АНУ: Хүйтэн дайны хуулиар Хятадын хамаарлыг бууруулна

Цагаан ордон 1950 онд Ерөнхийлөгч Х.Труманы үед баталсан Батлан хамгаалах стратегийн бүтээгдэхүүний тухай хуулийг ашиглан цахилгаан автомашины батарей, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж зэргийг үйлдвэрлэхэд шаардагддаг түүхий эдийн хангалтад төсвийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
АНУ: Хүйтэн дайны хуулиар Хятадын хамаарлыг бууруулна
© Bloomberg

Ингэснээр лити, никель, кобальт, графит, манган зэрэг эрдэс, металыг батлан хамгаалахын стратегийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулж, тэдгээрийг олборлогч дотоодын ААН-үүдэд засгийн газраас 750 сая ам.долларын татаас олгох аж. Энэхүү дэмжлэгийн үр дүнд түүхий эдийн хувьд Хятадаас хэт хамааралтай байдлыг бууруулж, америкийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирна хэмээн тооцжээ.

Солонгосын дайны үед уг хуулийн зохицуулалтын дагуу Ерөнхийлөгч Х.Труман ганг стратегийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулж, төмрийн хүдрийн уурхай, ган хайлуулах үйлдвэрүүдийг төрөөс дэмжиж байсан түүхтэй. Сүүлд Ерөнхийлөгч Д.Трамп цар тахлын нөхцөл байдлыг харгалзан амны хаалт (маск)-ыг хэсэг хугацаанд тус жагсаалтад оруулсан байдаг.

АНУ-ын Сенатын Эрчим хүчний хороо Ерөнхийлөгч Ж.Байдены дээрх шийдвэрийг талархан хүлээн авсан бөгөөд орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын эсэргүүцлийн улмаас гацаанд ороод буй Виржиния, Баруун Виржиния мужийн хооронд тавих байгалийн хийн хоолойн төслийг Батлан хамгаалах стратегийн бүтээгдэхүүний тухай хуулийн зохицуулалтыг ашиглан эхлүүлэхийг мөн санал болгожээ.

Стратегийн бүтээгдэхүүний жагсаалтад нэмэлт оруулсан Цагаан ордны шийдвэрийг энвайронменталистууд, ногоонтнууд эсэргүүцэх нь илэрхий. Гэвч Европын ногоонтнууд Европ тивийг бүхэлд нь оросын эрчим хүчний хамааралд оруулсан алдааг давтах шаардлагагүй гэж үзэх прагматик хандлага ч хүчтэй байна.

Түүнчлэн европын ногоонтнууд, ногоон намуудыг Кремлийн даалгавраар оросын тусгай албад урт хугацаанд санхүүжүүлж ирсэн гэх сэжиг таамаг улам нэмэгдэж байгаа бөгөөд ногоон бодлогын улмаас эдийн засгийн өсөлт удааширдаг болохыг баталсан статистик судалгаанууд ч гарч байгаа билээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn