Байдены богцыг задлахуй

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены Өмнөд Солонгос, Япон улсуудад хийж буй айлчлалын анхаарал татах үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Байдены богцыг задлахуй
© Bloomberg

Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн түншлэл (ЭНДЭЗТ) байгуулав

ЭНДЭЗТ-ийн анхны уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фумио, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Австралийн шинэ Ерөнхий сайд Э.Албанез нар биечлэн, бусад 9 улсын төлөөлөгчид онлайнаар оролцов. Токио хот
ЭНДЭЗТ-ийн анхны уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фумио, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Австралийн шинэ Ерөнхий сайд Э.Албанез нар биечлэн, бусад 9 улсын төлөөлөгчид онлайнаар оролцов. Токио хот© Bloomberg

QUAD эвслийн удирдагчид болох АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фумио, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Австралийн шинэ Ерөнхий сайд Э.Албанез нар Токио хотноо биечлэн уулзах үеэр Ерөнхийлөгч Ж.Байден бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ бүтэц байгуулагдаж буйг албан ёсоор зарлалаа. ЭНДЭЗТ-д QUAD эвслийн дөрвөн орон болон Бруней, Вьетнам, Индонез, Малайз, Өмнөд Солонгос, Филиппин, Сингапур, Тайланд, Шинэ Зеланд улсууд багтаж буй бөгөөд дэлхийн эдийн засгийн 41%-ийг (34.7 их наяд ам.доллар) бүрдүүлэгч хүчирхэг бүтэц ийнхүү бий болж байна.

Шар өнгөөр ЭНДЭЗТ-ийн гишүүн орнууд
Шар өнгөөр ЭНДЭЗТ-ийн гишүүн орнууд

АНУ, Япон болон Өмнөд Солонгостой сансрын технологи, хагас дамжуулагч, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэг өндөр технологийн салбарт хамтарна. Тодруулбал, Вашингтоны боловсруулсан сар, Ангараг гарагийг эзэмших “Артемис” хөтөлбөрийн хүрээнд америк-японы хамтарсан сансрын нислэг үйлдэж, анхны япон сансрын нисгэгчийг саран дээр хөл тавиулахаар талууд тохиролцов. Мөн судалгаа шинжилгээний зориулалттай сансрын робот төхөөрөмжүүдийг хамтран хөгжүүлнэ.

Өмнөд Солонгосын Samsung компани 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Техас мужид хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна. Одоогоор тус компани дэлхийн хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн 20%-ийг хангаж байна. Тэгвэл Hyundai Motor компани Жиоржиа мужид 5.5 тэрбум ам.доллароор цахилгаан автомашины үйлдвэр байгуулахаар болсныг Ж.Байдены айлчлалын үеэр зарлав.

Ж.Байден Умард Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Сөүл хотноо БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёольтой хийсэн уулзалтынхаа дараа Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Ямарваа урьдчилсан нөхцөл, болзолгүйгээр уулзах Цагаан ордны саналыг Пёньян няцаасаар байгаа юм.

© Bloomberg

АНУ нь цөмийн болон ердийн зэвсэг ашиглан, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар Өмнөд Солонгосыг гаднын аливаа халдлагаас хамгаалахаа дахин нотолж, Пёньяны заналхийллийн эсрэг Вашингтон-Сөүлийн хамтарсан цэргийн сургуулийн цар хүрээг өргөтгөхөөр тохиролцсон тухай хоёр орны удирдагчид мөн мэдэгдсэн. Ж.Байден умардын өдөөн хатгасан ямар ч үйлдэлд Вашингтон зохих хариу үзүүлэхэд бэлэн байгааг сануулжээ.

АНУ Тайванийг зэвсгийн хүчээр хамгаална

© Bloomberg

Ерөнхийлөгч Ж.Байден Японы Ерөнхий сайд Кишида Фумиотой хамтарсан мэдэгдэл хийх үеэр “Бээжин Тайвань руу довтолбол АНУ цэрэг хөдөлгөх үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм ээ. Бид тийм үүрэг амлалт хүлээсэн” гээд “Хэрэв Бээжин Тайванийг цэргийн хүчээр эзлэхийг оролдвол ОХУ-ын Украинд амсаж буйтай ижил үр дагавартай тулгарах болно. Бид “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж ирсэн. Бидний тэрхүү байр суурь одоо ч хэвээрээ байгаа. Гэхдээ энэ нь Бээжинд Тайванийг цэргийн хүчээр эзлэх эрх олгохгүй. Тайваний одоогийн статусквог хүчээр өөрчлөхийг АНУ зөвшөөрөхгүй. Үүний эсрэг бид Япон болон бусад холбоотнуудынхаа хамтаар хатуу зогсох болно” гэсэн юм.

Эх сурвалж: Bloomberg,

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn