Бээжингийн оршин суугчдыг ковид-19-ийн бүх нийтийн шинжилгээнд хамруулж эхэллээ

Шинжилгээний дүнгээс хамааран цар тахлын эсрэг хариу арга хэмжээг цаашид эрчимжүүлэх, тухайлбал хөл хорих эсэхийг шийдэх ажээ.
Бээжингийн оршин суугчдыг ковид-19-ийн бүх нийтийн шинжилгээнд хамруулж эхэллээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ковид-19 вирусийн халдварын тохиолдол нэмэгдэх болсноор тус хотын хэдэн сая оршин суугчийг шинжилгээнд хамруулж эхэллээ.

Бээжингийн Чаоян дүүрэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд 26 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын сүүлийн давлагаа эхэлснээс хойш тус хотод бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Хүнсний нөөц хангалттай бий гэж тус улсын засгийн газар мэдэгдсэн боловч тус хотын оршин суугчид супермаркет болон дэлгүүрийн гадна олноороо дугаарлан зогсох болжээ. Шанхай хотын 25 сая орчим оршин суугч хэдэн долоо хоногийн турш хөл хорионд буй бөгөөд үүнтэй ижил нөхцөл байдалд орж болзошгүй гэж Бээжингийн оршин суугчид эмээж байна.

“Бүх махыг хуу хамсан”

Бээжингийн хамгийн том дүүрэг болох Чаояны 3.5 сая орчим оршин суугчийг өнөөдрөөс эхлэн гурван үе шат бүхий бүх нийтийн шинжилгээнд хамруулах аж.

Супермаркетуудын лангуу хоосорч, кассанд бараа бүтээгдэхүүн бичүүлэх гэсэн хүмүүс олноороо бөөгнөрч буйг харуулсан зургууд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарснаар оршин суугчид олноороо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ нөөцлөх гэж хошуурах болжээ. Эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Бээжингийн томоохон супермаркетууд ажиллах цагаа уртасгаж байна.

“Би өглөө эрт зах явна ч гэж төсөөлж байсангүй. Намайг тэнд очиход бүх өндөг, сам хорхой алга болж, бүх махыг хуу хамцгаасан байсан. Жаахан хүнсний ногоо л олж авлаа” гэж Шанхай хотын нэгэн хэрэглэгч “Вэйбо” нийгмийн сүлжээнд бичжээ.

Шанхайн өөр нэг оршин суугч “Бээжингийн оршин суугчид хүнс худалдаж авахаар хошуурч байгааг харах нь инээдтэй бас гунигтай санагдаж байна. Өнгөрсөн сард яаж байсан минь нүдний өмнүүр харагдах шиг” гэжээ.

Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Бээжингийн шинэ хүнсний бүтээгдэхүүний компаниудад мах, өндөг болон хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг төр засгаас нь үүрэг болгожээ.

Бүх нийтийн шинжилгээний дүн цаашид хэд хэдэн бүсэд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх, тухайлбал хөл хорих шаардлагатай эсэхийг шийдэхэд нөлөөлөх ажээ.

Бээжингийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн дэд захирал Пан Синхуогийн мэдэгдсэнээр Бээжинд ойрын өдрүүдэд халдварын тохиолдлын тоо улам нэмэгдэх төлөвтэй байна.

3 дугаар сард Шанхайд ковид-19 вирусийн тархалтын давлагаа эхэлснээс хойш тус хотод нийт 400 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 51 хүн нас бараад байгаа юм.

Шанхайд халдвартай хүмүүс гарч явахаас урьдчилан сэргийлэхийн тулд дохиолол бүхий цахилгаан хаалга байрлуулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийхийн тулд хүмүүсийг гэрээс нь албадан нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Хөл хорионд буй Шанхайн зарим оршин суугчийн хэлснээр, тэд өөрсдөө гарч хүнс авах боломжгүй байгаа бөгөөд төр засгаас хүнсний ногоо, мах болон өндөг буулгахыг хүлээхээс өөр аргагүй нөхцөлд байгаа ажээ.

Түүнчлэн оршин суугчдыг гэрээс нь гаргахгүйн тулд Шанхайн зарим хэсэгт айлуудын хаалгыг таглан шөнийн цагаар төмөр хашлага босгож буй юм.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn