“Авлигачдад” зориулсан визний хөтөлбөрийг цуцалжээ

Их Британийн Дотоод хэргийн яам хөрөнгө оруулагчдад зориулсан “Tier 1” визний хөтөлбөрийг гадаадын, түүний дотор оросын авлигач улстөрчид, түшмэд, тэдний гэр бүлийн гишүүд буруугаар ашиглаж байна гэх шүүмжлэлийн улмаас бүрмөсөн зогсоов.
“Авлигачдад” зориулсан визний хөтөлбөрийг цуцалжээ
© Bob Hackett

Уг визний хөтөлбөрийн дагуу 2 сая фунт стерлингээс доошгүй хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын иргэд тус улсад хүссэн хугацаагаараа оршин суух, ажиллах, суралцах боломж олгодог бөгөөд цаашлаад иргэншил хүсэх эрх нээгддэг байна.

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын улмаас гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд энэхүү хөтөлбөрийг санаачилсан бөгөөд 2008-2015 оны хооронд 3,000 гаруй өргөдөл хүлээн авсны дотор оросын 700 саятан багтсан байдаг. “Транспаренси Интернэйшнл” байгууллагын мэдээллээр 2015 онд л гэхэд хятад иргэд 1.15 тэрбум, оросын иргэд 729 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалтыг дээрх зорилгоор хийж байжээ.

© Sky News

Тэгвэл 2015-2021 оны хооронд 21 буюу түүнээс доош насны 46 хөрөнгө оруулагчид “Tier 1” ангиллын виз олгосон нь авлигын эсрэг тэмцдэг иргэний нийгмийн байгууллагуудын хараанд өртсөн байна. Улмаар 46 иргэний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил болгох, хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж, мөнгө угаах, авлигын гэмт хэрэгтэй холбоотой эсэхийг тогтоохыг шаардсан юм.

“Спотлайт” байгууллагын тайланд дурдсанаар хөтөлбөрийн хүрээнд 2008 оноос хойш нийт 6,312 хүнд виз олгосон агаад тэдний тэн хагас нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй буюу ямар нэг байдлаар “бохир мөнгө”-тэй холбогдсон байх магадлалтай гэж ангилагдсан байна.

Үүнээс гадна Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авсан зургаа дахь багц хориг арга хэмжээний хүрээнд оросын иргэдийг Европ Холбооны аль ч улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг хориглосон. Гэхдээ энэхүү хориг нь ЕХ-ны аль нэг улсын иргэншилтэй буюу байнга оршин суух зөвшөөрөлтэй орос иргэдэд үйлчлэхгүй юм.

Эх сурвалж: Bloomberg, The Guardian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn