайвань Хятадтай дахин нэгдэнэ гэж удаа дараа мэдэгдсэн хэдий ч Цай Ин Вэн сүүлийн үед Бээжингээс Хонконгийн эсрэг явуулж буй арга хэмжээг шүүмжилж “нэг улс, хоёр систем” ажиллахгүй гэдгийг онцлон Тайванийн одоогийн байгаа “де-факто” тусгаар тогтносон байдлыг бататгах тал дээр ажиллаж байна.

Ашигласан эх сурвалж: spiegel.de, reuters.com, thediplomat.com

uscc.gov, theatlantic.com, efsas.org

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn